Энэ онд газрын тосны үнэ өөрчлөгдөхгүй

Монголын газрын тосны томоохон импортлогч компаниуд болох НИК, “Магнай трейд”, “Шунхлай” нь хойд хөршийн “Роснефть”-тэй нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай таван жилийн хугацаатай гэрээг өнгөрсөн онд байгуулсан. “Роснефть” компанийн зүгээс Сингапурын биржийн ханшид тулгуурласан үнийн санал тавьж байсан билээ. Уг гэрээнд жил бүр тохируулга хийдэг бөгөөд энэ сарын 11-15-нд Газрын тосны газар, нефть импортлогч компаниудын төлөөлөл Москвад ажиллаад иржээ. Энэ талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Үнийн болон нийлүүлэлтийн хэмжээнд тохируулга хийгээд ирсэн. Өнгөрсөн оны үнийн түвшинд өөрчлөлт хийхгүйгээр тохиролцсон. Сингапурын биржийн үнэ дээр тээврийн зардал нэмнэ гэсэн схемээр тохирсон. Тэгэхээр манай нефтийн зах зээлд үнийн томоохон хөдөлгөөн гарахгүй” гэв.  Өнгөрсөн онд “Роснефть” компани манай улсын нийт нефть бүтээгдэхүүний 63 хувийг нийлүүлжээ. Энэ онд дээрх тоо бараг 70-80 хувьд хүрч магадгүй байгаа аж. Г.Өлзийбүрэн “Ганцхан компани газрын тосны бүтээгдэхүүний дийлэнхийг нийлүүлдэг байсанд хүмүүс санаа зовдог. Боломжийн үнээр өгч байхад санаа зовох зүйл алга. Харин монополь гээд үнээр шахаад байвал хэцүү. Монгол Улс түүхий тостойн давуу талаа ашиглаж байгаа. Түүхий тосоо урд хөрш рүү экспортолж, нефть бүтээгдэхүүн авчихаж байна. Тэгэхээр оросууд бас өндөр үнээр нийлүүлж болохгүй гэдгийг ойлгож байгаа” хэмээн ярьсан.

Манай улс өнгөрсөн онд 633.1 сая ам.долларын боловсруулаагүй нефть экспортолсныг Сангийн яам мэдээлээд буй. Энэ хугацаанд нэг сая тонн түүхий тос нийлүүлсэн гэх албан бус дүн бий. Тэгвэл 2014 онд улсын хэмжээнд 1.3 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэжээ. Түүхий тосны нийлүүлэлт нэмэгдсэн нь  валютын урсгалд эергээр нөлөөлж буй юм. Дашрамд дурдахад, хэрэглэгчдэд үнийн хэт их ачаалал үүрүүлэхгүйн тулд онцгой албан татвар авахаа больчихсон байснаа дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ хямдарсантай холбоотойгоор сэргээсэн. Нэг литр бензиний үнийн 450-480 төгрөг нь татвар аж.

Ц.Болормаа 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)