Энх цагийн ачаар эрдэнэт сүргээ мэнд бойжуулж байна

Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны 61 тоот тогтоолоор Улсын аварга малчин өрх, тариаланч, фермерүүдийг шалгаруулсан билээ. Тэдний нэг, Улсын аварга малчин А.Батзаяагийн хаваржааг уржигдар зорилоо. Тэрбээр Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр баг дахь Улаанчулуутын сүүл цохио нэртэй газар нутаглаж байв.

Уул, тал хосолсон энэ нутагт хаврын урь орж, цас цоохортон хайлж эхэлжээ. Урьд өдөр нь цасаар шууран, нэлээд сандаргасан ч удалгүй тэнгэр цэлмэж, мал тэнэгэр бэлчиж байна хэмээн А.Батзаяа биднийг угтлаа. Тэднийх нэг км гаруй зайтай хоёр хаваржаатай аж. Нэгт нь гуравдугаар сарын 4-нөөс төллөсөн, арай борсгор төлүүдээ эхтэй нь хамт бэлчээж, оройд хашдаг бол нөгөөд нь дөнгөж төллөсөн болон удахгүй төллөхийгөө хотлуулдаг байна. Энгэр газрын нөмөр бараадан 25 дахь хавартайгаа ийнхүү золгож буй тэднийх Төв аймгийн Лүн сумын уугуул, ам бүл тавуулаа. Нэг туслах малчин, түр дэм болохоор ирсэн ахын хамт энэ хавар 500 хонь, 100 ямаа, 20 үнээ, 30 гүү төллүүлэх аж. Бог малынхаа төлийн бараг 70 хувийг 14 хоногийн дотор хорогдолгүй бойжуулсан тэдний буурь цэгцтэй, бас цэвэрхэн. Хашааныхаа ар хэсгийг тоосгоор, хажуу тал, дээврийг нь модоор жирийлгэн барьсан бөгөөд үхрийн баасаа цэвэрлэн хурааж, аргал болохоор нь түлчихдэг учир орчноо тусгайлан цэвэрлэх ч шаардлагагүй гэнэ. Вакум цонх, паркетан шал, дүүжин таазтай дүнзэн байшинд тухтай сайхан амьдардаг аж. Хашааны үүдэнд зэллэн уясан таван тугал, дотор нь нар ээвэрлэн хэвтэж буй ишигнүүд, хажууханд дөнгөж төллөсөн хэдэн хонь байлаа. Бусад нь нүдэнд ил үзэгдэх талд бэлчиж байв. Энэ өвөл Лүн сумын нутаг цас багатай, дулаахан байсан тул мал тарга тэвээргээ алдалгүй хавартай золгож, малчид төл бүртэйгээ “зууралдалгүй” эхтэй нь бэлчээрт гаргачихаад сэтгэл амар суугаа нь энэ аж.

А.Батзаяа 1989 онд Лүн сумын дунд сургуулийг төгсөж, Улаанбаатар хотын Төмөр замын техникумд суралцан, цахилгааны инженер мэргэжил эзэмшжээ. Хилийн цэргийн 151 дүгээр ангид алба хааж, 1994 онд Д.Сарангэрэлтэй ханилж, дараа жил нь хөдөө гарсан байна. Тухайн үед 100 хүрэхгүй богтой, хоёр адуу, дөрвөн үхэртэй малчны гараагаа эхэлсэн бол 25 жилийн дараа ийнхүү 1800 гаруй мал тоолуулжээ. Эхний жилүүдэд хүний мал хөлсөөр маллаж, уйгагүй хөдөлмөрлөн өөрийн болон өрөөлийнхийг ч өсгөсөн аж. 2000, 2001 оны их зуднаар цөөнгүй малаа үхүүлсэн ч залуу насны эрч хүчээр үргэлжлүүлэн зүтгэж, хоол хүнсээр дутагдахгүй, элбэг хангалуун сайхан амьдрах замыг сонгосондоо баярлаж, бахардгаа тэд онцоллоо. Тухайн үед олон ч хүн зуднаар малаа үхүүлж, хот, суурин газар бараадсан юм санж. Гэхдээ одоо цагт өвс, тэжээл авах техниктэй, туслах хүнтэй, хадах газартай сайхан болсон учир малчид хэр баргийн өвлийг хорогдолгүй давах боломж бүрдсэнийг дурдав.

Малчин хүний хамгийн завгүй улирал бол хавар. Энэ өдрүүдэд тэднийхэн өглөө 06.00 цагт босож үхрийнхээ баасыг цэвэрлэж, сувай болон эрт төллөсөн малаа бэлчээнэ. Харин урьд шөнө нь төллөсөн хонь, ямаагаа анзаарч, төлөө голж буйг нь ялгаж үлддэг. Зарим үед шөнөдөө 20 гаруй хурга, ишиг эхээс мэндэлнэ. Гэхдээ энэ жил цас багатай, мал цатгалан учир төлөө голох, цатгахгүй байх зэрэг асуудал тун бага гэнэ. Муу жил гэж малчдын хэлдэгчлэн өвөл, хавартаа цас ихтэй, өвс муутай бол хонь, ямаа хургаа голж, хээл хаяж, төл бага цадан, сулбагар өсдөг аж. Мөн тас, хэрээ зэрэг том шувуу төл барих эрсдэлтэй учир малаасаа нүд салгадаггүй байна. Түүнчлэн өглөө төлөө ялгаж үлдэн, орой эхэд нь нэгбүрчлэн өгөх зэрэг хүндрэлтэй тулгарахгүй байгаагийн ачаар А.Батзаяа туслах малчин Ч.Эрдэнэбаатарын хамт малаа дурандаж, хариулсаар ид ажлын үеийг “нугалж” буй гэнэ.

Тэднийх жилд бараг 10 удаа нүүж, бэлчээр сэлгэдэг бөгөөд энэ өвөл нэг бууринд нь өөр аймгаас отроор ирсэн малчных өвөлжиж, хаваржиж байгаа гэнэ. Мөн Өгөөмөр баг болон Баяннуур, Эрдэнэсант, Лүнгийн сум дундын отрын бүс нутагт өөр аймгаас олон өрх оторлож байна. А.Батзаяагийнх сум дундын отрын бүс нутаг дахь хадлангийн талбайгаасаа намар өвсөө хадаж, бусдаас нэг тонн тэжээл, мөн тооны хужир, давс худалдаж авдаг байна. Хашаагаараа дүүрэн өвс бэлтгэсэн ч малдаа өгч баралгүй, хавартай ийнхүү золгожээ. Одоогоор гүний худгаасаа үхрээ усалж буй бөгөөд цас хайлчихвал бог малаа ч ундаалдаг гэнэ. Хонины нэхий элдэн, үстэй дээл оёж, үхрийн ширээ боловсруулж сур, чөдөр, ногтоо хийдэг уламжлалт мал аж ахуйгаа эрхэлж буй А.Батзаяатай малчдад тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсөж, хаа сайгүй бэлчээр хүрэлцээгүй боллоо. Танай ойр орчмынхон үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Хаа сайгүй бэлчээрийн асуудал хөндөгдөж байна. Малын тоо толгой өсөж, бэлчээр доройтлоо гэж ярих юм. Тэглээ гээд бид малынхаа тоог цөөрүүлбэл амьдрал хэцүүднэ. Манай ойр орчмын 10 гаруй айл нэгдэн, бэлчээрээ зааглаж авсан. Эндээ уул уурхай, элдэв айл оруулахгүй байх бодлоготой. Ноос, ноолуур бэлтгэх цаг үеэр ч хамтдаа ажлаа амжуулах болсон. Энэ нутаг хээрийн бүсэд хамаардаг учир агь, таана, хөмөл гээд чанартай ургамалтай. Тиймээс энэ хэсгээсээ хадлангаа авдаг. Нэг жил Дорнодын гэх өвс худалдаж авсан ч малд шим тэжээл болдоггүй юм билээ. Малчин хүн тогтмол орлого олдоггүй, нэг зуднаар хамаг эд хөрөнгөө алдах эрсдэлтэй. Ноолуур, ноос бэлтгэх үеэр, хааяа олноор нь зарах үед л хэдэн төгрөгтэй болдог. Түүнээс биш төрөөс нэгдсэн бодлого явуулж, мах, сүү, арьс, нэхий худалдаж авсан зүйл үгүй. Хонины нэхий бүр авахгүй гэдэг болсон. Хаялтай нь биш гээд түүхий эдийн цэгт хүргээд өгчихдөг.

-Та малынхаа удмыг сайжруулж, чанаржуулсан уу. Мах, сүү, арьс, нэхий малчдаас өндөр үнэтэй авдаг болчихвол тоог нь цөөрүүлэх бодол бий юү?

-Манай мал чанартай. Хоёр жил болоод үүлдэр угсааг нь сайжруулж, Дорнодоос хуц тавьдаг. Улаанбаатар хот руу оруулаад борлуулахад “Лүнгийн мал жин сайн дардаг” гээд авчихдаг. Ер нь бие томтой. 2000-аад оны үед цөөн малтай амьдраад болж л байлаа. Одоо цагт бүх зүйлд мөнгө шаардагддаг болж. Хүүхдүүдээ боловсролтой болгоход цөөн малтай бол хүрэлцэхгүй. Хэдэн малчин нийлж, Лүн сумын төвд хоршоолол байгуулсан. Түүндээ мах, ноосоо өгч, бичгээ авбал төрөөс урамшуулал олгодог юм. Манай нэг ямаа доод тал нь 300 гр, эр бол бүр нэг кг ноолуурын гарцтай. Зургадугаар сард манайх нэг тонн ноос хоршоололд өгдөг. Одоогийн нялх төлүүд намар болохоор гулууз нь 20 кг татдаг шүү. Нэг удаа зудтай жил сүү худалдаж авна гэж байсан. Тийм цагт үнээ сүү муутай байна. Нэгдсэн судалгаа хийж, малчдыг дэмжих, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх боломж манай улсад бий. Даанч тэгэхгүй, тоо толгойг нь цөөрүүлнэ гэвэл малчдын амьдрал доройтож, хүн амыг тэтгэх хүч үгүй болно. Ядаж л мах үнэд орно шүү дээ.

-Та цаашид хэрхэх бодолтой байна вэ?

-Манайх засмал замд ойр. Одоохондоо бие гайгүй учир малаа дахиад хэдэн жил маллана. Яваандаа тоог нь цөөрүүлж, нэг чиглэлээр эрчимжүүлэх бодолтой байна. Нэгэнт мал малласан хүн өөр юу ч хийх вэ. Хүүхдүүд минь суурин газар бараадсан. Мал дагасан хүн ядаж л хоосон хонохгүй, ажилгүй, мөнгөгүй, гуйлга гүйхгүй. Яваандаа хүү минь ирж малаа өвлөж авах байх аа гэв.

А.Батзаяа уг нь сумын төвд өсжээ. Эхээс 12-уулаа, айлын бага хүү. Гэрийнхнээсээ ганцаараа мал маллахаар шийдэж, малчин болсон аж. Түүнийг бага байхад сумын төвийнхөн малаа Батзаяагаас сураглаж, олж авдаг байсныг ах нь хэлэв. Багаас малд нүдтэй, хөдөлмөрч хүүхэд байсан бөгөөд олон жилийн турш нар, салхи, цас, бороо гээд байгалийн хатуу ширүүнийг гэргийн хамт уйгагүй хөдөлмөрлөсөөр ийнхүү аварга малчин өрх алдар хүртсэн гэдгийг ч онцлов. Тэдний туслах малчин Ч.Эрдэнэбаатар “Би энэ айлд хоёр дахь жилдээ ажиллаж байна. Дундговь аймгийн Адаацаг сумын хүн. Мал, мөнгө гээд тохиролцоод боломжийн цалин авдаг. Хоол унд, орон байрны мөнгө гэж илүү зардал гарахгүй амар шүү дээ. Бас хэд, гурван малтай болсон. Хөдөөний хүн учир морио унаад, хонио хариулах дуртай. Тиймээс эднийхийг сураглаж ирсэн юм. Энэ нутагт говьд мал маллахаас илүү хэцүү. Байнга нүд салгалгүй хариулахгүй бол чононд идүүлнэ. Говьд бол дурандаад л сууж байна. Найдвартай айл олчихвол мал маллах шиг сайхан юм үгүй” гэв. Тэднийх өмнөх жилүүдэд олон хүн туслахаар авч цалинжуулж байжээ. Увс аймгийн уугуул нэгэн залуу гэр бүл ирж хоёр жил ажилд нь туслалцаад цалингаас гадна 150 гаруй малтай болсон гэнэ. “Тэднийхэн хөдөлмөрч хүмүүс учир хурдан малжиж, амьдрал нь ч дээшилсэн” хэмээн А.Батзаяа хэлэв. Түүнчлэн тэдний ойр орчимд 35-аас дээш насны хүмүүс л мал маллаж буй аж. Одоо цагт интернэт, зурагт гээд хаанаас ч мэдээлэл авч, суралцаж, орчин үетэй хөл нийлүүлэн алхах боломж малчдад бий болсон учир залуус энэ салбар луу орох хэрэгтэйг тэднийхэн онцлов.

Улсын аварга малчин өрхийг шалгаруулах журмын дагуу 12 үзүүлэлтээр А.Батзаяагийнхийг тодруулсан байна. Түүнд малын тоо толгой, үржил шим, ажлын байр, туршлага төдийгүй нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлж, гэмт хэрэгт холбогдсон зөрчилгүй, малаа хуваарийн дагуу вакцинд хамруулсан, эсэхийг харгалзан үздэг аж. Энэ жил халдварт өвчин дэгдсэн учир цол, шагналыг нь хараахан гардуулаагүй гэнэ. Тэднийх 2011 онд сумын, 2013 онд аймгийн аварга малчнаар шалгарч, энэ удаад Лүнгийнхээ түүхэнд тав дахь улсын аварга болжээ. Сум, сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн ойгоор тэднийх багадаа нэг ууцны хонь хандивладаг бөгөөд 90 жилийн ойгоор нэг сая төгрөг өгсөн гэнэ. Түүнчлэн ямаа самнах, хонь хяргах, хадлангийн цагаар хүмүүс хөлсөөр ажиллуулдаг юм байна. Байшин, малын хашааныхаа модыг Завхан, Хөвсгөл аймгаас захиалгаар авхуулж бариулжээ. Учир нь тус сумын нутаг мод багатай аж.

“Байгалийн сайханд, эрдэнэт малынхаа буянд сэтгэл амар, итгэл дүүрэн хөдөлмөрлөж, үр хүүхдэдээ эрдэм ухаан, эд хөрөнгө өвлүүлэх гэж хичээж явна” хэмээн А.Батзаяа хүүрнэв. Үнээгээ хэзээ тугаллахыг, хонь бүрийн хурга нь аль болохыг саадгүй мэддэг 25 жилийн туршлагатай аварга малчны буурь хадтай уулын энгэрт бараантан харагдсаар үлдэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)