Энэ долоо хоногийн сүүлчээр хур тунадас орж, салхи шуургатай байна.

Цаг уурын байгууллагаас 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс 15-ныг хүртэлх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Тус мэдээнд дурдсанаар энэ сарын 11-нд нутгийн хойд, 12-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, салхи шуургатай байх аж.

Баруун аймгуудын нутгаар: 9-нд нутгийн зүүн өмнөд, 11-нд нутгийн хойд, 14-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 10-наас өдөртөө дулаарч Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 9-нд нутгийн өмнөд, 11-нд нутгийн хойд, 12-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 9, 12-нд хүйтэн, бусад хугацаанд өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 10, 12-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12, 13-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 9, 12-нд хүйтэн, бусад хугацаанд өдөртөө дулаарч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөндөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 11-нд зарим газраар, 12-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2  градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)