Энэ өвөл жинхэнэ сорилттой нүүр тулна

 Шинэ төрлийн коронавирусийн халдварын талаарх мэдээлэл ДЭМБ-д өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд анх хүрсэн гэдэг. Түүнээс хойш нэг сарын дараа үүнийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэх өвчин болохыг дэлхийд зарлав. Тухайн үед БНХАУ-аас гадна дэлхийн хэмжээнд уг өвчний 100 тохиолдол бүртгэгдээд байсан юм. Харин манай улс өнгөрсөн хугацаанд халдвараас сэргийлэх аргуудыг үр дүнтэй хэрэгжүүлснээр өдгөө аюулгүй даван туулсаар байна. Магадгүй энэ тайван байдал удаан үргэлжлэхгүй ч байж мэдэх. Ханиад, томуугийн улирал хаяанд тулчихаад байхад нийтээрээ амны хаалтаа аваад “чулуудчихлаа”. Нийтийн тээвэр, үзвэр, үйлчилгээний газрууд, зах, худалдааны төвүүдэд зай барих нь битгий хэл амны хаалттай хүн “нүдний гэм”. Албаныхны заавар, зөвлөгөө ч үнэгүйдэж, ажлынх нь эрч сулрав.

Өнгөрсөн жил манайд томуугийн улирал “шувтарч” байхад шинэ төрлийн коронавирус дэлхийд эрчээ авч эхлэн, өдгөө 34.1 сая хүн өвчилж, нас барсан нь нэг саяыг давлаа. Энэ бол анхаарал, болгоомжоо хэрхэвч сулруулж болохгүйг илтгэх үзүүлэлт. Харамсалтай нь, монголчууд шинэ вирусийн тархалтын эхэн үед хэсэг сүржигнэж байгаад одоо бүр мартжээ. Гэтэл хүйтэн, сэрүүн уур амьсгалтай улс орнууд энэ өвөл жинхэнэ сорилттой нүүр тулна гэдгийг ДЭМБ онцгойлон анхааруулж байна. Тодруулбал, коронавирус улирлын томуутай хавсрах өндөр эрсдэлтэй тул бүх шатлалын эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, эм, тарианы нөөц бүрдүүлэх, боловсон хүчнээ зэхэхийг зөвлөсөн.

Жилд дунджаар 300 гаруй мянган хүн томуу, томуу төст өвчинд нэрвэгдэж, эрүүл мэндийн салбар нь “элгээрээ мөлхдөг” манай улсад коронавирус дэгдвэл яах вэ. 2018-2019, 2019- 2020 оны томуугийн улирлаар нийт 229 219 хүн уушгины хатгалгаа тусаж, 818 хүн нас барсныг олон нийт төдийлөн мэддэггүй. Хатгалгаагаар өвчлөгсдийн 155 700 нь тав хүртэлх насныхан. Өөрөөр хэлбэл, 10 000 хүн тутамд тохиолдох хүүхдийн хатгалгааны түвшин 2008-2016 буюу насан хүрэгсдийнхээс 7-10 дахин их байна. Уг өвчнөөр нас барагсдын 35 хувь нь хүүхдүүд гэсэн эмзэглэм баримт олон. Монголчууд хэдий болтол үүнтэй эвлэрэх билээ.

Эрх баригчид ханиад, томууг өнгөрсөн жилүүдийнх шиг тоохгүй өнгөрүүлэх гэж оролдвол хариу нь хатуу бууж мэдэх юм. Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд энэ жил бэлэн байдлаа хэрхэн хангаж буйг тандав. Улсын хэмжээнд болон нийслэлд томуу, томуу төст өвчин дэгдэх үеэр хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах ажлын долоон хэсгийг ЭМЯ-ны дэргэд байгуулжээ. Тэд Улсын онцгой комиссын удирдлага, чиглэлийн дагуу ажиллаж буй гэнэ. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийнхөн ханиад, томуугийн оргил ачааллын үеэр нийслэл, орон нутгийн хүнд болон хүндэвтэр оноштой хүүхдүүдийг татан авч, эмчлэх болжээ. Мөн тус төвд “Ковид-19”-ийг эмчлэхээр төлөвлөж, Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийнх нь хүчин чадлыг өргөжүүлж байгаа аж.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр “Коронавирустэй хүмүүсийг эмчлэх бэлтгэл ажлын хүрээнд Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт агааржуулалтын систем суурилуулах, тоног төхөөрөмж нэмэх, иж бүрэн засаж, тохижуулах ажлыг аравдугаар сарын 1-нээс эхлүүллээ. Үүнд шаардлагатай санхүүжилтийг ЭМЯ гаргаж байгаа. Өнөө жил “Ковид-19” томуугийн вирустэй хавсрах магадлал өндөр тул эрүүл мэндийн салбар болзошгүй эрсдэлийг тооцон, бэлэн байдлаа хангаж байна. Манайх улсын хэмжээнд эх, хүүхдийн өвчний нарийн мэргэжлийн лавлагаа шатлалын тусламж үзүүлдгийн хувьд “Амьсгалын замын цочмог халдваруудын эмнэл зүйн менежмент” сэдэвт таван удаагийн сургалтад хүүхдийн эрчимт эмчилгээний эмч, сувилагч нарыг хамрууллаа. Энэхүү онол, дадлага хослуулсан сургалтаар ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ГССҮТ, нийслэлийн есөн дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Төмөр замын болон Цэргийн төв эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, “Интермед”, “Гурван гал” зэрэг эрүүл мэндийн 38 байгууллагын 200 гаруй мэргэжилтний ур чадварыг дээшлүүлсэн. Мөн томуугаас сэргийлэх, дэгдэлтийн үед хэрхэн хариу арга хэмжээ авахад бэлдэх зорилгоор манай зөвлөх эмч нар II шатлалын эмнэлгүүдэд “Хүүхдийг эрэмбэлэн ангилж, яаралтай тусламж үзүүлэх” сургалтыг эхлүүлээд байна.

Эдгээрээс гадна бид томуу, томуу төст өвчний үед баримтлах эмнэл зүйн удирдамж боловсруулж буй бөгөөд түүнийгээ сурталчлах, дадлагажуулах сургалтыг удахгүй хийнэ” гэв.

Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, эмнэлгүүдийг томуу, томуу төст өвчнийг угтан, бэлэн байдлаа хэрхэн хангаж буйг нь өнгөрсөн сарын 17-25-нд үнэлүүлсэн юм байна. Нийслэлийн есөн дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн яаралтай тусламж, Эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагааг шалгахдаа дараах таван чиглэл баримталжээ. Тухайлбал, томуу, томуу төст өвчний тархалтын үед хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний бодлогын бичиг баримт, эмнэл зүйн заавартай, эсэх, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, яаралтай тусламжийн болон эрчимт эмчилгээний хүний нөөцийн хүртээмжийг үнэлжээ. Мөн амьсгалын дутагдлын эмчилгээнд хэрэглэх эм, бэлдмэлийн нөөц, лабораторийн болон дүрс оношилгооны чадавх зэргийг нь тандсан аж. Эдгээрийг үнэлсэн тайланг өдгөө нэгтгэж байна. ЭМЯ түүнд нь үндэслэн эмнэлгүүдэд нэн шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэх гэнэ.

Хүн амын дунд өдгөө аденовирус, реновирус, энтеровируст халдвар бүртгэгдээд байгааг ХӨСҮТ мэдээлсэн. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 4.2 хувийг томуу төст өвчин эзэлжээ. Уг нь эл үзүүлэлт дөрвөн хувьд хүрэхэд томуугийн улирал эхэллээ хэмээн үздэг. Гэтэл тус төвийнхөн үүнийг томуу бус, томуу төст өвчин гэсэн юм. Тэд томуугийн халдварын идэвхтэй үеийг арваннэгдүгээр сарын дундаас эхэлж, ирэх оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг гэж тайлбарладаг. Тэгвэл тухайн бүс нутагт амбулаториор үйлчлүүлэгчдийн 10-аас дээш хувь нь томуугаар өвчилсөн тохиолдолд гамшгийн хэмжээнд хүрснийг зарлаж, хөл хорио тогтоодог юм. Үүнээс сэргийлж, зорилтот бүлгийнхнийг жил бүр дархлаажуулалдаг ч харамсалтай нь, томуугийн оргил ачааллын үеэр өвчлөл “улаан шугам” давж, хөл хорио хэсэгчлэн тогтоодог нь олонтоо. Энэ нь томуугийн вакцины хүрэлцээ муу, хугацаа алдаж хийдэгтэй холбоотойг судлаачид шүүмжилдэг.

Дархлаажуулалтын 10 хоногийн аяныг манай улс 26 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жилүүдэд хамгийн ихдээ 150 000 хүн/ тун вакцинаар томуугийн улирлыг аргацааж ирэв. Энэ жил 509 500 хүн/тун вакцин оруулж ирсэн нь сайн хэрэг шүү. Дархлаажуулалтыг ч үндэсний хэмжээнд эхлүүлээд байна. ДЭМБ-аас энэ онд томуугийн H1N1, H3N2, B хүрээний вирус дэгдэх магадлалтай гэж үзсэн. Тиймээс манай улс эдгээр үүсгэгчийн эсрэг найрлагатай гурван цэнт вакциныг БНСУ, Бразилаас нийлүүлсэн. Дархлаажуулалтад эхний ээлжид жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан, архаг, суурь өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон нийттэй харилцах ажил мэргэжлийн хүмүүсийг хамруулж буй. Томуугийн вакциныг ихэвчлэн аравдугаар сарын дунд, эсвэл сүүлчээр хийдэг байсан бол өнөө жилийнхийг харьцангуй эрт эхлүүлснийг дархлаа судлаачид сайшаасан. Албаныхан бэлэн байдлаа сайн хангаж буйгаа энэ мэт тайлбарласан. Үр дүнг цаг хугацаа харуулах биз ээ.

Бага насны хүүхэд аливаа халдарт өвчинд өртөмхий байдаг нь амьсгалын болон дархлааны эрхтэн тогтолцоо нь бүрэн хөгжөөгүйтэй холбоотой аж. Өдгөө хүүхдүүдийн дунд ханиад, томуугаас гадна амьсгалын замын бусад халдвар, гепатит, менингит, сүрьеэ, гахайн хавдар, салхинцэцэг, гэдэсний төрөл бүрийн өвчин элбэг байна. Сүрьеэгээр гэхэд л өнгөрсөн онд 0-14 насны 382 хүүхэд өвчилсөн нь өнгөрсөн жилийнхээс 89-өөр нэмэгдсэн дүн аж. Сүүлийн 10 жилийн дунджаар гэдэсний халдварын дийлэнх хувийг цусан суулга, халдварт шар, гар, хөл, амны өвчин эзэлжээ. Эдгээр нь хүүхдэд зонхилон тохиолддог халдвар. Монгол хүүхдүүдийн олонх нь суурь эмгэгтэй, дутуу төрсөн, цус багадалттай, аминдэм, хоол тэжээлийн дутагдалтай, сульдаа буюу рахиттай байгааг Хүн амын хоол, тэжээлийн V судалгаанд дурдсан байдаг.

Дэлхий нийтээр хүүхдийн хөгжлийг өсөж, торниж буй орчинтой нь цогцоор нь авч үзэх, тодорхой насанд нь иж бүрэн үзлэгт хамруулж, эрсдэлтэйд нь тусламж, үйлчилгээ үзүүлэхийг чухалчлах болсон. Манай улс 2030 он гэхэд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 төрөлтөд ес, нялхсынхыг найм болгон бууруулах зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн оны судалгаагаар тав хүртэлх насныхны эндэгдлийн түвшин 1000 төрөлтөд 16.1 байв. Жилд дунджаар ийм насны 1300-1500 хүүхэд эндэж байгаа нь тэдэн чиглэсэн эрүүл мэндийн болон хамгааллын үйлчилгээ нэн хэрэгтэйг харуулна. Тэр дундаа халдварт өвчнөөс сэргийлэх арга, хэлбэр нь тодорхой байхад жил бүр өчнөөн мянган иргэнээ өвтгөж, зовоосоор. Цөөнгүйг нь бурхны оронд буцаасаар л байх уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)