ЭНЭ ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ НЭРЛЭЖ БАЙНА

Үнэмлэхүй олонх хагаралдаж, Засгийн газраа огцруулав

УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан төрийн эрх барьж буй МАН-д урьд өмнө нь үзэгдээгүй юм өнгөрсөн онд болов. УИХ дахь тус намын бүлгийн гишүүд 33, 32-оороо хуваагдаж, нэг хэсэг нь УИХ-д есөн суудалтай сөрөг хүчинтэй хүч хавсран Засгийн газраа огцрууллаа. Өмнө нь МАН-ын гишүүдэд үл ойлголцох, муудалцах зүйл бишгүй байсан ч энэ удаагийнх шиг дуулиан шуугиан тарьсан удаагүй.

Шинээр томилогдсон Ерөнхий сайд нь УИХ-ын чуулганы танхимд, индэр дээрээс “Би амиа алдахаас ч айхгүй байна” гэсэн учир битүүлэг үг хэлж, нам нэгтнүүд нь “У.Хүрэлсүх бидэнтэй зөвшилцөөгүй хэрнээ АН-тай уулзсанд эгдүүцэж байна” гэж хэвлэлийн хурал хийтлээ ан цав нь гүнзгийрэхийг улирч буй онд харлаа. Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэхийн өмнө намын нөхөдтэйгөө биш, сөрөг хүчнийхэнтэй уулзана гэдэг тийм ч олон тохиолдох үйл явдал биш болов уу.

Олон жил оршин тогтнож ирсэн бүлэглэлийн савраас төр, засгийг гаргаж, шантаажны улс төрийг хална гэсэн нь дэндүү гэнэн мөрөөдөл байсныг У.Хүрэлсүх Засгийн газраа эмхлэхээр ажилласан хэд хоногт яс махандаа тултал ойлгосон биз. Иргэдийн хүлээлт, өөрийн амлалтдаа хүрэхээр зүтгэвэл намаа хоёр хувааж, УИХ-д 65 суудалтай хэрнээ есөн суудалтай АН-ын атганд орчих гээд, үүнээс өөрөөр явъя гэхээр түлхэн унагасан талтайгаа зөвшилцөхөөс аргагүй болсон нь түүнд тулгарсан эхний сорилт байв. Эцэст нь, хэдийгээр нэг намын гишүүн боловч нам дотроо эвсэл байгуулах хэмжээний яриа хэлцэл өрнүүлж, арай гэж л тохиролцон, Засгийн газраа эмхэлсэн.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхийг өнгөрсөн тавдугаар сарын 24-нд баталлаа. Бодлогын тохиргоо хийх шаардлагатай орнуудад тус сангийнхан уг хөтөлбөрийг санал болгодог бөгөөд нийт санхүүжилт нь 5.5 тэрбум ам.доллар юм. Гурван жилийн хугацаатай хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд одоогоор тус сан нийт 118.6 сая ам.долларын санхүүжилт олгоод буй агаад хэрэгжилт нь сайн байгаа гэж саяхан мэдэгдээд, бүх зорилтот тоон үзүүлэлтийг хангалттай хэмээн дүгнэсэн.

Үүнээс гадна хөтөлбөрийг “дагалдан” Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) 32 тэрбум иений хөнгөлөлттэй зээл олгох болсон юм. Мөн Азийн хөгжлийн банкнаас 2017-2020 онд манай улстай хамтран хэрэгжүүлэх 1.2 тэрбум ам.долларын түншлэлийн стратеги хэрэгжүүлэх хүрээнд 250 сая “ногоон”-ы зээлийг өнгөрсөн тавдугаар сард баталсан билээ. Тэгвэл Дэлхийн банк Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэлийг дэмжин, 120 сая ам.долларын санхүүжилт олгох болсноо саяхан мэдэгдсэн.

Хөтөлбөр хэрэгжүүлсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд ач холбогдолтой байсан бөгөөд Монгол Улсын олон улсын зах зээлд арилжсан бондын хүү буурахад нөлөөлөв. Тодруулбал, манай улсын өнгөрсөн гуравдугаар сард арилжсан “Хуралдай” бондын хүү 8.75 хувь байсан бол аравдугаар сард босгосон “Гэрэгэ”-гийнх 5.625 болж буурсан нь сүүлийн жилүүдийн доод түвшин байлаа. Уг хөтөлбөрийн хүрээнд банкны салбар, татварын бодлого зэрэгт шинэчлэл хийх юм.

Хөрөнгийн зах зээл “хөдөлгөөн”-д орлоо

Нам жим байсан хөрөнгийн зах зээл энэ жил “хөөрч, хөдөлгөөнд орсон” гэхэд болно. Монголын хөрөнгийн биржийн Топ 20 индекс энэ он гарснаас хойш 85 хувиар дээшилсэн нь дэлхийд өндөрт тооцогдох юм. Үүнд “Говь”, “Тавантолгой”, “Монгол шуудан” гэсэн цөөн компанийн хувьцааны ханш өссөн нь хамгийн их нөлөөлөв.

Тус биржид зургадугаар сард “Сүү” компани “Сүү” бонд гарган, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилт татсан, мөн “АйТүүлс” компани нэгж хувьцаагаа 100 төгрөгөөр арилжин, 1.3 тэрбум төгрөг босгосон төдийгүй хоёрдогч зах зээлд нэг долоо хоногийн дотор ханш нь 200 төгрөгт хүрсэн юм. Үүнээс гадна “Монгол базальт”, “Лэнд.мн” компани ойрын хугацаанд IPO хийхээр төлөвлөж буй мэдээлэл бий.

Тэгвэл манайд шинээр мэндэлсэн Монголын үнэт цаасны биржээр дамжуулан “Анд энерги” компани IPO хийж, төлөвлөснийхөө дагуу 1.6 тэрбум (захиалга үүнээс 50 хувь буюу 800 саяар давсан) төгрөг босгож чадлаа. Хөрөнгийн зах зээлд өрсөлдөөн нэмсэн, хувийн тус бирж анхны бүтээгдэхүүнээ “өлгийдөн” авсан нь энэ юм. Үүнээс гадна Хөдөө аж ахуйн биржид энэ сарын 19-нд анх удаа ноолуурын форвард арилжаа хийсэн бөгөөд захиалга нь ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Их спортынхны түүхэн амжилт, сүмочдыг тойрсон дуулиан

 

Манай тамирчид энэ онд монгол түмнийхээ магнайг тэнийлгэн, баярын нулимс дуслуулсан чамгүй олон түүхэн амжилт гаргасны зэрэгцээ халаглам, харамсалтай үйл явдал ч нэг бус тохиолдов. Будапештын ДАШТ-ээс Д.Сумъяа алт, М.Уранцэцэг мөнгө, Н.Түвшинбаяр, Г.Болдбаатар, Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг нар хүрэл медаль хүртсэн нь яахын аргагүй түүхэн амжилт. Өмнө нь монгол тамирчид нэг спортын төрлөөр дэлхийн дэвжээнээс зургаан медаль авсан түүх үгүй.

Түүгээр ч үл барам чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д П.Орхон алт, боксын 60 кг-д Д.Отгондалай, хүндийг өргөлтийн 73 кг-д М.Анхцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялаасныг нь онцолъё. Монголын спортын түүхэнд топ дөрвөн төрлөөр нэг жилийн ДАШТ-ээс медаль хүртсэн нь нэн ховор.

Мэргэжлийн сүмогийн дэвжээнд монгол хүний бяр тэнхээ, авхаалж самбааг үлгэрлэж яваа Их аварга Хакүхо М.Даваажаргал Кюүшюү башёгоос 40 дэх түрүүгээ хүртэн, 1062 удаа давж түүхэн амжилтын эзэн болсон. Одоо тэрбээр түрүүлж, давах бүртээ өөрийнхөө амжилтыг шинэчилнэ.

Хэдийгээр спортынхон маань 2017 онд түүхэн амжилт олныг түүчээлсэн ч олныг халаглуулсан бараан үйл явдал ч тойроогүй. Уран хурц, дайчин барилдаанаараа сүмо сонирхогчдын талархлыг хүлээсэн Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт Такаинова А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохисон хэрэг хэрхэн шийдэгдэх нь өдгөө ч олны анхаарлыг татсаар байна.

Харүмафүжи буруугаа хүлээн, зодог тайлсан ч тусыг эс олсон. Японы сүмо бөхийн холбооноос хэрэг гарах үед түүнтэй хамт байсан Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд тэргүүтэй зарим монгол бөхийг шийтгэсэн юм.

Томоотой ханш

Ам.долларын дундаж ханш энэ оны нэгдүгээр сарын 7-нд 2498 төгрөгтэй дүйсэн нь түүхэн дээд үзүүлэлт байлаа. Үүнээс хойш ам.долларын ханш тасралтгүй уруудав. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ хоёр дахин, зэсийн баяжмалын ханш 10 хувиар өсөж, компаниудын валютын орлого нэмэгдсэн нь 2500 төгрөг давахын босгонд тулсан ханшийг доош нь чангаав. Мөн “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт жигдэрсэн нь ч зах зээлийн “цангаа”-г тайлах валют манай руу урсгалаа. Гэхдээ ханш савласан.

Энэ оны зургадугаар сарын сүүлчээр 2350 төгрөгт хүртэл сулраад байсан “ногоон”-ы ханш Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 100 төгрөгөөр дээш “шидэгдсэн”. Санхүүгийн шинжээчид “Монголбанк Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригч МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод санал авах эдийн засгийн таатай олбог дэвсэхийн тулд ам.долларын ханшийг сулруулах бодлого баримталсан. Харин ялагдангуут нь нэг ч ам.доллар зах зээлд нийлүүлэхгүй орхисон” гэж дүгнэсэн юм. Долдугаар сараас хойш ам.долларын ханш харьцангуй тогтвортой байлаа. Ханшийн мурийгаас харвал, үүнээс хойш “ногоон”-ы дундаж ханш 2430-2468 төгрөгт хэлбэлзжээ.

Эдийн засагчид “Энэ жил ам.долларын ханш тогтвортой байлаа” гэж дүгнэж байна. Зээлийн хүү буурсан, импортын барааны үнийн өсөлт саарсан, иргэдийн хүлээлт сэргэсэн нь ам.долларын ханш тогтвортой байснаас шалтгаалжээ. “Ногоон”-ы ханш үсэрч дэвхцээд, унаж босоод, ойж буухгүй томоотой байх нь эдийн засаг, иргэдийн амьдралд ийм сайн нөлөөтэй аж.

Сүүлийн 20 жилд гараагүй түймэр

Уулнаас уул дамжин, мод, ургамлыг толгой дараалан “хядах” улангассан гал өнгөрсөн долдугаар сард Монголын ой, хээрийг хуйхлах дөхсөн. Зөвхөн тус сард 68 удаа түймэр асаж, үүний улмаас 61 мянган га талбай шатсан гэдэг статистик бий. Асралтхайрхан, Сөгнөгөрийн голын эх бүхэлдээ галын аюулд нэрвэгдэж, самар, жимсний орон Хүдэр сум, Араараа модтой Бугатайн зоо, Хүрхрээгийн гацаа гэх байгалийн үзэсгэлэнт нутагт гал нэг сар дүрэлзсэн юм.

Ийм түймэр сүүлийн 20 жил гараагүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан удаатай. Онцгой байдлын бүх алба хаагчид нүцгэн гараараа түймэртэй “дайтаж” байв. Ачааны болон бартаат зам туулах чадалтай машинтай хүмүүс галын голомтод аль болох дөхөж очно, онцгойгийнхонд тусална гэсэн итгэлээр хүлгийн жолоо залсныг мартах учиргүй.

Төр, хувийн гэлтгүй бүх байгууллага хандив өгч, техникээ илгээж, монголчууд эх орныхоо төлөө нэгдэж чадсаныг бид тухайн үед харсан. Мөн онцгой байдлын албаныхаа техник хангамж, гамшигт үзэгдэлтэй нүүр тулах чадамж ямар сул байсныг ч мэдэрсэн. Гэнэтийн цочроо өгч, гамшигт үзэгдэлтэй тэмцэх чадамжаа бэхжүүлэх дохио болсон эл түймрийн “гавьяагаар” ОБЕГ-т туслах хандивын буухиа одоо ч үргэлжилж, агаараас ус цацах нисдэг тэрэгтэй болоход тун дөхөөд буй.

“Хадны мангаа” оффшороос хөрөнгөө татсан хүн алга

Оффшор бүсэд данс эзэмшигч хүмүүсийг “хадны мангаа” мэт үзэх үзэл энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн синдромтой зэрэгцээд бий болов. Дэлхийн өнцөг булан бүр дэх оффшор бүсэд манай иргэд ил, далд хэлбэрээр данс эзэмшиж байгаа нь олон жилийн өмнө мэдэгдсэн. Харин “Панамын баримт”-ыг 2016 оны тавдугаар сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум цахим хуудсаараа дамжуулан зарласан үеэс харь хэлний энэ үг монгол хэлний санд идэвхтэй хэрэглэгдэж ирсэн билээ.

Өнгөрсөн зун оффшор бүсэд данс эзэмшдэг л бол “хадны мангаа” гэж нэрийдэх болж, улстөрчид ч үүнд дөрөөлөн “шоудаж эхэлсэн. Энэ “шоу”-ны үр дүнд УИХ-аас хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гурван сарын дотор оффшорт эзэмшдэг дансаа хааж, тэнд байршуулсан хөрөнгөө оруулж ирээд ХАСХОМ-тээ нэмж мэдүүлэх ёстой байхаар тусгасан.

Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амь оруулах” журмыг ч баталсан. Гэвч хууль хэрэгжсэнээс хойш багагүй хугацаа өнгөрөхөд гадаадаас хөрөнгөө татсан нийтийн албан тушаалтан алга. Ерөнхийлөгч 49 хоногийн хугацаа өгсөн үед НИК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням дөрвөн сая 370 мянган ам.доллароо Монголд оруулж ирсэн юм даг.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр “Диваажингийн баримтууд” гэх жагсаалт олонд ил болж, УИХ-ын гишүүний хамаарал бүхий этгээдүүдийн нэрс гарч ирсэн. Өмнөх жилүүдэд дэлгэсэн жагсаалтад ч улстөрчдийн нэрс ил болсон бөгөөд данс эзэмшдэггүй гэх зэргээр хаацайлаад өнгөрч байв. Энэ удаад бол нэгэнт ил болсон дансаа хааж, тэнд байгаа хөрөнгөө эх орондоо оруулж ирэхгүй бол улстөрчид АТГ-ын үүдийг сахиж, эцэстээ хамаг хөрөнгөө хураалгаж ч болзошгүй хууль үйлчилж эхэлсэн билээ.

Намын даргыг унагасан “60 тэрбум”-ын бичлэг

Эрх баригч намын нөлөө бүхий гишүүд төрийн албыг үнэлэн “борлуулж”, 60 тэрбум төгрөг босгох тухай ярьсныг баримтжуулсан аудио бичлэг энэ онд улс төрийн амьдралд багагүй бужигнаан үүсгэлээ. Уг бичлэгт нэр холбогдсон хүмүүс “Хэдэн жилийн өмнөх яриа, эвлүүлэг” гэх мэтээр тайлбарлаж, булзахыг оролдсон ч нэмэр болсонгүй.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үр дүнд ихээхэн нөлөөлсөн уг бичлэгт дуу хоолой нь үлдсэн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар намын рейтингийг унагасан буруутнаар тодорч, улс төрийн хариуцлага хүлээлээ. Төрийн албыг үнэлэн, 60 тэрбум төгрөг босгох төлөвлөгөөг намын даргадаа танилцуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн Ц.Сандуй нийслэлийн ИТХ-ын болон нийслэлийн намын хорооны даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

М.Энх6олд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа хариуцлагыг хүлээн, намын даргын албан тушаалаа шилжүүлэхэд энэ бичлэг шууд биш ч дам утгаараа нөлөөлсөн билээ.

Мялзан өвчин 6000 орчим бөхөн “залгилаа”

Улирч буй 2017 оны эхэн үе дэлхийд нэн ховор монгол бөхөнгүүдийн хувьд эмгэнэлт хар өдрүүд байлаа. Ховд, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт орших Хүйс, Шаргын говьд нутагладаг 6000 орчим бөхөн бог малын мялзан өвчний улмаас хорогдов. Малын өвчин амьтдад ийн голомтлон тархаж, сүрэг сүргээр нь “залгисан” харамсалтай тохиолдол манай улсад өмнө нь гарч байсангүй.

Тиймээс эл явдал зөвхөн орон нутгийнхныг бус Засгийн газар, байгаль орчны чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагынхныг ч “доргиов”. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас шинжээч ирж, нөхцөл байдалтай танилцаад “Арга хэмжээ авах боломжгүй. Байгалийн шалгарлаар хэд нь үлдэхийг хүлээхээс өөр аргагүй” хэмээн мэдэгдсэн билээ.

Туршлагагүй, аргаа барсан манай холбогдох албаныхан өвчилсөн байж болзошгүй амьтдыг эрүүл, “цэвэр”-ээс нь тусгаарлах гэж Хүйс, Шаргын говийг заагласан хяналтын цэгүүд байгуулж, орон нутгийнхан ч байнгын харуул манаанд гарах, өвчилсөн амьтдын сэг зэмийг устгах зэрэг ажлыг өнгөрсөн хаваржин өрнүүлсэн.

Гэсэн ч аль нь ч үр дүнд хүрсэнгүй, өвчнийг хяналтаасаа бүрэн алдав. “Мялзанг тэсвэрлэж чадсан, дархлаа сайтай амьтад л үлдэж, ихэнх нь үхнэ” гэсэн шинжээчийн “зөгнөл”-ийн дагуу монгол бөхөнгийн хувь заяаг өөрт нь даатгахаас өөр аргагүй болсон юм. Ингээд 3-4 сарын турш бөхөнгүүд өөрсдийн хүчээр мялзантай “тулалдсан”-ы дүнд 45.5 хувь нь мэнд үлдэв. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхны өнгөрсөн хавар хийсэн тооллогын дүнд нэн ховор уг амьтны тоо 4961 болсныг тогтоосон бөгөөд энэ тоо сүүлийн найман жилийн хамгийн доод үзүүлэлтээр бүртгэгдсэн юм.

Тал нутгийн сонгодог хүүгийн удаа дараагийн амжилт

Дуурийн өнөө цагийн тэргүүлэх дуучдын нэг Гавьяат жүжигчин, баритон Э.Амартүвшингийн шинэ шинэ амжилтуудыг улиран одож буй оны сонгодог урлагийн онцлохоор нэрлэж байна.

Баритон Э.Амартүвшин 2017 оны турш Итали улсад төвлөрч ажиллахдаа хүн төрөлхтний урлагийн оройн дээд болсон дуурийн хамгийн шилдэг бүтээлүүдийн гол дүрд дуулсан билээ. Оны эхнээс Парма хотын Дуурийн театр, Женоа хотын “Карло Феличе” зэрэг театрт өөрийн нэрийн хуудас болсон Риголеттогийн дүрд хэдэнтээ тоглож байгаад долдугаар сард тус улсын Верона хотын задгай “Арена” театрт хоёр удаа уг дүрдээ дуулсан нь монгол хүн хаа хүрч болохыг харуулсан содон үйл явдал болсон юм.

Жуулчдын заавал үзэх газруудын жагсаалтад байнга байдаг тус театр 15 мянган хүний суудалтай. Зөвхөн хоёр удаагийн тоглолтоор л гэхэд монгол дуучин ур чадвараа 30 мянган хүнд харуулав. Үүний дараа тэрбээр хоёр шинэ уран бүтээл хийсэн. Тус улсын Неаполь хотын “Сан Карло” театрт аравдугаар сарын 11-нд суут Ж.Вердийн “Симон Бокканегра” дуурийн Симон Бокканеграгийн дүрд анхлан тоглов.

Мөн тухайн сарын 28-нд тус улсын Падуа хотын “Вердийн театр”-т мөн Ж.Вердийн “Трубадур” дуурийн ди Лунагийн дүрийг бүтээсэн нь чухамхүү Э.Амартүвшин л давж гарахаар өндөр даваанууд байлаа.

“BBC Cardiff singer-2015” уралдааны гол хоёр шагналын нэг “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртсэн амжилтдаа дөрөөлөн холын аянд мордсон тал нутгийн хүүгийн удаа дараагийн амжилт 2017 оны “10 онцлох”-ын нэг юм.

Хамгийн хамгийн...

Дуулианы эзэн

Дунд боловсролтой, яллагдагчаар татагдаж явсан Х.Баттулгыг Төрийн тэргүүн болоход, бүр намынхаа “сунгаа”-нд оролцоход нь ч эвлэрч үл чадах хүн олон байсан. Гэвч тэр ялсан. “Монгол ялсан”. Тэгэхдээ сонгогчдыг дуулиант мэдээллээр “зодож”, ялсан. Манай сонгуулиудын түүхэнд хамгийн бохир, ялахын төлөө яахаас ч үл буцах үйлдлүүдийн нэлээд нь Х.Баттулга ба түүний багийнхнаас гарч байсан.

Магадгүй энэ нь монголчуудыг анх удаа хоёр дахь шатны санал хураалтад оролцуулж, санал нь “цагаан сонголт”-д тарамдаж, ердөө 30 хувийн (сонгуулийн насны нийт иргэний) дэмжлэгээр Ерөнхийлөгч “төрүүлэхэд” хүргэсэн байж ч мэднэ. Мэдээж дөнгөж жилийн өмнө бүх шатанд үнэмлэхүй олонх болсон МАН-ын нэр дэвшигчийг ардаа орхисон нь ч жирийн бус явдал.

Түүний бүрдүүлсэн баг, Тамгын газрын даргыг нь зарим талаар “дэд Ерөнхийлөгч” хэмээн ёжлох нь санамсаргүй хэрэг биш. Бүрэн эрхийнхээ хүрээнд хэдий ч нэг бус удаа хориг тавьж, өмнөх Ерөнхийлөгчийн санаачилга, Монгол Улсын цаазын ялнаас татгалзах байр сууринаас буцсан нь анхаарал татсан хэвээр. Мөн хэдийнэ томилогдон, суух орноосоо зөвшөөрөл авчихсан Элчин сайд нарт илт ялгавартай хандаж, эх оронд нь “саатуулж” буй нь аанай л дуулиан болж байна. Үг хэлэх бүртээ шахам “30 гэр бүл”-ийн талаар дурдах нь улиг болж мэднэ.

“Өнөөдөр”-ийнхөн Монголд хамгийн олон нүүртэй сонин гаргалаа

2017 онд Монголын сэтгүүл зүйн, тэр дундаа өдөр тутмын сонины түүхэнд анх удаа 68 нүүр сонин хэвлэгдсэн онцгой он жил байлаа. Одоогоос 21 жилийн өмнө нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдоржийн үүсгэн байгуулсан үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонин энэхүү түүхийг бүтээсэн юм. Ц.Балдорж эрхлэгч маань бурхны оронд одоод 10 жил болж буй ч хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэн хөгжүүлэх гэсэн үйлс зорилгыг нь хойч үеийнхэн бид үргэлжлүүлж яваа билээ.

Энэ сарын 15-нд буюу эрхлэгчийнхээ төрсөн басхүү нартаас буцсан өдрөөр “Өнөөдөр” сонины хамт олон Монголд анх удаа 11 секц бүхий 68 нүүр сонин хэвлүүлж, Бал эрхлэгчдээ хүндэтгэл үзүүлэв. Манай сонин Нийгэм, Эдийн засаг, Экологи, Ертөнц, Эрэн сурвалжлах, Чөлөөт цаг, Ням гариг, Таван цагариг гээд төрөлжсөн секцээр гардгийг уншигчид юу андах билээ.

Анхны өдөр тутмын чөлөөт хэвлэл, анхны өнгөт, анхны нарийн форматтай сонин, анхны 32, 36, 40, 44 нүүр сонин гээд Монголын өдөр тутмын сонины түүхэнд олон зүйлээр анхдагч “Өнөөдөр”-ийнхөн энэ удаа дахин нэгэн шинэ түүх бичсэн нь энэ. “Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэ цэнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ” хэмээн эрхлэгч маань энэхүү мэргэжлийн онцлог хийгээд ач холбогдол, үнэ цэнийг хойч үеийнхэндээ гуйвшгүй бат тодорхойлж өгсөн. Тийм ч учраас Бал эрхлэгчийн бий болгосон дэг сургуулиар хүмүүжсэн олон хүн өнөө цагийн Монголын мэргэжлийн сэтгүүл зүйн тэргүүн эгнээнд тод мөртэй явдаг. Хойшид ч тийм байх нь дамжиггүй ээ.

Отгонтэнгэрийн оройд 17 уулчин эрсдэв

Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд өнгөрсөн аравдугаар сарын 22-нд 27 уулчин авираад буух замдаа 17 нь осолдож, амиа алдсан нь улирч буй оны хамгийн эмгэнэлтэй үйл явдал боллоо. Осолдогчдын дөрөв нь эмэгтэй, 13 нь эрэгтэй байв. “Уулчид осолдлоо” гэх дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг болон Гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан дөрвөн уулчны хамт “МИ-171” нисдэг тэргээр Отгонтэнгэр хайрханд очсон.

ОБЕГ, ЦЕГ, ЗХЖШ, ГССҮТ, ШШҮХ, Завхан, Ховд, Баян-Өлгий аймгийн онцгой байдлынхан, уулчид зэрэг 300 орчим хүн 30 техник хэрэгсэл, хоёр нисдэг тэрэгтэй гурав хоног ажилласны эцэст Отгонтэнгэр хайрхны зүүн урд талд 3200 метрийн өндөр дэх эгц хадан хясааны орчмоос 17 хүний цогцсыг бүгдийг нь олсноор горьдлого тээсэн ар гэрийнхэн, монголчууд харуусал дүүрэн хоцорсон билээ. Үүний дараахан Шадар сайд харьяа байгууллагын удирдлага болон уулчидтай зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, тэднийг даатгалд хамруулах, уулын холбоодод хяналт тавих асуудлыг анхаарлыг төвд авахыг сануулсан юм.

Улстөржсөн компани

Зэсийн үнэ 10 хувиар өссөн энэ онд “Эрдэнэт үйлдвэр” компани уул уурхайн салбарынхан гэхээсээ илүү улстөрчдийн анхаарлын төвд байлаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааны 49 хувийг төрийн мэдэлд авсан нь зөв, хувийн хэвшлээс дээрэмдсэн нь буруу гэсэн маргаан зүйрлэвэл ойн түймэр мод болгонд дамжин асах шиг. Энэ үйлдвэртэй холбоотой маргаанд томоохон улстөрч татагдан орох нь ойн түймэрт мод нэг нэгээр нэмж шатахтай адил юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүүхэд “Эрдэнэт үйлдвэр”-т шахаа хийдэг, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар зэсийн баяжмалын борлуулалтаас хувь хүртдэг гэх мэт явган улстөржилт үргэлжилсээр. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц хамгийн сүүлд энэ түймэрт өртөв. Учир нь тэр “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах хэлэлцээрийн үеэр ОХУ-ын талтай уулзчихжээ. Ингээд хувийн хэвшлийн луйварчдад үйлчилсэн хам хэрэгтнээр дуудуулав.

“Хөвдний түймэрт” өртсөн цэцэгс

Сэртхийм, сонссон хүний шар үс босмоор хэргийн золиос болж буй охидын талаарх мэдээллүүд улирч буй оны цочирдом үйл явдал байв. Дөнгөж хоёр нас хүрч буй охиноос авахуулаад 17 хүртэлх настай 150 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж, бие махбодь, сэтгэлийн нөхөж баршгүй хохирол амслаа. Тэдний олонх нь ах, аав хэмээн хүндэлж, итгэдэг хүмүүстээ хүчирхийлүүлсэн байдаг. Далд, яг л хөвдний түймэр шиг нүдэнд үзэгдэхгүйгээр “газар авч”, гэмт этгээдийн хэрэг үйлдэх хэлбэр, арга нь улам л харгис болсоор.

Өнгөрсөн наймдугаар сард хөрш айлынхаа залууг дагаж очоод, “Очир төв” хэмээх зочид буудалд амиа алдсан охины хэрэг нийгмийг бүхэлд нь цочроосон. 13-хан настай талийгаачийн цуснаас хоёр шил архи уусан гэмээр спирт илэрсэн гэх. Гэвч, эл хэрэг өдгөө ч эцэслэгдээгүй, холбогдох байгууллага түүнийг архинд хордсоны улмаас амиа алдсан гэх дүгнэлт гаргаад буй.

Уг хэргийн дуулиан намжаагүй байхад хойт эцэгтээ хүчиндүүлсэн байж болзошгүй таван настай охин шинжилгээ өгөхөөр ШШҮХ-ийн хүлээлгийн танхимд хэвтэж буй зураг шуугиан тарьсан. Эл хэргийн хамгийн жигшмээр хэсэг нь “Охин өвдөөд байна гэхээр нь хийгээгүй, оролдож үзсэн” гэх хойт эцгийн мэдүүлэг байв. Сураггүй болоод хоёр орчим сар болж буй найман настай Д.Сэржмядаг охиныг ч ийм хэргийн золиос болж, амиа алдсан байх вий айдаст нийгэмд бий.

“Оннц дүмд” шуугиулав

Реппер Рокит Бэй буюу О.Баярсайханы зохиолыг нь бичиж, найруулсан “Оннц дүмд” хүүхэлдэйн цувралын эхний бүлгийн 10 анги өнгөрсөн хоёр сарын турш залуусыг байлдан дагууллаа. Өнөө үеийн нийгмийн алдаа оноо, шүүмжлэлтэй талуудыг бодитоор шүүмжлэн ёгтлон харуулсан, насанд хүрэгчдэд зориулсан тус хүүхэлдэйн киноны дүрслэл, тэр бүү хэл гол дүрүүдийн хэлсэн бүдүүлэг хэллэг агуулсан үгс тренд болж байна.

О.Баярсайхан тус бүтээлийнхээ анги бүрт Монголынхоо өв соёл, уламжлалыг харуулсан дүрслэл шингээж байсан юм. Жишээлбэл, хоёрдугаар ангид Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” бүтээл, Ногоон дарь эх бурхныг ч шигтгэсэн байсан. Тус киноны гол дүр Дамбажаагийн “Эмэгтэй хүн эрхлэх л эрхтэй”, Гомбожаагийн “Ах нь бүгдийг зохицуулна” гэхчилэн хэлсэн олон үг залуусын дунд тренд болсоор байна.

Алдаа, оноотой ч ард түмэндээ үзүүлсэн бодит тусламж

Монгол Улсын Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр баталж, орон даяар хэрэгжүүлж эхэлсэн нь төрөөс ард иргэдийн төлөө хийж буй бодит ажил байлаа. 2020 он гэхэд С вирусийн халдвартай 150 мянган хүнийг бүрэн эмчилж, элэгний хорт хавдар, хатуурлаас шалтгаалан нас барах явдлыг эрс бууруулж, вирусийн голомтыг устгахаар зорьж буй. Үүний хүрээнд 2017 онд 40-65 насны даатгуулагчийг В, С вирусийн илрүүлэг, ачаалал тоолох шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байгаа билээ.

Улсын болон хувийн лабораториудаас 22-т нь тусгай зөвшөөрөл олгож, тэдний заримд нь орон нутгаас сорьц тээвэрлэн, вирус тоолох эрх олгосон. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар вирусийн илрүүлэг шинжилгээнд 335 727 хүн хамрагдсан нь зохих хүн амын 44.8 хувийг эзэлж буй аж. Холын аймаг, сумаас сорьц тээвэрлэхэд аюулгүй байдал алдагдах, чанарын шаардлага хангахгүй тохиолдол цөөнгүй гарсан.

Мөн иргэдийн шинжилгээний хариуг цаг тухайд нь өгөөгүй, хариу нь зөрүүтэй гардаг зэрэг алдаа дутагдал байгаа ч элэгний С вирусийн эсрэг эм тус бүрээс 210 мянган төгрөг хөнгөлсөн, үнэ төлбөргүй шинжилгээ авч эхэлсэн нь иргэдийнхээ эрүүл мэндэд оруулсан бодит тусламж болж чадсан юм.

Газар тариалангийнхан “шатлаа”

Ган нүүрлэж, ургац алдсан амаргүй жил улирав. Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйл, гангийн улмаас манайхан нийт ургацынхаа 50 орчим хувийг нь алдсан 2015 оны түүх энэ жил давтагдав. Олон хоног дараалан халах, эсвэл усан бороо хэдэн өдөр үргэлжлэн цутгах зэрэг тэнгэрийн муухай араншингийн “боол болсон” тариаланчид ургацаа хураах гэж зүдэрсээр 216.200 тонн буудай авлаа.

Ихэнх бүс нутгаар 40-50 хоног хур тунадас огт унаагүй, 10 орчим хоног 32-41 градус хүрч халсан нь ургац алдах гол шалтгаан болов. Түүнчлэн наймдугаар сард их хэмжээний бороо үргэлжлэн орсон нь ч ургацын хэмжээ, чанарт сөргөөр нөлөөллөө. Үүнээс болж улаан буудайн 107 000 га талбайн буудай “шатсан” бөгөөд нийт ургацынхаа 54 хувийг алдав. Уг нь өнгөрсөн намар ойролцоогоор 470.000 тонн буудай хураан авч, дотоодын хэрэгцээг бүрэн хангахаар төлөвлөж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)