Энэтхэгийн хүн могойн хагалгаа амжилттай болжээ

Энэтхэгийн хүн могой хочоороо нэрд гараад буй 16 настай Шалини Ядав хэмээх охин зургаан долоо хоногт нь арьс нь гууждаг онцлогтой. Түүнд Их Британийн хандивын сангаас тусламж үзүүлж, Европ тивийн эмч нар эмчлэх боломжтой болсон. Ингэснээр Испанид эмчилгээ хийлгэхээр болсон юм.

Шалини охин энэ өвчнөөсөө болж, сургуулиасаа гарсан юм. Учир нь хамт сурдаг хүүхдүүд нь түүнээс айдаг байсан тул гэрээр боловсрол олгохыг илүүд үзжээ. Тэрбээр гурван цаг тутамд биеэ чийгшүүлж, угаах шаардлага гардаг тул байнга хүний асрамжинд байхаас өөр аргагүй болжээ.

Их Британийн хандивын сангаас түүний зардлыг төлсөн бол Испанийн эмч нар үнэгүй эмчлэхийг зөвшөөрсөн юм. Охины арьс нас ахих тусам улам хэцүү болж байсан тул алхаж чадахаа больсон билээ. Харин Испанид болсон хагалгааны дараа 10 хоногийн дараа арьс нь эдгэж эхэлсэн байна.

Энэтхэгийн төвд байрладаг Новгонг хотод төрсөн Шалини тун удахгүй нутаг буцах юм. Энэ талаар тэрбээр "Би нутаг буцаж, шинэ нүүрээ таньдаг хүмүүстээ харуулахаа тэсч ядан хүлээж байна. Би зөвхөн шинэ нүүртэй болоод зогсохгүй надад шинэ амьдрал бэлэглэлээ" гэж ярьжээ.

Түүний эмчилгээг Малага хотын эрүүл мэндийн академийн 19 эмч Испанийн Марбелла хотын Банус эмнэлэгт хийсэн билээ. 

 

Эмч нарын үзэж буйгаар охин хоёр сарын дараа гэхэд эрүүл саруул болох гэнэ. Эх орондоо буцсаныхаа дараа сургуульд орохоор төлөвлөж буй Шалини ирээдүйд эмч болохыг хүсдэг аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)