Эргэж буцах тань энгийн хэрэг үү, Ерөнхийлөгч өө

Өнгөрсөн сарын 23-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар 11 улсад суух Элчин сайдаар томилуулах хүмүүсийн талаар хэлэлцэн дэмжиж, Ерөнхийлөгчид нэрийг нь уламжлахаар тогтсон. Төрийн тэргүүн ч тухайн үед тэднийг дэмжиж, УИХ-д нэрийг нь “оруулсан”. Улмаар шинэ долоо хоног эхлэхэд УИХ дахь олонхын бүлгийнхэн Элчин сайд нарын талаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцээд, хоёр нэр дэвшигчийг дэмжээгүй. Тодруулбал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Ч.Бүрэнбаяр, Бүгд Найрамдах Солонгос Улсад Ц.Өнөрзаяаг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоос Ардын намынхан татгалзсан юм.

Ч.Бүрэнбаяр нь 66 настай тул Төрийн албаны тухай хуулийн шаардлага хангахгүй, тэтгэврийн насанд хүрсэн, Ц.Өнөрзаяа нь дипломат албаны туршлагагүй хэмээн эрх баригчид голсон. Харин маргааш нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татаж, томилох тухай хэлэлцэх гэхэд Ерөнхийлөгч саналаа хэдийн татсан байв. Төрийн тэргүүн өргөн барьсан саналаа татсан нь дээрх хоёр нэр дэвшигчийг Ардын намынхан “таалаагүйгээс” болсон аж.

Уг нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ удаа нэрийг нь уламжилж буй хүмүүсийн талаар бүхий л түвшинд ойлголцож, санал нэгдсэнээ онцолж байсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид огт дуулгалгүйгээр, “танихгүй” хүмүүсийн нэрийг түүнд шууд хүргүүлдэггүй. Тиймээс ч Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаа төд удалгүй тэдний талаар зөвшилцөхөөр УИХ-д хандсан болов уу. Нэгэнт Төрийн тэргүүн тэдний нэрийг УИХ-д уламжлах, эсэх нь түүний бүрэн эрх учраас “оруулахгүй”, “уяж” болох л байсан. Тийм түүх ч бий. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь Засгийн газраас өргөн барьсан, Элчин сайд нарыг томилохтой холбоотой саналаас заримыг нь УИХ-д өргөн мэдүүлэлгүй, үлдээж байсан удаатай. Австрали дахь Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа хэдийн дуусаад буй бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү, Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаярыг тэнд томилох саналаа Засгийн газраас уламжлаад бараг жил болох гэж байна. Гэвч Ерөнхийлөгч түүнтэй хамт танилцуулсан хүмүүсийг УИХ-д өргөн мэдүүлж, заримыг нь томилчихоод буй. Үндсэндээ Ч.Бүрэнбаяр, Ц.Өнөрзаяа нарыг нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгч голлох үүрэгтэй оролцсон бөгөөд зүтгүүлсэн хүмүүс нь үнэмлэхүй олонхоос дэмжлэг аваагүй тул бүх саналаа татан, “боож” байгаа нь тэр.

Нэр дэвшигч Ч.Бүрэнбаяр, Ц.Өнөрзаяа нарт ам сайтай хүн цөөнгүй аж. Ч.Бүрэнбаяр нь Энэтхэгт төрж, өссөн, эх орондоо ирээд монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч мэргэжил эзэмшиж, Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо, МОНЦАМЭ агентлагаас гадна Ерөнхийлөгч Н.Багабандийн орчуулагчаар ажиллаж байжээ. Юутай ч сайн орчуулагч гэгддэг юм билээ. Ц.Өнөрзаяа нь БНСУ-д олон улсын эрхзүйч, олон улсын харилцааны мэргэжлээр төгсөж, тус улсын түүх, хэл, соёл, аж төрөх ёс, хөгжил цэцэглэлт, манай хоёр орны хамтын ажиллагааны тухай өргөн мэдлэгтэй бүсгүй. Тэрбээр 2016 онд “Сөүл хотын хүндэт иргэн” болсон байна. БНСУ-д амьдарч буй монголчуудад хууль зүйн туслалцаа үзүүлж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдгаараа танигджээ. Тэрбээр Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайд Ц.Жигжиджавын ач охин, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн охин аж. Харин тэдэнд Ардын намынхан шударга бус шалгуур тавьж, улстөржив үү. Н.Анхбаярыг Австралид Элчин сайдаар томилуулах саналаа Засгийн газар татаж аваагүй л байгаа. Тиймээс эрх баригчид Н.Анхбаярыг томилсон тохиолдолд Ч.Бүрэнбаяр, Ц.Өнөрзаяа нарыг дэмжинэ гэж “луу унжсан” байхыг ч үгүйсгэхгүй. Юутай ч цаад учир, шалтгааныг нь барим тавим хэлж мэдэхгүй ч Ерөнхийлөгч хоёр хүнээс болж бүх саналаа татах нь зохистой юу.

Төрийн тэргүүний хувьд санаатай, санамсаргүйгээр ингэж эргэж буцдаг нь бараг гэм биш, зан болох нь. Саяхны жишээ дурдвал, тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө хэлэлцүүлж хэлэлцүүлчихээд бүгдийг нь татчихсан. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 62 гишүүн өргөн барьж, анхны хэлэлцүүлгийг нь хийсний дараа Төрийн тэргүүн бие даасан төслөө УИХ-д уламжилсан байдаг. Улмаар хоёр төслийг нэгтгэж, зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан, өөрөөр нь ахлуулж, нэлээд хэлэлцүүлэг өрнүүлсэн ч эцэст нь тэр хаяад явчихсан. Бүр засаглалын хэлбэрээ өөрчилье, Ерөнхийлөгчийн засаглалтай болох, эсэхийг ард түмнээс асууя гэдэг маргаан дэгдээгээд алга болсон. Хэдийгээр ард нийтийн санал асуулга явуулаагүй ч Үндсэн хуулийн батлагдсан нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгч Х.Баттулгын төслөөс нэлээд нь багтсан. Жишээ нь, гишүүдийн санаачилсан төсөлд тусгасан байсан шүүх эрх мэдэлтэй холбоотой олон заалтыг Ерөнхийлөгчийн саналаар хасаж, хуучнаар нь үлдээсэн.

Мөн өнгөрсөн оны зургадугаар сард 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан. Өнөөдөр заримынх нь бүрэн эрх түдгэлзсэн хэвээр буй. Шалгаж, нягталсны эцэст “авлигач” гэгдсэн 17 шүүгчээс долоогийнх нь бүрэн эрхийг сэргээсэн. Тэдгээр долоон шүүгч ямар боловч хугацаанд муу, муухайгаар хэлүүлсний бурууг хэн хариуцах вэ. Бүрэн эрхийг нь сэргээсэн таны зарлиг, буруу ташаа мэдээлэл танд хүргэсэн албан хаагчийн аль нь тэднийг цагаатгах вэ. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлчихээд байхад бяцхан үрс нь хүртэл чичлүүлсэн л байж таараа, бүгдээрээ хэлмэгдсэн. Тэр ч бүү хэл дуулиант шийдвэрээ гаргахаас ердөө 10 гаруй хоногийн өмнө бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн нэг шүүгчийг давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсон зарлиг гаргасан байдаг. Тэр нь нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг. Өдгөө түүний бүрэн эрхийг сэргээгээд буй. Төрийн тэргүүн хагас жилийн дотор нэг хүнийг албан тушаалд томилж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, түдгэлзүүлснээ буцаасан гурван зарлиг гаргах нь ердийн зүйл үү.

Түүнчлэн АТГ-ын даргаар Д.Даваа-Очир, дэд даргаар Ж.Батсайханыг тус тус томилуулах саналаа эгүүлэн татаж байв. Уг нь АТГ-ын удирдлагаар ямар хүмүүсийг томилох вэ гэдгийг ард, иргэдээс нээлттэй асууж, олонхын дэмжиж, санал болгож байгаа хүнийг нэр дэвшүүлэхээр боллоо хэмээн эл хоёр эрхмийн талаар сүржин мэдэгдэж байсан юм. Гэвч яагаад, ямар шалтгаанаар саналаасаа буцсан нь тодорхойгүй байсаар Д.Даваа-Очир “алга болчихсон”. Харин түүний оронд З.Дашдавааг нэр дэвшүүлэн томилуулснаар өдгөө тэрбээр АТГ-ыг удирдаж байна. Мөн тэдэнтэй хамт А.Цэрэнсодномыг улсын ерөнхий прокурорын орлогчоор томилох талаар зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн саналаа эгүүлэн татсан. Төрийн тэргүүн нэр дэвшүүлэхтэй хамт түүний дуу хоолой бүхий таагүй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан нь эгүүлэн татах шалтгаан болсон байж мэдэх ч А.Цэрэнсодном өнөө хэр прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашсан хэвээр. Ажилласаар байгааг нь бодохоор А.Цэрэнсодном гэх тэр хүнийг хэлмэгдүүлсэн мэт. Цаашлаад Ерөнхийлөгчийн албатууд аливаа нэр дэвшигчийн талаарх судалгаа, мэдээллээ хангалтгүй цуглуулдаг гэж ч хэлж болохоор байгаа юм. Урагшгүй албатуудынхаа балгаар Ерөнхийлөгч барьц алдаж, байр сууринаасаа байн байн буцахад хүрч байгаа юм.

Үүнээс гадна ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох талаар УИХ-тай зөвшилцөх үйл явц тун маргаантай өрнөсөн. Энэ явцад анхаарал татсан олон асуудал яригдсан нь хожим түүнд Төрийн тэргүүн итгэмжлэх жуух бичгийг нь өгөхөөс татгалзах шалтгаан болсон. Нэр дэвшихээсээ ч өмнө хэл ам дагуулсан Б.Хурцыг Элчин сайдаар томилох санал нь л гэхэд олон нийтийг хангалттай цочирдуулсан. Өөрөөр хэлбэл, анхнаасаа нэр дэвшүүлэхгүй ч байж болох байсан хүний нэрийг УИХ-д “оруулж”, зөвшөөрүүлчихээд, эцсийн шийдвэрийг өөрөө гаргахдаа эргэж буцах хэрэг байсан гэж үү.

Сонирхуулахад, Ерөнхийлөгч 2017 онд сонгогдсоныхоо дараахан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Р.Бурмааг томилуулах саналаасаа буцаж байсан юм. Тухайн үед шийдвэрээ “улс төрийн шалтгаантай” хэмээн тайлбарласан юм даг.

Эргэж буцах тань энгийн хэрэг үү, Ерөнхийлөгч өө. Эцсийн хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Энэ улсыг тэргүүлж байгаа таны нэр хүнд ч илүү хэврэг болохгүй гэж үү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)