ЭМЯ-ны ахлах мэргэжилтнүүдийг хахууль авсан хэрэгт холбогдуулж цагдан хорилоо

ЭМЯ-ны эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан цагдан хорилоо. Энэ талаар АТГ-ынхан ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж буй бөгөөд прокурорын байгууллагынхны өгүүлснээр мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад дээрх хүмүүсийг эм, эмнэлгийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан нэг бус удаагийн үйлдлийг нь баримтжуулж, улмаар хойшлуулшгүй ажиллагаа явуулан цагдан хорьсон гэнэ. Одоогоор хэнээс, хэчнээн төгрөгийн хахууль авсныг нь дөнгөж шалгаж эхэлж буй учраас мэдээлэх боломжгүйг прокурор хэлсэн юм. ЭМЯ-ны эх сурвалжуудын мэдээлснээр Б.Болорчимэг нь сайд Д.Сарангэрэлийн гарын хүн гэнэ. Учир нь түүнийг туслахаараа ажиллуулж байгаад удалгүй яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газарт эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон аж.

Энэ тухай мэдээллийг иргэд АТГ-т 2018 оны зун гаргаж байсан юм. Тодруулбал, “Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн туслахаар ажиллаж байсан Б.Болорчимэгийг Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр, хүү Улам-Өрнөхийн жолооч Д.Өнөболдыг тус яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар томилсон” хэмээн гомдол мэдээлэлд дурдсан байв. АТГ-ын хяналт шалгалтын хэлтсийнхэн үүнийх нь дагуу шалгаад томилогдсон хоёр хүний тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн шилжилт хөдөлгөөний бичилт зэргээр гомдолд дурдсан асуудлыг үндэслэлтэй гэж дүгнэсэн юм. 2018 оны наймдугаар сарын 27-нд хийсэн ээлжит мэдээллийнхээ үеэр АТГ-ынхан “Эрүүл мэндийн салбарт Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар удирдлагын манлайлал, хүчин чармайлт сул. 

Танил тал, өөрийн хамаарал бүхий этгээдийг албан тушаалд томилох байдал энэ салбарт түгээмэл байгаа нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, “Эрүүл мэндийн сайд нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад Б нь Эрүүл мэндийн сайдын туслахаар ажиллаж байсан, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон” хэмээн мэдээлж байсан билээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)