“Эрдэнэс Монгол” компанид “Багануур”-ыг шилжүүлэх бүртгэлийг хийж дуусжээ

“Эрдэнэс Монгол” компани Багануур

“Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн харьяанд эрчим хүчний нүүрс үйлдвэрлэгч “Багануур”, “Шивээ-Овоо” компани байдаг. Төвийн болон аймаг, орон нутгийн ДЦС-уудад нүүрс нийлүүлдэг эдгээр уурхайн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ очиж ажиллалаа. Түүнтэй хамт Эрчим хүчний яамны Дулааны хэлтсийн дарга Т.Батдондог, “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяр, Ц.Батсайхан, “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг нар ажилласан юм.

Олон жил маргаан дагуулсан, “Багануур” компанийн лицензийг бусдад хууль бусаар шилжүүлсэн, эсэх тухай маргааныг эцэслэн шийдэж, төрд буцааж авах болсонтой холбогдуулж “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэх бүртгэлийн ажлыг энэ удаа хийж дуусгажээ.

Сүүлийн жилүүдэд “Багануур”, “Шивээ-Овоо” компани цахилгаан станцуудаас авах авлага, ханган нийлүүлэгч, зээлдэгч нарт өгөх өрийн асуудал үүсээд байсан. Урт болон богино хугацаанд үүссэн өр, авлагын асуудлыг холбогдох байгууллагууд өөрсдийн боломжоор шийдвэрлэж ирсэн ч Засгийн газар, УИХ-ын түвшинд зайлшгүй анхаарах хэрэгтэйг удирдлага нь тайлбарлаж байв.

Багануурын уурхайн тухайд техник, технологийн шинэчлэл, хөрс хуулалт, түлш, тэсэлгээтэй холбоотой зардлаас гадна нэг тонн нүүрс олборлолтын өртөг 34 969 төгрөг байгаа хэрнээ цахилгаан станцуудад 31 500-гаар борлуулж, алдагдал хүлээж буй аж. Ингэж борлуулсан мөнгөө ч авч чадахгүй, өр, авлага хуримтлагддаг талаар “Багануур” компанийн тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал тайлбарлалаа. Өвөлжилтийн бэлтгэл нь 88 хувьтай бөгөөд үлдсэн хугацаанд хийх ажилд багагүй хөрөнгө шаардлагатай байгааг ч дуулгасан.

“Шивээ-Овоо” ХК-ийн хувьд мөн л ДЦС-уудад нийлүүлсэн нүүрсний төлбөрөө цаг хугацаанд нь авч чаддаггүй, жил бүр хүндрэл үүсдэг байна. Одоогоор найман тэрбум төгрөгийн авлагатай бол 124 тэрбумын өр, төлбөртэй байгаа аж. Үүний 82.2 тэрбум нь урт хугацаанд үүссэн бол 41.8 тэрбум нь богино хугацаат өр төлбөр гэнэ. Мөн л олборлолтын өртгөөсөө доогуур үнээр ДЦС-уудад нүүрс нийлүүлдгийг уурхайн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин танилцуулсан. Тухайлбал, нэг тонн нүүрсний бодит өртөг 32 550 төгрөг бөгөөд долдугаар сарын 9-нөөс борлуулалтын үнийг тонн тутамд 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 29 060 болгосон байна. 

Гэсэн ч тонн тутамд 3490 төгрөгийн алдагдалтай ажиллаж буй агаад үүнээс болж хоногт 20 гаруй сая төгрөгийн алдагдал хүлээж байгаагаа учирласан. “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-тай холбоотой цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд холбогдох яам, агентлаг, байгууллагуудын удирдлагыг багтаасан ажлын хэсгийг яаралтай байгуулж, энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга илэрхийллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)