Энгийн сургуульд “тусгай”-гийнхан шаардлагатай байна

Улсын тэргүүний 24 дүгээр сургуулийнхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан орчин бүрдүүлжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын гаргасан захирамжийн дагуу тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийг энгийн сургуульд сургах болсон. Энэ шийдвэрийг зөв, буруу гэж олон нийт янз бүрээр дүгнэдэг. Бодит байдал ямар байгааг хичээлийн шинэ жилийн эхний өдөр сурвалжиллаа.

Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг, БСШУСЯ-ны харьяа лаборатори 23 дугаар сургуулиар эхлээд очиход үүдэнд нь налуу шат байсангүй. Өндөр босго, огцом шаттай аж. Сургуульд нь тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэд сурдаг, эсэхийг нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэгээс асуухад “Одоогоор 7, 11, 12 ангид гурван хүүхэд бий. Гэхдээ тэдэнд налуу шат, эсвэл зориулалтын угаалгын өрөө шаардлагагүй. Нэгдүгээр ангиасаа л суралцаж байгаа учраас орчиндоо дасаж зохицсон гэж болно. Тулгуур эрхтний бэрхшээлтэй ч тэргэнцэр хэрэглэдэггүй нэг хүүхэд байсан нь өнгөрсөн жил сургуулиа төгссөн. Ер нь манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ сургая гэсэн эцэг, эх нэг их ханддаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах хүндрэлтэй ч манай сургууль хүлээн авахаас татгалзахгүй. Гэхдээ тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэд олон ирвэл дэд бүтэц, ажиллах боловсон хүчний шаардлага гарах нь мэдээж” гэлээ. Тус сургуульд сурдаг гурван сурагчтай уулзахыг хүссэн боловч хичээлдээ ирээгүйг нийгмийн ажилтан нь хэлсэн.

Улсын тэргүүний 24 дүгээр сургуульд тусгай хэрэгцээ шаардлагатай олон хүүхэд сурдаг тул үүдэндээ налуу шат хийжээ. Нийслэлийн төсвөөс 50 сая төгрөгийг уг сургуулийг тохижуулахад өгсөн учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй орчин бий болгох боломж бүрдсэн аж. Энэ талаар тус сургуулийн захирал Т.Нарантуяа “Манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 27 сурагч бий. Энэ жил нэгдүгээр ангид элссэн тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийг нэмбэл нэлээд өснө. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын олонх нь 1-5 дугаар ангийнх. Тэдэнд зориулж налуу шат хийж, ариун цэврийн өрөөг засварласан. Ахлах ангийн сурагчдад зориулсан угаалгын өрөөг ч стандартын шаардлагад нийцүүлсэн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд суралцахад тохиолддог хүндрэл бага боловч ариллаа. Ийм хүүхдүүдтэй ажиллах багш нараас өндөр ур чадвар шаарддаг. Төрийн өмчийн сургуулиудад мэргэшсэн, бэлтгэгдсэн багш, ажилтан байдаггүй. Багш нар өөрсдөө л арга зүйгээ судалж, сайжруулж байна. Хэл ярианы, эсвэл харааны бэрхшээлтэй хүүхэдтэй сайн харилцаж чадахгүйгээс тухайн сурагч хичээлээс хоцрох эрсдэлтэй. Манай сургуульд харааны бэрхшээлтэй хүүхэд, барайль үсэгтэй номын аль аль нь одоогоор алга. Хэрэв тийм хүүхэд ирвэл барайль үсгийн ном хэрэгтэйгээс гадна багш нарыг ч мэргэшүүлэх шаардлагатай болно. Энэ талаар төр, засгаас дэмжсэн зүйлгүй. Гэсэн ч манай сургуульд тусгай хэрэгцээ шаардлагатай сурагч ирвэл Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах хөтөлбөрийн дагуу хүлээн авахаас татгалзахгүй. Сурах орчин нөхцөл нь ямар байгааг эцэг, эхчүүдэд тайлбарладаг. Зарим нь тусгай сургуулийг сонгодог” гэлээ.

Тус сургуульд тулгуур эрхтний бэрхшээлтэй хоёр хүүхэд сурдаг. Өмнө тэднийг эцэг, эх нь ангид оруулж өгдөг байсан бол налуу шаттай болсноор ангийнхан нь ч түшээд явах боломж бүрджээ. Ийм хүүхдүүдэд хичээл заадаг багш О.Эрдэнэтуяагийн ангид ороход сурагчдаасаа зуны амралтаараа юу хийснийг нь асууж байв. Тулгуур эрхтний бэрхшээлтэй, тун сэргэлэн нэг сурагч “Зусланд явж, элсээр тоглосон” зэргээр зун юу сурч, мэдсэн тухайгаа ангийнхандаа ярив. Тэрбээр “Налуу шатаар ганцаараа явж сурмаар байна. Нэгдүгээр ангид байхад бусад ангийнхан намайг шоолдог байсан. Харин одоо өөр ханддаг болсон. Би том болоод багш шигээ сайн хүн болно” гэж ярилаа. Тэрбээр нэгдүгээр ангид орохдоо алхаж чаддаггүй, суумгай байжээ. Хоёрдугаар ангидаа суга таягтай явдаг болж, жилийн дараа гэхэд бусдын тусламжгүй алхдаг болсон гэнэ.

Түүний багш О.Эрдэнэтуяаа “Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэдтэй эхлээд харилцахад жаахан хүндрэлтэй. Бие засах, гарч, орох бүрт нь тусалдаг байлаа. Энэ жилээс ганцаараа явдаг болсон. Ээж, аав хоёр нь эмчилгээ уйгагүй хийлгэсний үр дүн байх. Надад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга барил, төсөөлөл байгаагүй. Ийм хүүхдэдтэй ганцаарчилж ажиллахгүй бол бусдаас хоцорчих гээд байдаг. Бусад хүүхдээ орхиж бас чадахгүй. Одоохэр нь заах арга барилаа олоогүй л байна. Г.Анар биеийн тамирын хичээлд ордоггүй учраас даалгавраа хийсэн, хичээлээ ойлгосон, эсэхийг нь тэр цагт л асуух боломж гардаг. Үүнээс гадна манай ангийнхан түүнд их тусалдаг. Бие засах, эсвэл газарт юмаа унагачихвал туслах гээд бүгд босоод ирдэг. Тэгэхээр бусад хүүхэд ч энэрэнгүй сэтгэл, зөв хандлагатай болж төлөвшиж байгаа юм. Г.Анараас гадна өөр нэг хүү бий. Тэр хүү “Намайг жижигхэн биетэй гээд бусад ангийнхан шоолоод байна” гэж гомдоллодог байсан. Тэгэхээр нь ийм явдал дахиж гаргаж болохгүйг хүүхдүүддээ сануулаарай гэж бусад багшдаа захисан. Одоо бол манай сургуулийнхан бүгд зөв хандлагатай” гэлээ.

Г.Анарын анги хоёрдугаар, ариун цэврийн өрөө нэгдүгээр давхарт байв. Энэ нь тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдийн хувьд хүндрэлтэй санагдсан. Угаалгын өрөө рүү явахад 44 шатаар ганцаараа алхана гэсэн үг. Ариун цэврийн өрөөгөөр нь шагайхад хүүхдийн биеийн хэмжээнд таарахуйц жижигхэн угаалтуур, суултуур суурилуулжээ. Гэхдээ суултуурын хоёр талд бариул алга. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн суултуур дээрээс босохдоо бариулаас татаж өндийхөөр тохижуулах ёстой юм билээ.

Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийн барилгыг 2016 онд нурааж, гурван давхар болгож өргөтгөхдөө сүүлийн үеийн стандартад нийцүүлсэн тул хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй орчин бүрджээ. Нийгмийн ажилтан Ц.Тунгалаг “Манайх гүнзгийрүүлсэн сургалттай учраас тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүд тэр бүр элсдэггүй. Нэг хүүхэд сурдаг байсан, өнгөрсөн жил сургуулиа төгссөн” гэв.

Орчин нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээг хангахгүй ч энгийн сургуульд явуулах нь үр дүнтэй гэсэн бодолтой эцэг, эх цөөнгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөөх “Гэгээлэн” төвийн гүйцэтгэх захирал Ц.Уянга “Манай охин хавсарсан, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй. Дунд ангид ороход сургуулийнх нь сургалтын менежер “Танай хүүхэдтэй ажиллах багш байхгүй. Зургадугаар ангид 17 төрлийн хичээл орох учраас танай охин хичээлээ ойлгохгүй” гэж хэлсэн. Охин минь тэргэнцэр дээр удаан суудаггүй байсан бол энгийн сургуульд явснаар 3-4 цаг сууж сураад зогсохгүй нүүрний хувирал, гараа өргөх зэргээр бусдад өөрийгөө ойлгуулдаг болсон. Би хүүхдээ тусгай сургуульд явуулахыг хүсдэггүй. Охин минь 17 хичээл үзвэл хоцрогдох нь мэдээж. Тиймээс өөрт нь тохирсон хөтөлбөр боловсруулахыг сургуулийн захирлаас хүссэн. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирсон хөтөлбөр боловсруулдаг хүн алга. Тэгсэн атал Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирсон хөтөлбөр боловсруулж, боловсролд тэгш хамруулна гэсэн журам гаргачихсан. Ер нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд сургахаас зайлсхийх хандлага нийгэмд бий” гэсэн юм.

Бусдаас өөр хүүхдүүд найз нөхөдтэй болсноор сэтгэл зүйд нь эерэг үр дагавар гардгийг багш нар онцолсон. Тиймээс эцэг, эхчүүд тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдээ энгийн сургуульд сургах хүсэлтэй байдаг бололтой. Гэвч манай улсад согогзүйч багш нарыг 1960-1990-ээд онд гадаадад бэлтгэж байснаас өөр дорвитой ажил энэ салбарт хийгээгүй аж. Дээрх багш нарын олонх нь өдгөө тэтгэвэрт гарсан бөгөөд энэ салбарын боловсон хүчний бодлого алдагдсаныг мэргэжилтнүүд сануулсан. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн 348 багш байдгаас согогзүйч 21, туслах багш 86, МУБИС-ийн нэг жилийн хугацаатай ангид сурч төгссөн 62, 3.5 жилийн хугацаатайг нь төгссөн багш тав байна. Үлдсэн нь энгийн сургалттай сургууль төгссөн буюу мэргэжлийн бус хүмүүс. Тиймээс тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчнийг нэмэх хэрэгтэй гэж эцэг, эхчүүд үзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)