Энэ онд манай улс 458 мянган га-д тариалалт хийнэ

Энэ онд улсын хэмжээнд 458 мянган га-д тариалалт хийх бөгөөд үүнээс 362.1 мянган га-д улаан буудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 10 мянган га-д жимс жимсгэнэ тарих юм байна.

Ингэснээр ирэх намар манай улс 477.6 мянган тонн улаан буудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах төлөвлөгөө гарчээ.

Энэ зорилтын хүрээнд үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримлыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж, иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж буйг ХХААХҮЯ-наас өчигдөр мэдээлэв.

Хаврын тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн буудайн үр шаардагдахаас одоогоор 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдээд байгаа аж. Хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрийн зардлаар шинэчлэхээр хүсэлт ирүүлсэн найман аж ахуйн нэгжид 820 тонн үрийн буудай импортоор авах зөвшөөрөл олгосон байна. Тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж дугаарлан, стандартад тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажил хийж буй гэнэ.

Мөн хаврын тариалалтад шаардагдах 7100 тонн дизель түлшний нөөцийг бүрдүүлэхээр холбогдох байгууллагуудад ханджээ. Тариаланчдад санхүүгийн дарамт багатайгаар асуудлыг шийдэхийн тулд дутагдалтай байгаа үрийн буудайг 30-40 хувь, шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 125 морины хүчтэй трактор, намираа услалтын систем, хүнсний ногооны үрлүүр, үрсэлгээ суулгагч, хөрс боловсруулах техникийг тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 20 хувийн урьдчилгаа төлбөртэй дөрвөн жилийн хугацаатай зээлээр олгож буй. Харин улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны зориулалттай 197.5 мянган тоннын багтаамжтай 9700 гаруй зоорь ашиглаж байгаа нь хүн амын хэрэгцээг бүрэн хангах зорилтот ургацын 56 хувийг л хадгалах боломжтой гэнэ.

Тиймээс ХХААХҮ-ийн сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод 10 мянган тоннын багтаамжтай агуулах бүхий хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах, томоохон аймгийн төвүүд болон төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн голлох сумдад тус бүр нь 1000 тоннын багтаамжтай ногооны 12 зоорь барих төслийн боловсруулснаа энэ үеэр дуулгалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)