Эрдэмтэд бүтээлээ Үндэсний номын санд хандивлав

Дэлхийн номын өдөр нөгөөдөр тохионо. Уг өдөрт зориулсан “Эрдэм номын чуулган” арга хэмжээг Монголын үндэсний номын сан (МҮНС), Шинжлэх ухааны академи хамтран өчигдөр эхлүүлэв. Уг үйл ажиллагаа энэ сарын 24-нийг дуустал үргэлжилнэ. Үүний хүрээнд ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэд өдөр бүр 10.00 цагаас цахимаар бүтээлээ танилцуулж, номуудынхаа дээжээс МҮНС-д хандивлах юм. ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, техник, технологи, анагаах ухааны салбарын эрдэмтэд өчигдөр бүтээлээ танилцуулж, 24 ном МҮНС-гийн удирдлагад гардууллаа. Үүний дараа ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд хуваарийн дагуу бүтээлүүдээ танилцуулах аж. Тухайлбал, өнөөдөр 10.00 цагт ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Хишигт хүрээлэнгээс хэвлүүлсэн шинэ номуудыг уншигчдад танилцуулах юм байна. Сонирхсон хүмүүс ШУА болон Үндэсний номын сангийн фэйсбүүк хуудаснаас танилцуулгыг үзэж болох нь. Дэлхийн номын өдрийн хүрээнд ШУА-ийнхан 170 нэр, төрлийн 300 орчим номыг МҮНС-д санд өгөхөөр төлөвлөсөн гэнэ. 

НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгох санаачилга 1995 онд гаргажээ. Манай улс ч эл өдрийг сүүлийн жилүүдэд салбарын сайдын шийдвэрээр тогтмол тэмдэглэж буй билээ. Өнгөрсөн жил гэхэд олныг хамарсан өдөрлөг, зөвлөгөөн, үзэсгэлэн, номын өргөтгөсөн худалдаа зэрэг арга хэмжээг 3-4 өдөр зохион байгуулсан. Энэ жилийн тухайд улс даяар хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор ийнхүү цахимаар үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)