Энэ эр ерөнхийлөгчийн өршөөлөөс татгалзсан гэнэ

Ихэнх шоронгийн хоригдлууд ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдахыг хүсдэг. Арнолд Рэй Жонс хэмээх энэ хоригдолд ийм аз тохиосон байна. Хачирхалтай нь тэр ерөнхийлөгчийн өршөөлийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн анхны хоригдол болжээ.

Гэхдээ яагаад?

Энэ жил 50 настай Жонс 2002 оноос эрх чөлөөгөө хасуулж, төмөр торны цаана сууж буй. Тэрбээр хар тамхи зарсан хэргээр 2019 оны дөрөвдүгээр сар хүртэл шоронд хоригдох ял авсан. Гэхдээ ерөнхийлөгч Барак Обамагийн хар тамхины хэргээр шоронд сууж буй хүмүүст үзүүлдэг өршөөлийн хөтөлбөрт багтаж, 2018 оны наймдугаар сард шоронгоос гарах боломжтой болсон аж. Жонсыг шоронд сайн хүмүүжиж буй хэмээн үзэж, шоронгийн удирдлагууд ерөнхийлөгчийн өршөөлд хамруулахаар шийдвэрлэсэн юм. 

Гэхдээ хуульд заасны дагуу хар тамхины өршөөлөөр суллагдаж буй иргэн тодорхой үүрэг хариуцлага хүлээж, эмийн эмчилгээний хөтөлбөрт хамрагдаж, хар тамхинаас бүрэн гарсан гэдгээ харуулах шаардлагатай байдаг гэнэ. Түүнчлэн хар тамхины эсрэг нийгмийн ажил хийж, үүнийг хэрэглэх нь хортой гэдгийг бусдад үлгэрлэх ёстой юм. Харин Жонс ийм ажил хиймээргүй байсан тул хугацаанаасаа найман сарын өмнө суллагдах сайхан боломжоо ашиглахгүй гэж шийджээ.

Сонирхуулахад, Барак Обама бүрэн эрхийн хугацаандаа 774 хоригдолд өршөөл үзүүлсэн. Эдгээрийн ихэнх нь хар тамхины хэргээр торны цаана суусан хэрэгтнүүд байв. Өнгөрсөн жил Обама 590 хоригдолд өршөөл үзүүлсэн нь АНУ-ын түүхэнд нэг жилийн хугацаанд хамгийн олон хоригдолд эрх чөлөө өгсөн тохиолдол болжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)