Эргэж хараад инээлээ, Монгол түмэн

Монголчууд сэтгэлдээ сүү, итгэлийн галтай ард түмэн хэвээрээ юм байна. Хүний мөс нь “хайлж, урссан” гэдэг нь худлаа аж. Үүнийгээ ч өнгөрсөн өдрүүдэд баталлаа. Энгийндээ өнөө муу цагдаа, эмч, мэргэжлийн хяналтынхан, онцгойгийн алба хаагчдаа харааж, зүхэж, аашилж, адгаж байдаг ч цар тахалтай нүүр тулаад ирэхийн цагт эргэж хараад инээлээ, Монголын ард түмэн. Гадаа гандаж, гудамж талбайд бээрч, даарч үүрэг гүйцэтгэж яваа өнөө хэдэн цагдаа нартаа цай цүү бариад уралдах нь холгүй “гүйлдлээ” эмээ нар маань. “Үрээс минь ялгаа юу байх вэ” гээд алба хаагчдыг үнэрлэж буй тэдний гэрэл зургууд цахимаар тархахдаа давхар  хайр түгээж орхив. Үзэж байгаа хүн бүрийг эерэг энергиэр цэнэглэж орхисноо мэдээгүй суугаа даа, хөөрхөн эмээ нар. Баярлалаа та нартаа. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ч энэ өдрүүдэд эрвийх дэрвийхээрээ алба хаагчдаа дэмжив.

Тухайлбал, “CU” сүлжээ дэлгүүрийнхэн өнөөдөр цагдаа, эмч, сувилагч, мэргэжлийн хяналтынхан, онцгой байдлынхныг халуун уух зүйл, хот дог, мантуун буузаар дайлав. “Зоос гоёл”-ын хажуухантай үйл ажиллагаа явуулдаг “19 банштай цай, цуйван” цайны газрынхан ч төрийн алба хаагчдад халуун хоол, цайгаараа үйлчиллээ. Өөр нэгэн байгууллага алба хаагчдад сайхан сэтгэлээ дэлгэсэн нь “KFC”-гийнхэн байв. Үүнээс гадна бас бус байгууллагууд ч эмч, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгойгийнхонд ам, хамрын хаалт, тусгай хувцас хэрэглэл бэлэглэлээ. Ард олны эрүүл мэндийн төлөө, аюулыг ард үлдээхийн төлөө тэд минь өдөр, шөнөгүй зүтгэж байгаа. Тиймээс тэд минь энэ зэргийн энэрэл, ачлал хүртэх эрхтэй гэж бодож байна. Үнэндээ дээгүүрээ л “идэж уудаг” нь яадаг юм гэхээс энгийн алба хаагчдын цалин бага, хэтэвч нимгэн гэдгийг хэн бүхэн мэддэг. Даанч нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчийн үлгэрээр ганц, хоёр хүний болж бүтэхгүй үйлдлийг нийтэд нь хамруулж шүүмжилдэг нь бидний гэм биш зан. За энэ ч яах вэ. Хэдийгээр нийгмийн хариуцлага нэрийн дор иргэд, хувийн хэвшлийнхэн дээрх сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулсан ч угтаа энэ нь сэтгэлдээ сүүтэй, итгэлийн гэрэлтэй хүн бүрээс гарах үйлдэл юм шүү. Эдгээр гэрэлтэй сайхан үйл явдлуудын дараа бид нэгдэж, нийтээрээ хичээж коронаг ялж чадах юм байна гэсэн гэгээн бодол төрж, сэтгэл дүүрээд ирэв. Тиймээ, нэг л өдөр баяртай мэдээ дуулна гэдэгтээ итгэлтэй байна. Тэр болтол бүгдээрээ энэ эрчээрээ эвтэй л байдаг юм шүү, манайхаан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)