“Эрдэнэс Тавантолгой” ирэх оноос ногдол ашиг тараана

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнгөрсөн баасан гаригт болов. Тус хурлаар компанийн өнгөрсөн оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн баталлаа. “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг сэргээж, баруун уурхайн ажлыг тогтвортой үргэлжлүүлсэн. Үүний дүнд “Чалко”-д төлөх өрийн хэмжээг багасгасан. Тиймээс компанийн ТУЗ өнгөрсөн оны ажилд хангалттай дүн тавилаа. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг 2009 онд нээлттэй худалдахад үндэсний 533 аж ахуйн нэгж 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Гэвч одоо хүртэл нэг ч төгрөгийн ногдол ашиг тараагаагүй бөгөөд энэ мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх мэдээлэл байхгүй гэдгийг хувьцаа эзэмшигчид хэлж байв. Мөн тус компани өнгөрсөн онд 198 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ нь ханшийн зөрүү болон ам.долларын өсөлтөөс шалтгаалсан хэмээн тайланд тусгасан байна. Тиймээс ТУЗ энэ онд ногдол ашиг тараахгүй гэсэн шийдвэр гаргасан аж. Хурлын үеэр хуульч Б.Баяр “Компанийн статусыг цаашид тодорхой болгох хэрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани хэрнээ нээлттэй, эсвэл хаалттай юу гэдэг нь тодорхойгүй байна” гэв. Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар “Ирэх онд хувьцаагаа олон нийтэд арилжиж, хөрөнгө босгоно гэж байгаа. Гэвч компанийн засаглалаа сайжруулахгүй бол үйл ажиллагаа дээрдэхгүй” хэмээн саналаа хэлсэн байна. Ямартай ч тус компанийн удирдлага энэ онд бус, ирэх жилээс ногдол ашиг тараана гэдгээ амлалаа. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)