Энэ жил ноосны урамшуулалд 22.6 тэрбум төгрөг олгоно

Мал хамгаалах сангийн захирал Б.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-2016 оны ноосны урамшууллыг малчдад олгож эхэлсэн гэсэн. Энэ онд хэдэн малчин хэдий хэмжээний урамшуулал авах вэ?

-“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 30 дугаар тогтоолыг 2011 онд баталсан юм. Энэ хүрээнд Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын дагуу урамшуулал олгож эхэлсэн.

Өнгөрсөн жилээс дээрх тогтоолд заасан “хоршооны гишүүн байх” гэсэн томьёоллын дагуу малчдад ноосны урамшуулал олгохоор болсныг манай малчид мэдэж байгаа.

2016 оны хувьд хонь, тэмээний ноосны урамшуулалд 21 аймаг, сум, дүүргээс нийт 92.885 малчин, мал бүхий этгээдийн үндэсний үйлдвэрт тушаасан 20.599 тн ноосонд урамшуулал олгох хүсэлт ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах санд ирсэн. Бид ирсэн мэдээллийг нягталж үзээд, нийт 22.6 тэрбум төгрөгийн урамшуулал Монголбанкаар дамжуулан малчдын дансанд Цагаан сарын өмнөхөн шилжүүллээ.

-Өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний урамшуулал малчдад олгосон бэ?

-Энэ жил малчдад олгох урамшууллын мөнгө өмнөх жилийнхээс 3.3 тэрбумаар өссөн. 2011 онд ноосны урамшуулал анх олгож эхэлснээс хойш 2015 он хүртэл Үндэсний боловсруулах үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэж нийлүүлсэн 413 мянган малчин, мал бүхий этгээдийн тушаасан 71 мянган тн ноосонд 112.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон.

-Ноосны урамшуулал хэрэгтэй, хэрэггүй гэх мэтээр хүмүүс янз бүрээр ярьдаг. Энэ урамшууллын үр өгөөжийг тодорхой тоо баримтаар хэлж өгнө үү?

-УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоол батлагдсанаар анх удаа малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд төрөөс урамшуулал олгох эрх зүйн орчин бүрдсэн. Ингэснээр улс орны эдийн засаг, малчдын амьжиргаанд олон эерэг нөлөө авчирсан.

Тухайлбал, ноосонд урамшуулал олгож эхэлснээр хонины ноосыг төвлөрүүлэн үйлдвэрт нийлүүлэх механизм гольдролдоо орж, үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолоос гарч, нэмүү өртөг шингэсэн, экспортын ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрс нэмэгдсэн.

Мөн энэ хүрээнд 2011-2015 онд ноос угаах, самнах, нарийн ноосон, ээрмэл утасны, барилгын ноосон дулаалгын материалын, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрүүд шинээр ашиглалтад орсон.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)