Эн тэнцүүхэн Оскар

АНУ-ын кино академийн шагнал гардуулах дээд ёслол “Оскар” 91 дэх удаагаа амжилттай болж өндөрлөлөө. “Долби” театрт болсон өнөө жилийн наадмыг сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа хөтлөгчгүй зохион байгуулснаараа онцлог. 

Зохион байгуулагчид хөтлөгчийн оронд дүрс бичлэг, дуу хөгжмөөр үзэгчдийг хөгжөөсөн бөгөөд нэр дэвшигчдийг уламжлал ёсоор алдартнууд танилцуулсан юм. Сонирхуулахад, 1989 онд мөн хөтлөгчгүйгээр энэ арга хэмжээг зохион байгуулсан удаатай.

Энэ жилийн “Оскар”-ын наадмаар нийт 24 номинацад шилдгүүдийг тодрууллаа. Кино академийн шүүгчдийн бүрэлдэхүүнд 920 гаруй хүн нэгджээ. Ялагчдын шагналыг Женнифер Лопес, Дэниел Крейг, Крис Эванс, Тина Фей, Вупи Голдберг, Бри Ларсон, Эми Полер, Хавьер Бардем, Шарлиз Терон зэрэг алдартан гардуулав. 

Ёслолын арга хэмжээний үеэр хөгжмийн үзүүлбэрүүдэд онцгой анхаарсан гэдгээ зохион байгуулагчид мэдээлсэн. Энэ үеэр Лэди Гага, Брэдли Купер нар “A star is born” киноны “Shallow”, Женнифер Хадсон RBG баримтат киноны “I’ll fight” дуугаа дуулсан бол үзэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн “Bohemian rhapsody” киноны буюу домогт “Queen” хамтлагийн эл дууг Адам Ламберт амилуулжээ.

“Оскар”-т нэр дэвшигчдэд уламжлал ёсоор бэлгийн цуглуулга өгдөг. Энэ жилийн бэлгийн жагсаалтад Галапагос эсвэл Исландад аялах, Грекийн арлуудад амрах эрхийн бичгээс гадна олон төрлийн гоо сайхны үйлчилгээний багц, амттан, гоёл чимэглэл, уран зураг, хиймэл сормуус, хөөс, шүд цэвэрлэх утас, эможи хэлбэртэй суултуурын сойз зэрэг сонирхолтой бэлгүүдийг багтаасан байна.

Энэ жилийн “Алтан хүн”-ий эздийг танилцуулъя

1. Шилдэг кино: “Green book”

Тус киног Петер Фаррелли найруулж, Махершала Али, Вигго Мортенсен нар тоглосон юм. Бодит түүхээс сэдэвлэсэн эл кинонд зөвхөн хар арьстнуудад үйлчилдэг газруудаар африк гаралтай төгөлдөр хуурч Дон Ширли аялан тоглож, санамсаргүй тохиолоор зартай зодоонч эр Франки түүний жолооч, бие хамгаалагчаар явж буйгаар үйл явдал өрнөдөг.

2. Гадаад хэлээрх шилдэг кино: “Roma”

3. Богино хэмжээний шилдэг кино: “Skin”

4. Шилдэг баримтат кино: “Free solo”

5. Богино хэмжээний шилдэг баримтат кино: “Period: End of sentence”

6. Шилдэг хүүхэлдэйн кино: “Spiderman: Into the spider-verse”

7. Богино хэмжээний хүүхэлдэйн шилдэг кино: “Bao”

8. Эрэгтэй шилдэг гол дүр: Рами Малек (“Bohemian rhapsody”)

Жүжигчин Рами Малек анх удаа “Оскар” хүртлээ. Домогт “Queen” хамтлагийн ахлагч Фрэдди Меркьюригийн дүрээр тэрбээр энэ жилийн “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорсон юм. Түүнчлэн “Palm springs” олон улсын кино наадмаас шагнал хүртжээ.

9. Эмэгтэй шилдэг гол дүр: Oливиа Колман (“The favourite”)

10. Эрэгтэй шилдэг туслах дүр: Махершала Али (“Green book”)

11. Эмэгтэй шилдэг туслах дүр: Режина Кинг (“If Beale street could talk”)

12. Шилдэг найруулагч: Альфонсо Куарон (“Roma”)

Альфонсо Куарон хоёр дахь “Алтан хүн”-ээ гардлаа. Тэрбээр 2013 онд “Gravity” киногоороо “Оскар”-ын 10 төрөлд нэр дэвшиж, долоог нь хүртэж байжээ.

13. Сэдэвлэсэн шилдэг зохиолтой кино: “BlacKkKlansman”

14. Шилдэг кино зохиол: “Green book”

15. Киноны шилдэг дуу: “Shallow” (“A star is born”)

16. Дууны шилдэг найруулга: “Bohemian rhapsody”

17. Дууны шилдэг эвлүүлэг: “Bohemian rhapsody”

18. Киноны шилдэг хөгжим: Людвиг Горанссон (“Black panther”)

Людвиг Горанссон энэхүү киноны зохиолыг уншаад Африк явахаар шийджээ. Тэндэхийн үндэсний дуу хөгжим болон хэв маягийг киноны хөгжимдөө тусгахыг зорьсон байна. Африк үндэсний хөгжмийг сонгодог найрал хөгжимтэй хослуулан, коса хэлээрх найрал дуутай хоршуулжээ. Түүнчлэн кино зохиолчийнхоо хүсэлтээр кинонд зориулан ганц хөгжим биш, бүтэн цомог гаргасан байна.

19. Шилдэг хослол зураг: “First man”

20. Шилдэг эвлүүлэг: Жон Оттман “Bohemian rhapsody”

21. Шилдэг зураглаач: Альфонсо Куарон “Roma”

22. Шилдэг тайз засал: Ханна Бичлер, Жэй Харт “Black Panther”

23. Шилдэг хувцас загвар: Рут Э.Картер “Black panther”

24. Шилдэг нүүр хувиргагч: Грег Канном “Vice”


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)