Энгэртээ “Эхийн алдар” зэрэг гялалзуулсан эгч дүүс

Хашааны хаалгаар ормогц монгол дээлээр гоёсон хүүхдүүд пирхийн гүйж, байшин руу орчихов. Бидний ирэхийг хүлээж, багагүй чилсэн бололтой багачууд толгойн зүүлтээ авч, дээлээ тайлах гэж ээж нарыгаа сандаргана. Хэн нь хэний хүүхэд болохыг өмссөн дээлнийх нь өнгөнөөс таньж болохоор. Цэнхэр дээлтэй багачууд “цэнхэр дээлт”-ийн дэргэд, “шарууд” нь шар дээлтэй эмэгтэйн хажууд, харин цагаан, хараар хосолсон ганган охид мөн л өнгө ижил дээлтэй ээжийгээ бараадан зогссон байв. Хүүхдийн дуу цалгисан энэ газар бол “Эхийн алдар” одонгоор энгэрээ зэрэг мялаасан эгч дүүсийнх. Тодруулбал, эгч дүү гурвын том нь болох Пушкины Дунжидмаагийнх юм. Эрхэм ээж нарыг “Хүмүүс, аж амьдрал” буландаа онцоллоо.

Зүүн гар талаас П.Дунцэцэг, П.Дунжидмаа, Д.Чанцал, П.Дунчимэг

ОДОНТОЙ ЭЭЖИЙН ОДОНТОЙ ОХИД

Гурван охиноо Ерөнхийлөгчөөс одон гардахыг харж, сэтгэлээ баясган, нулимсаа арчин суусан ижий бол Д.Чанцал. Тэрбээр Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, 10 хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай буурал. Долоон охин, гурван хүү төрүүлсэн нь өдгөө бүгд гараас гарчээ. Бага охин нь 19 настай, гуравдугаар дамжааны оюутан бөгөөд, багш мэргэжил эзэмшиж буй гэнэ. Түүнээс бусад нь эрдмийн мөр хөөж чадалгүй, бага, дунд сургуулиасаа гарсан ч хүний зэрэгтэй амьдарч явна. “Нэг нь цагаан сүүнээсээ гарч амжаагүй байхад дараагийнх нь хүүхэд төрж, хамтдаа ээжийнхээ хөхийг хөхөж хүн болцгоосон” гэж Д.Чанцал гуай яриагаа эхлэв. Улаан дээлээр гоёж, энгэртээ “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гялалзуулсан тэрбээр гурван охиноо нэгэн зэрэг одон авсанд ихэд баярлажээ. Одон гардуулахын өмнөх шөнө нойр нь хулжиж, 04.30 цагт сэрчихээд хүүхдүүд рүүгээ утасдаж, тэвдүүлсэн гэнэ.

Сонгинохайрхан дүүргээс Ерөнхийлөгчийн зарлигаар 1071 ээж “Эхийн алдар” одон хүртжээ. Эгч дүү гурав онцгой гэсэн ангилалд багтан өглөө эрт одонгоо гардсан байна. Төрийн ордонд орсон мөчөөс нь л энд тэндээс гэрэл гялбаж, зураг авч, бичлэг хийсэн нь тэднийг сандаргаж орхисон гэнэ. Одонгоо зүүгээд ордноос гарах гэтэл гэрэл зурагчид бүчээд “Цэнхэр, шар, бор дээлтэйг нь би авна шүү” гээд булаацалдсаныг яриад инээд алдав. “Эхлээд нөхөртэйгөө уулзах гэтэл баахан “танихгүй нөхөртэй” болчихсон. Би авна, чи авна гээд бид гурвыг явуулахгүй байсан нь хөгжилтэй шүү” хэмээн эгч дүү гурвын дундах Дунчимэг хэлэв. Тэрбээр шууд бичлэгийн үеэр ээждээ зориулж үг хэлэх гэтэл хоолой нь зангираад, дуугарч чадаагүй гэнэ. Айлын гурван охин нэгэн зэрэг “Эхийн алдар” одонгоор энгэрээ мялаасан тохиолдол Монголд анх удаа гэдгийг тэд онцолж байлаа. “Нэг мэдэхэд л гурвуулаа одон авахаар болсон байсан. Ярилцаж тохиролцсон зүйлгүй. Эгч бид хоёр нэг насны зөрүүтэй. Харин том эгч минь надаас найман насаар илүү. Эгч анхны хүүгээ 27 настайдаа төрүүлсэн. Дөрвөн хүүтэй дархан бэр шүү дээ. Гурвуулаа нэгэн зэрэг одон авсан нь үнэхээр азтай. Мөн миний хамгийн том эгч Дунгаамаа одонтой ээж, дархан бэр. Дараагийн эгч минь ч бас дөрвөн хүүхэд төрүүлсэн. Анхны хүүхдээ аавын нэрээр овоглосон учир одон авч, чадаагүй. Түүнээс биш, зөвхөн бид гурав гэлтгүй, эгч нар минь ч бас алдарт ээж” хэмээн ярив.

Олуулаа өссөн тул хоолтой, хоолгүй өнждөг байснаа тэд нуусангүй. Аав Л.Пушкин нь гагнуурчин, байгаль хамгаалагч гээд олдсон ажлыг гололгүй хийж, үр хүүхдээ өсгөжээ. Ээж нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумд орцны жижүүрээр ажилладаг байсан гэнэ. Охид нь ээжийгээ дагаж, ажилд нь тусалдаг байжээ. Тэд наймдугаар анги төгсөөд л ажил хийж, аав, ээждээ тусалжээ. Зарим нь бага ангид байхдаа сургуулиас гарсан гэнэ. Тухайн үед бололцоогүйнэгнийг ялгаварлан гадуурхдаг явдал багш нарын дунд их байж. Нэхсэн мөнгө, шаардсан зүйлийг нь өгөхгүй бол хичээлд явуулахгүй хөөж, тэр ч бүү хэл, гар хүрдэг байжээ. Ямар сайндаа П.Дунчимэг багшдаа хөөгдсөн ч ээж, аавдаа хэлэлгүй нэг сарын турш гадуур явжээ. Өглөө сургуульдаа явж буй мэт цүнхээ үүрч гараад тарах үеэр нь гэртээ ордог байсан тул аав, ээж нь мэдээгүй өнгөрч. Нэг өдөр энэ бүхнийг эцэг, эх нь мэдсэнээр багштай нь уулзсан боловч П.Дунчимэг сургуульгүй хоцорчээ. Хэдий сурах хүсэлтэй байсан ч талаар болсон гэнэ. Тиймээс тэрбээр хүүхдүүдээ боловсролтой болгож, мөрөөдлийг нь биелүүлэхийн төлөө зүтгэдэг гэв. Гурвуулаа хоёр нас хүрээгүй балчиртай тул одоогоор ажил, хөдөлмөр эрхэлж чадахгүй, гэртээ хүүхдүүдээ харж байна. Гэхдээ амьжиргаагаа дэмжиж, нөхөртөө нэмэр болохын тулд, гэрээрээ хөдөлмөр эрхэлдэг аж. Төр, засгаас олон хүүхэдтэй ээжүүдийг хүндэтгэн, одон гардуулдаг ч хүүхдүүдийнх нь эрүүл мэнд, боловсролд зориулсан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийхгүй байгааг тэд шүүмжилсэн. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй гэснээр тэдний ажиллах боломжийг хязгаарласан төдийгүй гурван настай хүүхдээ ч цэцэрлэгт бүртгүүлж чадаагүйгээ П.Дунцэцэг учирлав. Бага байхад нь багш нарын ялгаварлаж харилцдаг муухай зан одоо ч хэвээр байгааг тэд хэлэв. Өмссөн хувцас, ар гэрийнх нь боломж бололцоог харж, хүүхдүүдэд ялгавартай хандаж буйг өөрчлөх хэрэгтэй гэлээ. Нөхрүүд нь өглөөнөөс үдэш хүртэл хөдөлмөрлөж, гэр бүлийнхнээ тэжээн тэтгэж буй ч хоёулаа зүтгэхгүй бол дөрвөн хүүхдийн хэрэгцээнд огт хүрэлцэхгүй байгааг хэлэв. Энэ бол Монголын нийгмийн тулгамдсан асуудал. Цэцэрлэггүй үлдсэн олон хүүхдийн ар гэрт яг л ийм асуудал тулгарч буй нь нууц биш.

“Олуулаа байх сайхан. Нэгнийгээ дэмжиж тусалдаг. Зөвлөж, ярилцах хүнгүй бол хэцүү. Дунцэцэг бид хоёр нэг насны зөрүүтэй учир ихэр мэт өссөн. Нэг чихрээ ч хувааж иддэг амь нэгтэй. Ахын хувцсыг өмсөөд эрэгтэй хүүхэд шиг л явдаг байв” хэмээн П.Дунчимэг ярив. Ярианы сэдвийг үргэлжлүүлэн Д.Чанцал гуай “Манай энэ хоёрыг хүмүүс өргөж авъя гэж их ирнэ. Амьдралын боломж тааруу юм чинь хүүхдээ өргүүлчих гэдэг байв. Нөхөр бид хоёр хоолтой, хоолгүй ч хүүхдүүдээ хамтад нь өсгөнө гээд хэнийг нь ч өгөөгүй. Манай Дунчимэг их гоё зурдаг, Дунцэцэг минь бүжиглэдэг. Дунжидмаа цээл хоолойтой, сайхан дуулдаг байсан. Би муудаа хүүхдүүдийнхээ авьяасыг хөгжүүлж чадаагүй юм. Олигтой ч боловсрол эзэмшүүлж ч дөнгөөгүй. Нас ахиад, сүү гарахгүй, Дунчимэг, Дунцэцэг хоёрыгоо нэгдүгээр гурилаар зутан хийж, угжиж өсгөсөн, сүү авах мөнгөгүй байлаа” гээд нулимс бөмбөрүүлж орхив. “Ээж минь амьдралын боломжтой байсан бол биднийг сургуулиас хэзээс ч гаргахгүй” хэмээн дунд охин нь хэлээд, ээжийнхээ нурууг илж, тайвшруулав. Тэд үнэхээр амь нэгтэй, халуун дулаан сэтгэлтэй юм. Хэдий тарчиг өссөн ч хайраар дүүрэн гэр бүлд торнижээ. Таван ханатай гэртээ зулаад унтахад ямар дулаахан байсныг, ээжийнх нь хуурч өгдөг гурил хэчнээн амттайг тэд дурссан. Бороо орохоор саван бариад усанд орчихдог байснаа ярьж хөхрөлдөв. Нэг нь буруу зүйл хийвэл бүгд аавын алганы амтыг үздэгээ хуучилна. Ээж нь хэдий тайван, дөлгөөн ч уур нь хүрэхээрээ энгэрээсээ сур гаргаж ирээд тоосыг нь гөвдөг байсныг ярьж инээлдэнэ. Сурыг нь сэмээрхэн нуучихдаг байснаа ярив. Бор-Өндөрт нэг өрөө байранд ороод том, жижиггүй баярлан, аав, ээжтэйгээ хамт нүдээ боож тоглосноо дурслаа. Тэдний хүүхэд нас дурсамж дүүрэн өнгөрчээ.

Охидынхоо нууц ярианд ээжүүд оролцох нь элбэг. Ялангуяа хэдэн хүүхэдтэй болох, эсэхэд ээжүүдийн нөлөө багагүй. Энэ талаар Д.Чанцал гуайгаас асуухад “Нэгэнт бүрэлдсэн амийг тасалж, нүгэл үйлдэж болохгүй. Гарга” гэж л хүүхдүүддээ хэлдэг юм. Хүн алснаас ялгаагүй шүү дээ. Хэрэв дахин хүүхэд төрүүлэхгүй гэвэл жирэмслэхээс хамгаалах олон арга бий болсон цаг. Ямар бидний үе биш” хэмээв. “Ээж нэгэнт зөвшөөрөл олгосон учраас тантай адил нэгдүгээр зэргийн одон авахын төлөө зүтгэнэ ээ” хэмээн Дунчимэг хэлэхэд цаанаас нь Дунцэцэг “Би дахиж хүүхэд төрүүлэхгүй. Дөрвөн хүүхэд хангалттай. Бие ч дийлэхгүй байх. Эмч нарын гар цайлгахаас эхлээд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үнэхээр хүнд. Түргэн тусламж дуудахаар “Машинтай бол хүрээд ир” гэдэг. Эсвэл удаан хүлээлгэж ирдэг” гэв. Нэр, зүс ижил олон охины хамгийн эрх нь Дунцэцэг, ааштай нь Дунжидмаа бол хамгийн хөөрхөн нь Дунгаамаа гэнэ.

ЭЭЖИЙН ЭНТЭЙ ЭГЧ

Тэдний хамгийн хөөрхөн хэмээн тодотгосон П.Дунгаамаа айлын том. Аавыгаа тэнгэрт хальснаас хойш ээжийнхээ түшиг тулгуур нь болсон тэрбээр зэс, хөнгөн цагаан цуглуулан тушааж, ажлын амтыг мэдэрсэн цагаасаа л хувийн бизнес эрхлэх мөрөөдөлтэй болсон гэнэ. Үүнийгээ ч биелүүлж, автомашины сэлбэг зарж, хөл дээрээ босжээ. Үүнийхээ ачаар дүү нараа өөд нь татаж, Улаанбаатар хотод авчирч, ажил, амьдралтай нь золгуулсан байна. Дунжидмаа, Дунчимэг хоёрын нөхөр эгчийнх нь бизнест тусалж, автомашины сэлбэг борлуулдаг салбар нээгээд амжсан гэнэ. Хүргэн ах С.Бат-Эрдэнэ нь тэднийг багаас нь мэддэг, харж ханддаг байсан тул өдгөө төрснөөс өөрцгүй болсон хэмээн ярив. “Ээжтэй боллоо доо гэж баярлаж байсан гэдэг. Өнчин юм зайлуул” гэж Д.Чанцал гуай хэлээд хоолой нь зангирав. Ээжийн бие өвдөхөд хүргэн ах биднээс түрүүлээд эм, тариа бариад гүйгээд ирдэг хэмээн П.Дунжидмаа хэллээ. Түүний нөхрийг Б.Батгэрэл гэдэг бөгөөд Анхбаяр, Ууганбаяр, Итгэлбаяр, Түвшинбаяр хэмээх дөрвөн хүүтэй. П.Дунчимэгийн хань У.Цогбадрах. Тэд Мөнхчимэг, Мөнх-Эрдэнэ, Мөнх-Оргил, Мөнхгэрэл хэмээх хоёр хүү, хоёр охинтой бол П.Дунцэцэгийн нөхрийг Д.Хатанбаатар гэдэг. Хүслэн, Хулан, Хосбаяр, Хонгорзул хэмээх гурван охин, нэг хүүтэй. Ой гурван сартайгаас 13 хүртэлх насны 12 хүүхэд энэ гэрт бужигнаж байна. Том нь багыгаа хараад сурчихсан тул нялхууд нь ээжийгээ хормойдож, зууралдахгүй юм билээ. Харин ширээн дээрх тавагтай чихрийг болжмор шиг л түүчихнэ лээ.

Хүүхдүүдээсээ болж хоорондоо маргах тохиолдол гардаг ч дорхноо мартчихдаг гэнэ. Ганц чихрээ ч хувааж иддэг амь нэгтэй өссөн тул нэгнээ гомдоох үг хэлдэггүй гэсэн. Тэд үс засах, нүүр будах, оёдол эсгүүрийг цахимаар сурч, нэгэндээ “туршилт” хийсэн нь багагүй амжилттай болсон гэнэ. Бие биенийхээ нүүрийг будаад өгчихдөг тул гоо сайханд мөнгө зарцуулах нь ховор. Одон авч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарснаас нь хойш эгч дүү гурвыг танихгүй хүн ховор болжээ. “Ямар гоё нэртэй, сайхан бүсгүйчүүд вэ” гэж урам хайрласан нь цөөнгүй аж. Зарим нь “Аав чинь орос хүн үү” гэж асууж, сонирхсон гэнэ.

“Яг өвдөхөөр ээж минь ийм олон хүүхэд яаж төрүүлсэн юм бол оо” гэж бахархах, хайрлах, бас өрөвдөх сэтгэл төрж байлаа. Хүүхдээ төрүүлэхэд, асарч, тойглохдоо, шөнө өндийж хөхүүлэхдээ ээжийнхээ хайр, тэвчээрийг ойлгох шиг болсон. Уурлаж бухимдах үедээ ээжийгээ бодоод тайвширдаг. Ээжийн минь хүсэл, мөрөөдлийг ач, зээ нь биелүүлээсэй гэж хүсдэг” хэмээн П.Дунчимэг ярив.

Тэд саяхан, том эгчийнхээ “зарлиг”-аар ээжийнхээ төрсөн өдрийг сайхан тэмдэглэж, гэр бүлийнхээ дунд урлаг, спортын тэмцээн зохион байгуулжээ. Дамжин явах цомыг жил бүр олгодог уламжлалтай аж. “Хайр ба эвсэг гэр бүл” өргөмжлөлийг энэ жил Б.Батгэрэлийнх гардсан бол шилжин явах цомыг У.Цогбадрахын гэр бүл авчээ. Харин азын сугалгааг Д.Хатанбаатарын охин атгажээ. Тэдний гэр бүл баяр ёслолоор монгол дээлээрээ гоёдог, хамгийн үндэсхэрхэг үзэлтэй нь гэнэ. П.Дунцэцэгийн хадам ээж уран хүн учир бүгдэд нь хос дээл урлаад Өвөрхангайн Хархориноос явуулдаг юм байна. Тэрбээр одон авахдаа ч ээжийнхээ урласан дээлээр гоёжээ. Өдгөө гучаа үзсэн Д.Чанцалынх Цагаан сараар гэртээ багтдаггүй гэнэ лээ. Хуваарийн дагуу ээлжлэн золгодог аж. Тэд бол үр хүүхдээ эрүүл саруул өсгөж яваа, Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)