“Эрдэнэс Монгол”-ынхон Австралийн технологийн компаниудад танилцуулга хийжээ

“Mongolia мining-2017” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт өчигдөр оролцов. Уул уурхайн салбартаа томоохонд тооцогддог тус үзэсгэлэн, арга хэмжээг “Эрдэнэс Монгол” компани гурав дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ удаад толгой болон охин компаниудынхаа үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдлыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой үзэсгэлэнд оролцож буй гэнэ.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, нийгэм, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, харилцан ашигтай хөрөнгө оруулалт болон томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах байр сууриа илэрхийлсэн нь хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчныг бүрдүүлж, урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах бодит боломжийг бүрдүүлээд байна” гэжээ.

Мөн тэрбээр “Улс орны эдийн засгийн хөгжлийн нэн хариуцлагатай үед “Эрдэнэс Монгол” үндэсний хөрөнгө оруулалтын компанийн хэмжээнд та бүхэнтэй харилцан ойлголцсон, итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчилж байна” хэмээсэн байна. “Мon­golia мining-2017” үзэсгэлэнгийн үеэр “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын удирдлагууд Австралийн уул уурхайн технологийн компаниудын төлөөллийг хүлээн авч, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар танилцуулга хийж, хамтран ажиллах санал солилцжээ.

Ирэх баасан гариг хүртэл үргэлжлэх “Мon­golia мining-2017” олон улсын үзэсгэлэнгээс дэлхийн техникийн хөгжлийн чиг хандлага, уул уурхайн салбарын сүүлийн үеийн дэвшилт технологитой танилцах боломжтой аж. Тус үзэсгэлэнд 16 орны 130 орчим компани оролцож байна. Үзэсгэлэнгийн үеэр “Эрдэнэс Монгол” болон “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо” зэрэг компани хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, худалдан авалтын журмынхаа талаар танилцуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)