ЭНЭ ЖИЛ РАПСЫНХ БОЛНО

 “Би дахиж улаан буудай тарихгүй” гэж түүнийг хэлэхэд гайхав. Өнгөрсөн жил 3000 га талбайд улаан буудай, 100 га-д рапс тарьсан түүнийг ингэж хэлэхэд “Бүх тариаланч ийм бодолтой байвал бид юу идэх болж байна аа” гэсэн айдас төрсөн юм. Л.Оч Сэлэнгэ аймагт, нагац нь Төв аймагт тариалангийн талбайтай. Түүнийхээ дийлэнх хэсэгт улаан буудай, багахан хэсэгт рапс тариалсаар ирсэн ч сүүлийн хэдэн жилд улаан буудайн талбайгаасаа ургац олигтой аваа ртгүй, хураасан жаахан будааг нь гурилын үйлдвэрүүд голоод хямдхан үнэлжээ. Засгийн газраас тариаланчдад олгодог улаан буудайн урамшууллын хэмжээ сүүлийн хэдэн жилд нэмэгдээгүй нь түүний урмыг хугалж, арчилгаа ихтэй улаан буудай тамирыг нь бүрмөсөн тасалж орхисон бололтой.

Нагац нь өнгөрсөн хавар бүх талбайдаа рапс тариад намар ямар ч хаягдалгүй хураан авч, тонн тутмыг нь 700.000-750.000 төгрөгөөр борлуулжээ. Тэгэхэд Л.Оч улаан буудайгаа борлуулах гэж гурилын үйлдвэрүүдийн буудай авах цэгийн гадна хонон өнжин дугаарлаж, чийг, цавуулаг хангалтгүй, буудайн хэмжээ жижиг гэх зэргээр өөлүүлж, гоочлуулсаар нэлээд хорогдол хасуулан, 18-20 хувийн цавуулагтай буудайг 310.000, 20-22 хувийн цавуулагтайг нь 320.000 төгрөгөөр өгчээ. Газар тариалангийн том компаниудын дэргэд түүний тариалангийн талбай өчүүхэн. Гэхдээ дуслаас далай үүсдэг хойно олон тариаланч түүн шиг улаан буудайнаас татгалзаж, рапсыг сонговол яана. Харамсалтай нь “Би энэ жил улаан буудай тарихгүй ээ” гэх хүн жилээс жилд нэмэгдсээр, энэ жил олширсон нь анзаарагдав. Ингэж шулуухан хэлэхгүй ч цаанаа улаан буудайн талбайгаа хумьж, рапсын талбайгаа нэмэгдүүлж байгаа нь ч бишгүй.

БУУДАЙН ҮНИЙГ ХЭЗЭЭ ЗАРЛАХ НЬ ЗӨВ БЭ

2013 оны хавар тариаланчид Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-д нийлүүлэх нэг тонн улаан буудайн үнийг 350.000 төгрөг болгох, буудайн үнийг намар биш хавар тогтоон зарлаж байхыг ҮХААЯ-наас хүссэн юм. ТЭДС-гийн үнээр баримжаалан гурилын үйлдвэрүүд буудайг хэдэн төгрөгөөр авахаа шийддэг тул энэ нь тариаланчдын хувьд тун чухал. Үүнээс гадна үнийг хавар зарлавал тариаланчид хэчнээн га талбайд юуг, ямар хэмжээгээр тариад хэр их ургац хурааж, хэдээр борлуулахаа тооцон, ашиг, алдагдлаа урьдчилан дэнслэх боломж бүрдэнэ. Ингэснээр буудай тарих эсэхээ шийднэ. Ашиггүй бол тарихгүй гэсэн үг. Одоо бол тариаланчид ургацаа хэдэн төгрөгөөр борлуулахаа мэдэхгүй, ямар ч тооцоо судалгаагүйгээр тариа тарьж байгаа. Хавар үнэ зарлах нь тариаланчдад ийм чухал.

Харин ард иргэдэд болоод Засгийн газар, ҮХААЯ-нд ашиггүй. Ургацаа хэдээр борлуулахаа мэдэж байгаа тариаланчид тооцоо хийж үзээд “Ашиггүй ажиллах нь тодорхой байгаа учраас улаан буудай тарихгүй” гээд гэдийчихвэл яах вэ. Ард иргэд гурилгүй болж, орос гурилын үнэ гаарч, гурил үйлдвэрлэгчид гадаад руу буудайн эрэлд мордоно гэсэн үг. ОХУ, Казахстанаас гурил, буудай гуйхад хүрнэ. Хойд хөршөөсөө буудай гуйж байсан цаг саяхан. Төр, засаг бодлогын жаахан алдаа гаргахад л тэр түүх давтагдана. 2007 оны намар манай улс ургацаа цасанд даруулсны улмаас 2008 онд ОХУ-аас экспортын татваргүй үнээр 85 мянган тонн буудай, 15 мянган тонн гурил оруулж ирж, тэнгэрт хадсан гурилын үнийг аргацааж байв. Дараа жил нь 114 мянган тонн буудай гадаадаас импортолсон. Өнгөрсөн намар бас л чамгүй ургац алдсаны харгайгаар өдгөө ОХУ-аас 100 мянган тонн буудай оруулж ирээд байгаа. Гурил бол манай улсын стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний нэг. Мах, гурилаас өөр юм иддэггүй, цагаан, шар, гурвалжин будаа таалдаггүй хүн монголчуудын дунд олон. Хотынхон талхгүй, хөдөөгийнхөн боорцоггүй, монгол хүн гурилтай шөлгүй, буузгүй болчихвол юу болохыг төсөөлөхөд бэрх.

Ард иргэд өлөн зэлмүүн болчихвол ҮХААЯ-ныхан сайдаасаа эхлээд огцорч, халагдаж, хариуцлага хүлээцгээнэ. Ийм асуудал үүсвэл Засгийн газар ч зүгээр өнгөрөхгүй. Үүнийг улстөрчид мэдэх тул буудайн үнийг хавар зарладаггүй. Уг нь хавар зарлахдаа тариаланчдад ашигтай байхаар үнэ тогтоож болно л доо. Тариаланчдын хүссэн үнээр буудайн үнийг тогтоох гэхээр гурилын үнэ нэмэгдэнэ. Энэ бол гарцаагүй. Үнэ нэмэгдэх нь дахиад л ард иргэд, Засгийн газрын аль алинд нь ашиггүй. Тиймээс л өдий хүртэл үе үеийн Засгийн газар улаан буудайн үнийг хавар биш, намар зарласаар ирсэн. Тэр жишгээр өнгөрсөн хавар тариаланчдын хүсэлтийг ҮХААЯ хүлээж авалгүй, буудайн үнийг намар зарлахдаа 350.000 биш 320.000 төгрөгөөр тогтоосон. Уг нь тариаланчид ҮХААЯ буудайн үнийг хавар зарладаггүй юм гэхэд өөрсдийнх нь шаардсанаар үнэ тогтооно гэж итгэжээ. Гэтэл санаснаар болсонгүй. Тариаланчид буудайнаас татгалзан, рапсыг сонгох болсны нэг шалтгаан энэ.

БУУДАЙН ҮНЭ БАРАГ ӨСДӨГГҮЙ, РАПСЫНХ ОГЦОМ НЭМЭГДДЭГ

2012 онд нэг тонн улаан буудайн үнийг ҮХААЯ 280.000 төгрөгөөр тогтоож, тариаланчдад тонн тутамд 50.000 төгрөгийн урамшуулал олгосон. Гэтэл тэр үед нэг тонн буудайг 350.000 төгр өгөөр тогтоогоод урамшуулал олговол тариаланчид ашигтай ажиллана гэсэн тооцоо гарч байв. Буудайн үнэ ийм байхад рапсыг тэр үед 400.000- 450.000 төгрөгөөр борлуулж байлаа. Үүнээс ганцхан жилийн дараа рапсын үнэ огцом нэмэгдэж, 700.000-750.000 төгрөг болсон. Хятадад рапсын эрэлт хэрэгцээ нэмэгдсэн, сайн чанарын үрийн нөөц бүрдүүлэх бодлого баримтлан, рапс тариалагчдадаа их хэмжээний зээл олгосон зэрэг нь Монголд рапсын үнэ тэнгэрт хадахад хүргэсэн юм. Тариаланчид царай алдан байж буудайг хямд зардаг бол рапсыг өндөр үнээр гуйлгаж өгдөг. Хөрс голдоггүй, ашгаа хурдан өгдөг, арчилгаа бага, жин ихтэй рапсыг тариаланчид тарих сонирхолтой ч хөрсний үржил шимийг ховх сордгоос нь болоод татгалздаг. “Тариаланч хүн газар шороондоо хайртай байлгүй яах вэ. Гэвч хайртай хайртай гээд шороогоо идэлтэй биш. Түүн дээр юм ургуулж, тэрийгээ зарж мөнгө болгохын тулд л шороотой хутгалдаж явна. Яаж ийгээд буудай тариад байхад үнэ нь өсөхгүй болохоор өндөр үнэтэйгээр нь рапсыг сонголгүй яах юм бэ” гэж Л.Оч цөхөрсөн байдалтай өгүүлэв. Үнэхээр ч газар тариалан бол бизнесийн салбар. Бизнес хийж буй хүн ашиг олох нь зарчим. Тэгэхээр буудайг рапсаар сольж буй түүнийг буруутгах аргагүй. Тэрбээр “2008 онд төрөөс бидэнд нэг тонн буудай тутамд 80.000 төгрөгийн урамшуулал олгож, нэг тонн буудайгаа 400.000 төгрөгөөр борлуулж байлаа. Тэгэхэд бид ашигтай ажилласан. Түүнээс хойш дизель түлш, тос, ажилчдын цалин, сэлбэг хэрэгслийн үнэ өчнөөн төгрөгөөр нэмэгдчихээд байхад 310.000 төгрөгөөр буудайгаа зарж, 100.000 төгрөгийн урамшуулал авч байна. Алдагдал ямар байх нь ойлгомжтой байгаа биз дээ” гэж бухимдан өгүүлсэн.

РАПС ТАРЬСАН ТАЛБАЙ ГАНЦХАН ЖИЛД 54.4 МЯНГАН ГА-ГААР НЭМЭГДЖЭЭ

Манай улс рапсыг 1990 он хүртэл багахан талбайд малын тэжээлийн зориулалтаар тарьж байгаад нэг хэсэг тоохоо больсон. 2004 оноос эргээд тариалдаг болж, тухайн жилдээ 1.2 мянган га талбайд суулган, 600 тонн ургац хураажээ. Түүнээс хойш жил тутам рапс тарьсан талбай, хураасан ургацын хэмжээ нэмэгдсээр 2007 онд 51.7 мянган га талбайд тарьсан байна. Ингээд дараах хоёр жилд нь рапсын тариалалт багассан ч 2012 оноос эргээд нэмэгджээ. Ноднин Монгол Улсын газар тариалангийн салбарын түүхэнд байгаагүй их талбайд рапс тарьсан юм.

ҮХААЯ өнгөрсөн жил үр тариа 324.7 мянган га-д, үүнээс улаанбуудай 313.7, тосны ургамал 25.0, нийтдээ 393.5 мянган га-д тариалалт хийж, 487 мянган тонн үр тариа хураах зорилт тавьсан байв. Харин хавар нь улсын хэмжээнд 12 аймгийн 58 суманд 293.4 мянган га-д үр тариа, үүнээс 276.6 мянган га-д буудай, 79.4 мянган га-д тосны ургамал, нийтдээ 407.4 мянган га-д тариалалт хийсэн. Одоо тоо бодъё. Нийт тариалсан талбайн хэмжээ 13.9 мянган гагаар нэмэгдсэн байтал үр тариа тарьсан талбайн хэмжээ 31.3 мянган га-гаар багасчээ. Улаан буудай тариалсан талбай 37.1 мянган га-гаар багассан бол рапсын талбай 54.4 мянган га-гаар нэмэгдсэн. Энэ бол тариаланчид рапсыг сонгож буйн баримт. Өнөө жилээс бүр ч олон тариаланчийн сонголт рапс болох дүр зураг харагдаж байна. Рапс уг нь газрын хөрсийг азотоор баяжуулдаг ашигт ургамлын төрөлд багтдаг ч их хэмжээний үржил шим шаарддаг. Хөрсөнд азот ялгаруулдаг чанарыг нь харгалзан ҮХААЯ зарим компанитай хамтран Канад, Германаас рапсын сайн сорт оруулж ирэн, аж ахуйн нэгжүүдэд зээлээр өгч, сэлгээний журмаар тариулж байгаа аж. Энэ нь тариаланчдыг рапс сонгоход нөлөөлж буй бас нэг хүчин зүйл болжээ.

ҮХААЯ энэ хавар 373.5 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ. Үүний 304.5 мянган га-д улаан буудай, 24.1 мянган га-д тосны ургамал тарих аж. Дархан-Уул аймаг гэхэд 13.2 мянган га-д үр тариа, 3.5 мянган га-д техникийн таримал, Булган аймаг улаан буудай 28.9 мянган га-д, рапс 600 га-д тарина гэж урьд оныхоос бага талбайд тариалалт хийх даруухан төлөвл өгөө гаргажээ. Гэхдээ энэ бол төлөвлөгөө. Төлөвлөгөөг тариаланчид биелүүлдэггүйг дээрх баримт харуулав. Хэдийгээр ҮХААЯ энэ жил рапс тариалах талбайг өнгөрсөн хаврынхаас 0.9 мянган га-гаар багасгаж төлөвлөсөн ч тариалалт дууссаны дараа огт өөр дүр зураг гарахаар байна. Ноднин гэхэд л цаасан дээрх тооноос хоёр дахин том талбайд рапс тарьсан нь үүний нотолгоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)