Энхийг сахиулагчид байлдааны тугаа гардлаа


Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2015 онд Зэвсэгт хүчний 345 дугаар бригадыг байгуулсан. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвийг түшиглэн 2016 оны тавдугаар сараас үйл ажиллагаа явуулсан тус бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэмд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өчигдөр оройн дээд сүлд нь болсон байлдааны тугийг нь гардууллаа.


Эх орон дуудсан цагт бие бүрэлдэхүүнийг дайчлан хөдөлгөгч хүч, ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд анги, хамт олны сүр хүч, алдар гавьяаны илэрхийлэл болдог байлдааны туг дээр хар сүлд бий. Мандан бадрахыг бэлгэдсэн улаан далбаан дээр алтан соёмбо дүрсэлсэн, доор нь монгол бичгээр “Монгол Улсын төлөө” хэмээн бичсэн байдаг.


Зэвсэгт хүчний 345 дугаар бригад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг бэлтгэх, явуулах, удирдлагаар хангах, цэргийн сургалт, бэлтгэлийг зохион байгуулах үүрэгтэй. Тус бригадын харьяа 150, 330, 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн байлдааны тугаа бас хүлээн авсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга “Зэвсэгт хүчин террорист үйлдлийн эсрэг тусгай ажиллагаа явуулах, энхийг дэмжих ажиллагаанд оролцох, байгалийн гамшиг, ослын үед иргэдэд туслах, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох болсон нь өнөө цагт дэлхий нийтэд түгээмэл үүрэг болсон.

Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах төдийгүй олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох үүрэг бүхий бие даасан гурван батальонтой Зэвсэгт хүчний 345 дугаар бригадыг хэдхэн жилийн өмнө байгуулсан. Байлдааны тугаа хүлээн авч байгаа Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын бие бүрэлдэхүүн Монгол цэргийн сүлд хийморь, нэр төрийг дээдлэн, ард түмэндээ өргөсөн тангаргаа чанд сахиж, эх орныхоо тусгаар тогтнол, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө бие, сэтгэл, оюунаа бүрэн зориулж ажиллана гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд итгэж байна” хэмээлээ.


Дашрамд дурдахад, Зэвсэгт хүчний 2018-2019 оны сургуулийн жилийн нээлтийг тохиолдуулан удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтыг 311 дүгээр ангид зохион байгуулж буй юм. Энэ цугларалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга байлдааны тугийг нь гардуулсан юм.


М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)