ЭМЯ-нд зөрчлөө арилгахыг шаардсан зөвлөмж хүргүүлжээ

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан албан хаагчид болон орон тооны бус шинжээч нар 2019 онд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс “тусгай зөвшөөрөл”-ийн хүсэлт, төслийг хүлээн авч, шийдвэрлэхдээ удаа дараа хууль бус үйлдэл гаргажээ. Тухайлбал, 

  • Зохиомол хүнд суртал гаргаж хясан боогдуулах замаар хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд оруулж, 
  • Хахууль авсан, 
  • 2018 оны 09 сард өөрсдийн хамаарал бүхий иргэний нэр дээр компани үүсгэн байгуулж, 
  • Эм, эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх  тусгай зөвшөөрлийг хууль бусаар гаргуулж, 
  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоох, дахин гарахаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллалаа.

Ажиллах явцад Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв эрх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулсан хуулийг дагаж мөрддөггүй, бодлогын баримт бичиг, журмыг хэсэг бүлэг хүмүүст тохируулан гаргадаг, удирдлагын зүгээс эрх олгох, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой салбарын өдөр тутамд гардаг хүндрэл бэрхшээлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл үүсгэгч шалтгаан нөхцөлүүдийг судлан тогтоох хүсэл эрмэлзэл, санаачлага байхгүй, хяналт тавьдаггүй, тусгай зөвшөөрөл хариуцсан ажлын байранд туршлагагүй, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг томилсон, ажлын байрны тодорхойлолтыг албан хаагчид тохируулан боловсруулдаг, зөвшөөрөл олгох үйл явц, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл эзэмшигч нарын мэдээлэл ил тод биш зэрэг шалтгаан нөхцөл тогтоогдсон юм.  Дээрх зөрчлийг арилгах чиглэлээр 11 асуудал бүхий зөвлөмж боловсруулан Эрүүл мэндийн яаманд хүргүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)