ЭМЯ-ны албан тушаалтнуудын гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авсангүй

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам тэргүүтэй 26 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр боллоо. Тус яамны албан тушаалтнууд болох дээрх гурваас гадна 5-6 хүнд НПГ-аас эрх мэдлээ урвуулж, хясан боогдуулж бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Харин хэд хэдэн компанийн удирдах албан тушаалтныг хахууль өгсөн үндэслэлээр буруутгасан талаар бид энэ сарын 9-ний дугаартаа дэлгэрэнгүй мэдээлсэн. ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд болох Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нар тусгай зөвшөөрөл олгохдоо үл ялих шалтгаанаар бүрдүүлсэн бичиг баримтуудыг нь буцааж, нэг сараас жил хүртэлх хугацаагаар чирэгдүүлдэг, энэ хооронд аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл авахын тулд танил тал хайж, тэднээрээ дамжуулан дээрх хүмүүст 100 000-15 сая хүртэлх төгрөгийн хахууль өгч байсан нь тогтоогдсон. Тухайлбал, нэг компанийн удирдлагыг “Манай байгууллагын нэрийг буруу бичсэн байна, үгийн ийм алдаа гаргасан, гаалийн бичиг дутуу” гэх мэтээр огт шаардлагагүй зүйлс нэхэн шантаажилж байсан тул бид танилаараа дамжуулж хахууль өгсөн гэж хэргийн холбогдогч нар ярьдаг юм.

Дээрх хоёр хүнд аргагүй байдлын улмаас хахууль өгснөө хүлээн зөвшөөрсөн зарим аж ахуйн нэгжийн удирдлага хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт прокурор, шүүхэд гаргадаг ч “яллагдагч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарын эсрэг нотлох баримт болж, тэдний гэм буруутайг батлах нэг үндэслэл бүрдэж, эрх зүйн байдлыг нь дордуулна” гэж дүгнэн нэг бус удаа татгалзсан байдаг. Өчигдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн хурлын үеэр ч зарим яллагдагч болон тэдний өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүгч Б.Батсайхан хүлээн авах боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болголоо. Улмаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм бурууг хэлэлцэх хурлыг жич товлохоор шийдвэрлэжээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)