Энэ намар уйдахгүй нь

Кино сонирхогчид энэ намар долоон өөр цувралаар уйдаагаа гаргаж болох нь. Тодруулбал, Францын найруулагч Мишель Гондригийн найруулсан “Kidding” цувралыг ирэх сарын 9-нөөс “Showtime” сувгаар гаргана. Алдарт жүжигчин Жим Керри тус кинонд Жефф гэх хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчийн дүр бүтээжээ.

Түүнчлэн Их Британийн “Channel 4” сувгаар ирэх сарын 14-нөөс жүжигчин Шон Пеннийн тоглосон “The first” киног үзэх боломжтой. Инээдмийн кинонд дурлагсад ирэх сарын 21-нээс найруулагч Кэри Фукунавагийн “Maniac” инээдмийн цувралыг хүлээн аваарай. “Оскар”-ын шагналт жүжигчин Эмма Стоун болон Жона Хилл нарын гол дүрд нь тоглосон эл цувралд найз залуугаасаа салаад удаагүй Энни Лендсберг, сэтгэцийн эмгэгтэй Оуэн Милгрим нар учир битүүлэг эмнэлгийн туршилтад оролцож, хөглөж буй тухай өгүүлнэ.

Найруулагч Мэттью Вайнер “Am­azon prime” телевизэд зориулж найман ангитай цуврал бүтээжээ. “The romanoffs” гэх эл кино хэсэг хүн өөрсдийгөө большевикуудад хүйс тэмтрүүлсэн Оросын хааны гэр бүл Романовынхны үр удам хэмээн зарлаж буйгаар эхэлдэг. Гол дүрд нь Изабель Юппер, Кристина Хендрикс, Дайан Лэйн нар тоглосон тус киног аравдугаар сарын 12-ноос толилуулна. Түүнчлэн ирэх аравдугаар сард “Netflix”-ийн “The chill­ing adventures of Sabrina”, HBO сувгийн “Camping”, арваннэгдүгээр сард алдарт жүжигчин Жулия Робертсын тоглосон “Homecoming” цувралыг хүлээн аваарай.


Бэлтгэсэн: А.Хангал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)