Энэ онд 18 цэцэрлэг ашиглалтад оруулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой зарим асуудал хэлэлцлээ.

Өнгөрсөн жил төрийн болон хувийн өмчийн 661 цэцэрлэгт 113 521 хүүхэд хамрагдсан нь сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 77.6 хувь аж. Энэ жил 672 цэцэрлэгт 114 252 хүүхэд хамруулах төлөвлөгөөтэй гэнэ. Түүнчлэн өнгөрсөн жил зөвхөн хоёр настай хүүхдүүдийг цахимаар бүртгэж байсан бол энэ онд 2-5 насныхныг хамруулж байна. Цахим бүртгэл өдгөө явагдаж байгаа бөгөөд энэ сарын 23-ныг дуустал үргэлжилж, 24-ний баасан гарагийн 09.00 цагт цэцэрлэгт хамрагдах азтай хүүхдүүдийг нэгдсэн журмаар сонгох аж. Одоогоор бүртгэлд 59 891 хүүхэд хамрагджээ. Хүүхдийн бүртгэлийн тоо хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс, эцэг эхчүүдэд нээлттэй, түүврийн аргаар “цахим элсэлт” явуулах юм байна.

Дашрамд дурдахад, энэ хичээлийн жилд төрийн өмчийн 18 цэцэрлэг ашиглалтад оруулахаас одоогоор тавынх нь барилгын ажил дууссан байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)