Энгийн, бас үнэн “Хөхөө”

Өнгөрсөн оны сүүлчээр Ховд аймгийн Үенчийн хавцалд “очих” боломж гарсан юм. Тодруулбал, найруулагч Ж.Жамъянсүрэн “Хөхөө” кино бүтээснээ мэргэжил нэгт нөхөд, кино урлагт дурлагсдад танилцуулсан явдал байв. Аливаа киног үзэхээсээ өмнө найруулагчаас гадна зохиолч, зураач, зураглаач, хөгжмийн зохиолч, гол дүрд тоглосон жүжигчдийн нэр гээд уран бүтээлчдийг нь эхлээд заавал сонирхдог зангаараа “хэрэгт дурласан” юм. Энэ бүтээлд ажилласан багийг сонирхтол хамтарч ажиллаад хэдийн дадсан, кино урлагийн салбарт нэлээд олон жилийн амьдралаа зориулсан уран бүтээлчдийн зэрэгцээ өмнө нь огт сонсож байгаагүй жүжигчдийн нэр ч харагдав. “Хөхөө” киноны зохиолыг Ж.Жамъянсүрэн ОХУ-ын нэрт зохиолч Валентин Распутиний “Последний срок” буюу “Сүүлчийн амьсгал” туужаас сэдэвлэж, түүнчлэн хөхөө шувууны домогт суурилан бичжээ. Ингэхдээ зохиолч Валентин Распутиний эхнэрээс албан ёсны зөвшөөрөл авсан байна. Зохиол, зураг авалт, хөгжим, хэлэх гэсэн санаа, далд утга, монгол ахуй, зан заншил гээд бүгд үнэн, маш энгийн. Тэрбээр хүмүүсийн мэддэг хэрнээ илэрхийлж чаддаггүй тэр мэдрэмжийг, хүний мөс чанар, амьдралын хатуу үнэнийг үзүүлэхийн тулд доторх нандин бүхнээ “ухсан” байв.

Бадам эмгэн таван хүүхэдтэй ажээ. Том охин нь сумынхаа төвд амьдардаг, уулгамч зантай авгай, удаах нь эрдэм номын мөр хөөсөн, тов хийсэн амьдралтай эмэгтэй болжээ. Гэхдээ тэд ижийдээ ирж хацраа үнэрлүүлэх нь “өдрийн од”. Дунд хүү нь мөн л хот бараадаж амьдардаг, малчин удамтайгаа мартах шахсан нэгэн. Даргын гар, хөлийн үзүүрт зарагдаж яваагаа чухам сайхан амьдрал мэтээр сайрхдаг. Отгон охин нь гадаад яваад сураггүй болж. Өнөө маргаашаа хүлээн хэвтэх Бадам эмгэнийг бага хүү Дашдорж нь асарсаар нэлээд хэдэн жилийг үдсэн аж. Ээжийнх нь бие улам дордсоноор Дашдорж арга буюу ах, эгч нараа дуудуулав. Энэ үеэс киноны өрнөл эхэлнэ. Нэг ч удаа хөтөвчийг нь угааж үзээгүй “хотын” эгч нь “Буруу асарлаа” гэж загнана, даргын “боол” ах нь “Хөдөө амьдрал байхгүй” гэж томорно.

Кинонд хүний мөн чанар, гэр бүл, амьдралыг хатуугаар, гэхдээ хэтрүүлэггүй харуулжээ. Тухайлбал, Бадам эмгэний хүүгээсээ амьсгалыг тасалж, амьдралыг нь дуусгаж өгөхийг чин сэтгэлээсээ гуйж байгаа хэсэг, Дашдорж бага дүүгийнхээ сураггүй болсон шалтгааныг мэдсэн ч ижийдээ хэлэхээс халган нууж буй, аргагүйн эрхэнд ээжийнхээ сүүлчийн хүслийг биелүүлж буй хэсгийг энд дурдаж болно. Гол дүр Бадам эмгэнд Гавьяат жүжигчин Т.Борхүүг тоглуулсан нь “нүдээ олсон” байв. Үг, үйлдлээс илүүтэй сэтгэл хөдлөлөө харцаараа илэрхийлэх хэвтрийн хөгшний дүрийг тэр сэтгэл сэмэртэл “урласан” байв. Харин малчин аавынхаа удмыг залгаж, уужуу сайхан эр болж өссөн Дашдоржид жүжигчин Ц.Цэрэнболдыг сонгожээ. Сэтгэл хөдлөлөө дарж, “дотогшоо” тоглохыг, дотоод сэтгэлийн зөрчил, хүний мөн чанарыг илэрхийлэхийг илүү шаардсан энэ дүрд тэрбээр сайн тоглосон байсан. Гол дүрийг улам тодотгодог туслах дүрүүдэд А.Цэгмэд, П.Баярмагнай, А.Баярцэцэг, Э.Сансар нар тоглож, найруулагчийн оноосон үүргийг сайтар биелүүлжээ.

“Монгол фильм”-нийн найруулагч Д.Золбаяр “Хөхөө”-гийн тухай “Энэ кино “урлагийн” буюу арт кино болжээ. Арт кино хийнэ гээд хэн ч ойлгохгүй, өөрөө ч ойлгохгүй юм хийдэг явдал элбэг. Зөвхөн манайд ч бус, гадаадад бүр элбэг. Чухам ийм хэцүү нэртүүдээс л зугтаж, үзэгчид урлагаас өөрийгөө холдуулан, марзан зүйл рүү хошуурцгааж байгаа. Ийм эгзэгтэй үед энэ кино гарсан нь ач холбогдолтой. Хамгийн гол нь ямар ч хүнд ойлгомжтой бүтээжээ. Жүжигчдийн бүрэлдэхүүн сайн болсон байна. Ялангуяа Гавьяат жүжигчин Т.Борхүү, Ц.Цэрэнболд хоёр аргагүй л эх орноо төлөөлж гадаадын кинонд тоглодог жүжигчид болох нь нотлогдлоо” гэсэн юм.

Найруулагч Ж.Жамъянсүрэн эл уран бүтээлийнхээ талаар “Манай бүх дүр нэг айлын хүүхдүүд, нэг эцэг, эхээс төрсөн хэрнээ өнөөгийн амьдрал тэдэнд хэрхэн нөлөөлж өөр өөр хүмүүс болгосныг харуулна. Хал нь гаднаа, хайр нь дотроо гэдэг философи, эх үрийн хайрын шүтэлцээ, эхнэр, нөхрийн хайрын нандин чанарыг харуулна. Жинхэнэ хайр, жинхэнэ мөн чанар хаана илэрдэг вэ. Үхэл, амьдралын зааг дээр илэрдэг. Бид хамгийн агуу хайр эхийн хайр гэж ярьдаг. Тэгвэл түүнээс илүү агуу байж болох ямар хайр байгаа вэ. Тэр бол эхээ хайрлах үрийн хайр. Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэг боловч үрийн санаа эхэд яагаад байж болохгүй гэж. Бид төрөлх мөн чанараа бага багаар алдсаар байгааг хүмүүст үзүүлэхийг зорьсон. Түүнчлэн “Нүүдэлчдийн гайхалтай ахуй, соёл, уламжлалыг харуулахыг хүссэн” гэж сэтгэгдлээ хуваалцав.

Бэлтгэл ажлыг нь зургаан сарын турш базааж, зургийг нь хоёр сар шахам хугацаанд авсан “Хөхөө” киноны зураачаар Т.Бямбасайхан, зураглаачаар Э.Нэргүй ажилласан байна. Киноны зургийг авах ажил их сонирхол татсан. Удаан үргэлжлэх үйл явдлыг эвлүүлэггүйгээр авсан нь, мөн үзэгчдэд яг л тухайн дүрийн харж буй өнцгөөс харах боломж олгосон нь сонирхолтой. Киноны хөгжмийг Ш.Өлзийбаяр бичжээ. Тус киноны пост продакшн буюу өнгө шүүлт, дууны найруулгыг дэлхийн жишигт нийцүүлж, бүтээсэн байна. Найруулагч Ж.Жамъянсүрэн “Нүүдэлчдийн сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, бие биеэ хайрлах хайр, амьдрал тэр чигээрээ ямар гайхамшигтай болохыг гадаад ертөнцөд таниулж, үзүүлэхийг зорьж байгаа учраас олон улсын кино наадмуудад киногоо сойно” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)