Энэтхэг улстай онцгой байдлын салбарт хамтарч ажиллана

viber_image_2019-09-21_02-36-151.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсад 2019 оны 09 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол Энэтхэгийн Ерөнхийлөгчийн ордонд болсон юм.

Энэ хүрээнд Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гамшгийн удирдлагын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Энэтхэгийн талаас тус улсын Гамшгийн удирдлагын газрын Тамгын газрын гишүүн Ж.В.В.Сарма нар гарын үсэг зурсан.

Энэхүү санамж бичгийг байгуулсанаар талууд өөрийн улсын нутаг дэвсгэрт болсон томоохон хэмжээний гамшиг ослын үед харилцан яаралтай тусламж үзүүлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр аль нэг талын хүсэлтийг үндэслэн харилцан тусламж үзүүлэх, сансрын хиймэл дагуулын зайнаас тандан судлалын мэдээлэл, гамшгаас хамгаалах үр дүнтэй аргачлалын талаарх сансрын технологид суурилсан хэрэглээний туршлага, гамшгийн хор уршгийг арилгах, гамшгийн аюулыг буруулах болон гамшгаас урьдчилан сэргийлэх,  эрсдэлийн үнэлгээний чиглэлээр харилцан мэдээлэл, туршлага солилцох боломж бүрдэж байгаа юм.

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг салбарын үйл ажиллагаатай уялдуулах сургалтын болон чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг онцгойлон анхаарч, урт болон богино хугацааны сургалтуудад Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг хамруулахаар тохиролцлоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)