“Эрдэнэс”-ийн салбарын унаж, боссон түүх

Монголд уул уурхайн салбар хөгжөөд 100 гаруй жилийн нүүр үзэж байна. Хөгжлийн явцад уул уурхайн салбар манай орны дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувийг бүрдүүлдэг, эдийн засгийн гол салбар болжээ. Манай улс хөдөө аж ахуйн орон байсан бол өдгөө уул уурхай давамгайлсан эдийн засгийн бүтэцтэй болсон. Уул уурхайн салбар төсвийн орлогын мөн 25 хувийг төвлөрүүлдэг, гадаадын хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг татдаг гэхээр эдийн засагт чухал нөлөөтэй болсон нь эрхгүй ойлгогдоно. Уул уурхайн салбарыг зохицуулах эрх зүйн баримт бичгүүдийг төр, засаг баталсан он цагийн хэлхээсээр хөгжлийнх нь унаж, боссон түүхийг харуулав.

1914

Богдын Засгийн газар Алт, мөнгөний зэрэг зүйлийн уурхай нээн, шийтгэх журам баталжээ. Монгол Улсад уурхайн олборлолт анх удаа эрх зүйн хэм хэмжээний дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь энэ. Уул уурхайн салбарын хөгжил энэ үеэс эхэлсэн гэж судлаачид үздэг. Байгалийн баялгийг амьдрал ахуйдаа ашиглаж эхэлснийг тооцвол уул уурхайн олборлолт МЭӨ үеэс эхтэй гэж үзэх үндэстэй. Гадаадынхан XVII-XIX зуунд манайхаас алт, мөнгө, үнэт чулуу олборлож байсан баримт бий. 1900-гаад оны үед хятадууд Налайхын уурхайг ашиглаж эхэлснээс гадна “Монголор” нэгдэл байгуулан, Түшээт хан, Цэцэн хан аймгийн нутгаас алт олборлох концессын гэрээг байгуулсан байдаг. Тус нэгдэл одоогийн Сэлэнгэ аймгийн нутгаас 15 тонн алт олборлосон талаарх баримт бий.

1923

Ардын засагт Монгол Улсын уурхайн дүрмийг баталжээ. Ардын Засгийн газрын тогтоолоор 1922 оны есдүгээр сарын 1-ний дотор “Монголор” алтны уурхайг нийгэмчлэх шийдвэр гаргасан түүхтэй. Мөн тухайн оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор Налайхын нүүрсний уурхайг нийгэмчлэх шийдвэр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн мэдэлд алт болон нүүрсний уурхай ажиллаж, түүнийг нь дээрх дүрмээр зохицуулж эхэлсэн гэсэн үг.

1988

Газрын хэвлийн тухай хуулийг энэ онд батлав. Манай орны уул уурхайн салбар 1930-1988 он хүртэл ямар нэг эрх зүйн зохицуулалтгүй хөгжиж ирсэн гэхэд болно. Гэхдээ энэ үед Монгол Улсын уул уурхайн хөгжлийн суурь тавигдсан гэдгийг онцлууштай. Социализмын үед уул уурхайн салбар Зөвлөлт Холбоот Улс болон Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн нөлөөний бодлогын дагуу хөгжжээ. Тухайн үед ЗХУ болон ЭЗХТЗ-ийн орнуудад ямар ашигт малтмал хэрэгцээтэй байна, түүнийг нь олборлох чиглэлд Монголд уурхай хөгжүүлж байсныг баримтаас харж болно. Манай улс Алт олборлох артель, Уурхай ба ашигт малтмалын трестийг 1939 онд байгуулжээ. Трест байгуулснаар Монголд геологи, хайгуулын албаны суурь тавигдсан гэж үздэг. Дараа нь буюу 1940-өөд онд ЗХУ-ын Металлын үйлдвэрлэлийн яамны дөрөвдүгээр тусгай экспедиц Монголд ирсэн аж. Улмаар Чоно голын болон Түмэнцогт, Бүрэнцогтын гянтболдын ордыг ашиглаж эхэлсэн байна. Монгол, Оросын хамтарсан уул уурхайн “Совмонголметалл” нийгэмлэгийг 1949 онд байгуулжээ. Үүнээс өмнө газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн үндэсний албыг 1941, “Монгол нефть” тусгай трестийг 1947 онд байгуулсан аж. Түүнчлэн Бэрхийн жоншны уурхайг 1954 онд байгуулсан.

Монголд 1970-аад оны дунд хүртэл үндэсний уурхайнууд ажиллаж байжээ. Тэгвэл 1973 онд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийг ЗХУ-тай хамтран байгуулсан. Түүнчлэн концессын нууц гэрээгээр 1980-аад онд Мардайн ураны ордыг хойд хөрш ашиглаж эхэлсэн юм. “Монголчехословакметалл”, “Монголболгарметалл” нэгдлийг 1979 онд байгуулжээ. Эдгээр нь Чехословак, Болгар улстай уул уурхайн салбарт хамтран ажиллах компани юм. Мөн Унгар улс Цагаан давааны гянт болорын ордыг 1984 оноос ашиглаж эхэлсэн байна. Шарын голын нүүрсний уурхайг 1965, Багануурынхыг 1978 онд нээсэн. Эдгээрийг ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжаар байгуулсан түүхтэй. Харин Шивээ-Овоогийн уурхайг улсын төсвийн хөрөнгөөр 1980-аад оны сүүлчээр нөөцийг нь тогтоон, 1990 онд нээсэн байдаг.

1994

Ашигт малтмалын тухай анхны хуулийг УИХ батлав. УИХ-ын анхны сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулсан Засгийн газар 1992 оноос “Алт” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үед хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай алтны уурхайнууд нээгдсэн. Толгойт, Дөвөнт, Хайлаастын алтны уурхай анх нээгдсэн гэсэн баримт үлджээ.

1997

Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Уг хууль нь Монголын уул уурхайн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад түлхэц болсон гэж судлаачид дүгнэдэг. Мөн уг хуулийг барууны орнуудын уул уурхайн бодлогын чиг хандлагыг тусгасан ихээхэн чөлөөт буюу либерал хууль болсон гэж дүгнэдэг. Эл хуулийг хэрэгжүүлэх хугацаанд буюу 2001 онд Оюутолгойн орд нээгдсэн нь Монголын уул уурхайн салбарыг дэлхий нийтэд сурталчилсан. Бороогийн алтны үндсэн орд 2004 онд ашиглалтад оров. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Төмөртийн овооны цайрын ордыг 2005 оноос ашиглаж эхэллээ. Засгийн газрын ашигт малтмал эрхэлсэн агентлаг 1997-2006 онд 6000 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон юм. Хайгуулын лицензийн талбайн хэмжээ нь манай улсын газар нутгийн 44 хувьтай дүйж байсан гэдэг. Түүнчлэн ашигт малтмал ашиглалтын 1000 гаруй тусгай зөвшөөрөл олгосон нь газар нутгийн 0.2 хувьтай тэнцэж байжээ. Дэлхийн хэмжээнд хийсэн хайгуулын зардлын дөрвөн хувийг манай улс 2005-2006 онд татаж чадсан. Монгол Улсад 2006 он гэхэд 130 гаруй алтны уурхай ажиллаж, жилд 20 гаруй тонн алт олборлодог болсон байжээ. “Нинжа” буюу хууль бусаар алт олборлогчид газар нутгийг сүйтгэх болсон нь “Алт” хөтөлбөрийн сүүдэртэй тал байв.

2006

Ашигт малтмалын тухай хуулийг дахин шинэчлэн найруулав. УИХ өмнөх есөн жилийнхээ сургамжид тулгуурлан ашигт малтмал хайх, олборлох зохицуулалтыг сайжруулсан хэрэг. Өмнөх хуульд гадаадын хөрөнгө оруулагчдад хөнгөлөлт эдлүүлэх заалт нэлээд байсан. “Бороо гоулд” компани 40 тонн алт олборлочихоод маш бага татвар төлсөн гэсэн шүүмжлэл өрнөсөн нь үүний тод жишээ болсон юм. Уг хуулийг шинэчлэн найруулснаар хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхийг зогсоож, тухайн үед хэрэгжүүлж буй татварын хувь хэмжээг тогтворжуулах бодлого тусгасан. Мөн стратегийн орд гэсэн ойлголтыг энэ хуульд тусгасан. Улмаар стратегийн ордыг эзэмшиж буй компанийн хувьцааны 34 хувиас доошгүйг төрийн мэдэлд авах зохицуулалт хийв. Цаашлаад стратегийн орд эзэмшигчийн хувьцааны 50-иас дээш хувийг төр мэдэлдээ авах эрх зүйн орчин бүрдүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар манай орны уул уурхайн бодлого “зүсээ хувиргав”.

2007

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай буюу гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг УИХ баталлаа. Тухайн үед тонн зэсийн үнэ 10 мянган ам.доллар давж гаарав. УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Эрдэнэт үйлдвэр” компанийн цэвэр ашгаас Оросын талд ногдох хувиас эх орондоо үлдээх зорилгоор уг хуулийг санаачилсан гэдэг. Их татвар авчихвал “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашиг багасаж, Монголын талд илүү мөнгө үлдэнэ гэсэн тооцоололд уг санаа суурилжээ. Тухайн үед Д.Дагвадорж Японы сүмо бөхийн 68 дахь их аварга болсон байлаа. Түүний амжилтыг бэлгэдэн гэнэтийн ашгийн татварын 68 хувь байхаар тогтоосон егөөтэй шийдлийг УИХ гаргасан байдаг. УИХ-ын гишүүд алтнаас ч гэнэтийн ашгийн татвар авах нь зүйтэй гэж үзсэн. Монголбанк жилд 15 тонн алт худалдан авдаг байсан бол үүний харгайгаар хоёр тонн болтол буурч, “шар металл”-ын худалдаа нууц байдалд шилжсэн билээ. Уул уурхайн салбарын өгөөжийг унагасан эл хуулийг 2011 онд цуцалсан.

2009

Цөмийн энергийн болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан. Цөмийн энергийн тухай хуулийг баталснаар ураны хайгуул хийх, олборлох эрх зүйн орчин бүрдэв. Харин “урт нэр”-тэй хуулийг баталснаар лицензтэй олон талбайгаас алт олборлох боломжгүй болж, Засгийн газар хөрөнгө оруулагчдад их хэмжээний нөхөн төлбөр олгох нөхцөл үүссэн. Байгаль орчныг хамгаалах зорилготой уг хуулийг баталсан нь ихээхэн маргаан дагуулж, хожим зарим талбайгаас ашигт малтмал олборлохыг зөвшөөрсөн юм.

2010

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 байгуулсан нь хэрэгжиж эхлэв. Ашигт малтмалын шинэчлэн найруулсан хуулийн дагуу уг стратегийн ордын гэрээг байгуулсан. Ингэснээр Монгол Улс дэлхийд дээгүүр эрэмбэтэй, эдийн засагт маш том нөлөөтэй зэс, алт, мөнгөний аварга уурхайтай боллоо. Гэвч өдий хүртэл уг гэрээг Монголд ашигтай, ашиггүй гэсэн маргаан тасраагүй байна.

2012

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг УИХ хэдхэн хоногт батлав. Тус хуулиар уул уурхай, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, банк санхүүгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах зохицуулалт хийсэн юм. “Саусгоби сэндс” компанийн хувьцааг Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгж худалдаж авахад хориг тавих зорилгоор уг хуулийг яаран баталсан нь энэ. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос нүүр буруулав. Эхлүүлэхээр зэхсэн уул уурхайн томоохон төслүүд

“гацсан”. Эл хууль уул уурхайн хөгжлийг хойш нь чангаасан гэхэд хилсдэхгүй.

2013

Хөрөнгө оруулалтын тухай хууль баталлаа. Уг хуулиар өмнөх жилийнхээ алдааг засаж, хөрөнгө оруулалтыг дотоод, гадаад гэж ялгахгүйгээр дэмжих зохицуулалт тусгасан. Гэвч уул уурхайн хөрөнгө оруулалт өнөөг хүртэл сэргээгүй байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосон нь үүнд нөлөөлсөн болов уу.

2014

Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогыг УИХ баталлаа. Баримт бичгийн 1.1-т “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого нь хувийн хэвшилд түшиглэсэн, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн тэнцвэртэй олон тулгуурт бүтцийг бий болгож, үндэсний язгуур эрх ашгийг хангахад чиглэнэ” гэж тусгасан. Монгол Улсын уул уурхайн бодлого одоогоор дээрх томьёоллын дагуу хэрэгжиж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)