Эмээлт морь харайсандаа

Соёл, урлагийнхан энэ залууг “Саунд оф Монголиа”-гийн Даамий” гэдэг. Бүтэн нэрийг нь мэдэх ч үгүй байж мэднэ. Уран бүтээлийн тоглолт хийхдээ янз бүрийн байдлаар ивээн тэтгүүлсэн нь олон бөгөөд их л бол “Маш их баярлалаа” гээд өнгөрнө. Талархсанаа үүнээс илүүгээр яаж ч илэрхийлэх билээ. Даамий ч “Амжилт хүсье. Дахин хэрэг болбол хэлээрэй” л гэнэ. Төрийн концертууд, томоохон арга хэмжээнүүд гээд эднийхний оролцоо, дэмжлэггүйгээр болдог урлагийн тоглолт гэж бараг үгүй. Тэртээ 2000-аад оноос ийм албан бус журам бий болсон гэхээр.

Х.Дамдинсүрэн ба түүний багийн анхны ажлуудаас нь цухас дурдахад, 2000 онд зохион байгуулсан, тухайн үед Орост нэрд гарч байсан “Иванушки интернешнл” хамтлагийн, дараахан нь дуучин Алсугийн Төв цэнгэлдэх хүрээлэн дэх тоглолт гээд нэрлэж болно. Сүүлийн үеийнхээс гэвэл Улаан-Үдийн хүүхэлдэйн “Үльгэр” театр, ардын дуу бүжгийн “Байкал” театрын айлчлан тоглолтод тусалсан гээд ар араас нь дуржигнуулна. Энэ өнцгөөс харахад тэрбээр дуу, хөгжмийн урлагт продюсер мэт. Тийм ээ, үнэн. Гэхдээ түүний хэрэгжүүлсэн, олныг хамарсан арга хэмжээ бүхий төсөл, хөтөлбөрүүдийг энэ чиглэлийн ажлуудаар хязгаарлах аргагүй.

Тэрбээр олон жилийн өмнөөс куратор болсон бөгөөд Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчид дор бүрнээ дахин давтагдашгүй бие хүмүүс, авьяас, мэдрэмжийн уурхай юм гэдгийг монголчууддаа болон олон улсын уран зураг сонирхогчдод таниулж явдаг оюуны үйлстэн. Социализмын үед ЗХУ-д суралцаж төгссөн инженер дур сонирхолдоо хөтлөгдөн гэргийтэйгээ хамтарч соёл, урлагийн талбарт ажиллах явцдаа дүрслэх урлагийн уран бүтээлчдийг дэмжих ёстойг ойлгосноор өөрийгөө аажим бэлтгэж эхэлжээ. Монголын үе үеийн зураач, урчуудын бүтээл, туурвилыг хайрлан, харамлахын хэрээр олны хүртээл болгох, улмаар эдгээрээр дамжуулж улс орноо гадаадад сурталчлах, Монголоо мандуулах хүсэлд автсаар нэг л өдөр алдарт Репиний академийн урлаг судлалын ангийн оюутан болсон аж. Эндээс түүний Монголынхоо соёл, урлагийг, уран бүтээлчдийг, үндэстнээ дэлхийд таниулах шинэ, ахисан түвшний гээд хэлчихэд буруудахгүй ажил ундарчээ.

Салбарт хэн, юу хийдэг нь, амжилт гаргадаг нь андашгүй. Х.Дамдинсүрэнг соёл, урлагийн амьдрал, жаргал, зовлонд нэвт шувт болохыг мэдсэн биз, түүнийг Шадар сайдын соёл, урлагийн асуудал эрхэлсэн зөвлөх болгосон нь нүдээ олсон томилгоо байсан. Гэвч зөвхөн зөвлөдөг байх нь үр дүн муутай гэж үзсэн тэрбээр ГХЯ-нд хандаж ОХУ-д ажиллах соёлын элчээр ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн нь бүтэж гэнэ. Олон ч шалгуур давж байж сайд асан Д.Цогтбаатараас батламжаа гардаж.

Соёлын элчийн ажлаа юунаас эхлэхээ бодсон ч үгүй, шууд л ханцуй шамлаад дайрчээ. Монголын дүрслэх урлагийнхан Репиний академид яагаад суралцахаа больсны учрыг тэнд оюутан байхдаа олсон тул харилцааг сэргээх, хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдэж. Тус академи улсынхаа Соёлын яамны харьяа байгууллага аж. Гэтэл гадаад оюутнуудад квот олгодог их, дээд сургуулиуд нь Боловсролын яамных нь харьяа. Монголоос оюутан элсүүлэхээ больсны гол учир нь асуудал энэ завсарт хаягдсантай холбоотой талаар соёлын элч тус улсын хоёр яаманд танилцуулж, Боловсролын дэд сайдыг нь тухайн үед Шадар сайд, Монгол болон ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын тэргүүн байсан Ө.Энхтүвшинтэй уулзуулж, ажлаа санаснаас харьцангуй богино хугацаанд бүтээжээ. Мөн тус академийн удирдлагыг Ерөнхий сайдын урилгаар эх орондоо айлчлуулж, тэдний судалгаа, судалбар зургийн экспедицийг хүлээн авч, “Н.К.Рерихийн замаар” нэрийн дор олон улсын багийн аялал зохион байгуулсан байна. Үүнд тус сургуулийн мэргэжлийн тэнхим бүрийн тэргүүний оюутнуудыг оролцуулж, бүтээл төрүүлэх боломж олгосонд нь хэн хүнгүй ихэд талархсан гэдэг. Өөрөөр хэлбэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор алдагдсан харилцааг сэргээх талд янз бүрийн ажил санаачилж хэрэгжүүлсний зах зух нь энэ. Үүнийг албаны хэлээр Ерөнхий сайдын соёл урлаг, олон нийт хариуцсан зөвлөхийн хувьд зөөлөн хүчний бодлогыг чигээ болгож, Монгол Улс, ОХУ-ын соёлын харилцааг хөгжүүлэх талд чармайн ажиллаж байна гэх болов уу.

Тэрбээр бас БНХАУ-ыг хариуцсан соёлын элч. Урд хөршид дүрслэх урлагийн салбарт түлхүү ажиллаж эхэлсэн. Гэсэн ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд амжуулсан ажлаа дүгнэхэд 90 хувийг нь ОХУ руу хандуулсан байжээ. Тэрбээр “Би хэдийгээр соёлын элчийн үүрэг хүлээсэн ч, ажлыг хамтарч хийдэг. Манай “Саунд оф Монголиа” компани болон соёл, урлагийн байгууллагуудын төлөөлөл болсон хүмүүстэй хүчээ нэгтгэдэг. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний ивээл дор жил тутам болдог, соёл, урлагийн бүхий л салбарын асуудлыг багтаасан, Санкт-Петербургийн олон улсын соёлын форум хэмээх маш үр дүнтэйгээр хамтарч ажиллах талбар байгааг олж харлаа. Хойд хөршид төдийгүй дэлхийд хамгийн томд тооцогдох форум. Энэ үеэр 100 гаруй орны Соёлын яам, сайд нар, төлөөллийг хамруулсан бүх төрлийн үзэсгэлэн гаргаж, драм, цирк гээд олон чиглэлийн үзүүлбэрээ харуулдаг, хойд хөршийн мужууд хооронд, мөн гадаадын театр, чуулга, хамтарч ажиллах байгууллагуудтай санамж бичигт гарын үсэг зурдаг, гэрээ хэлцэл хийдэг, соёл, урлагийн бүтээлийн худалдаа явуулдаг, дараагийн форумын зочин улсыг хамтарч сонгох зэрэг олон ажил зохион байгуулдаг. 

Ер нь улс орнууд соёлоор харилцахад юу хэрэгтэй, тэр бүхнийг агуулсан маш чухал арга хэмжээ. Үүнд манай улс маш идэвхтэй оролцож ирлээ. Одоо Соёлын яамтай ч боллоо. Сайд С.Чулуун Санкт-Петербург хотын, түүхийн салбарынхантай харилцаа сайтай хүний хувьд царааг өргөжүүлэн, салбар бүрт үр дүн гаргахуйц хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой гэж харж байна. Сайд уг форумд ганцаараа биш, бодлого боловсруулагчид болон ДБЭТ, УДЭТ, СУИС, Консерватор гээд соёл, урлагийн байгууллагын удирдлага, уран сайхны удирдагчид, найруулагчдыг багтаасан баг бүрдүүлж очвол чиглэл бүрийн мэдээллийг нэг дороос авах юм. Би сүүлийн гурван жил хойд хөршийн Соёлын яамны урилгаар уг форумд оролцсон. Эхний жил СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал Д.Уранчимэг багш Репиний академид “Өнөөгийн Монгол Улсын дүрслэх урлагийн боловсрол” сэдвээр танилцуулга яриа хийхэд нь тусалж, дэмжсэн. Дараа нь жилийн хугацаанд сургуулийнхантайгаа бэлдээд Эрмитажд “Монгол Улсын орчин цагийн дүрслэх урлагт Репиний академийн үүрэг юу байв” сэдвээр илтгэл тавьсан. Ингэж ОХУ-ын Соёлын яамныханд Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг олон жилийн өмнөх шиг Репиний академид суралцаж боловсрол олж, мэргэжил эзэмшихэд нь туслах ёстой юм байна гэдэг ойлголтыг төрүүлж чадсан болов уу гэж боддог. Үр дүн гарсан. Одоо тус академи манай улсаас оюутан элсүүлж, сургаж эхэлсэн. Энэ мэтээр ажиллаж байгаад Шадар сайдын зөвлөх болон соёлын элчийн хувьд Монгол Улсын соёл, урлагийнхан ОХУ-ын тухайн салбарынхантай нягт хамтарч ажиллах ёстойг яамны түвшинд ойлгуулж чадсан маань бодлогын, зөвлөхийн ажил юм даа” хэмээн ярив.

Х.Дамдинсүрэнгийн амжуулсан бас нэгэн томоохон төслийн тухай заавал дурдмаар. Тэрбээр Монголын дүрслэх урлагийн салбарын өнөөгийн хөгжил ямар түвшинд байгааг ОХУ-ын дүрслэх урлаг сонирхогч, шүүмжлэгчдэд харуулах зорилгоор “Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэнг санаачилсан. Энэ нь Монголын нэртэй зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Жанатханы хүү Ж.Ойланы бүтээлүүдээр дагнасан үзэсгэлэн юм. Уг үзэсгэлэнг Оросын Улаан-Үд, Эрхүү, Санкт-Петербург, Казань, Москва зэрэг олон хотоор аялуулахад очсон газар бүрт нь зураачийн ажлыг уулга алдан үзэж, магтах үгээ олж ядаж байсан гэдэг. Үзэсгэлэнгийн талаар өнгөрсөн оны 4-9 дүгээр сар хүртэлх хугацаанд ОХУ-ын хэвлэлүүдэд шүүмж, нийтлэл удаа дараа гарч байсан юм. Нүүдэлчин монголчуудын амар амарлингуй, бэлгэдэл зүй, ер нь Монгол гэдэг нь ямар сонин, өвөрмөц ертөнц юм бэ гэдгийг сюрреалист арга барилаар зурсан бүтээлүүдийг нь хүмүүс үзээд өөр өөрсдийнхөөрөө сайшааж байж. Эрмитажийн захирал Пётровскийн гэргий гэхэд “Энэ их авьяасаар төрүүлсэн бүтээлүүдийг юутай зүйрлэх вэ, тал нутгийн сувд гэх үү” хэмээж байж. Бас нэгэн урлаг судлаач “Монголын дүрслэх урлагийн хөгжлийг социалист реализм дээрээ гацсан хэмээн төсөөлж байлаа. Маш их эндүүрчээ” гэж өөрийгөө голсон гэсэн. Куратор, зураач хоёр нэгэн цэгийг зорьж хамтарч ажилласан юм билээ. Тэд Алтан ордны 750 жилийн ойд зориулсан “Золотая орда” хэмээх томоохон үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлж оролцохыг зорьжээ. Тэнд очиход нь үзэгчид, уран зураг сонирхогчид мөн л уухайлан хүлээж авсан гэдэг.

Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа гэдгийн ухааныг соёлын элч Х.Дамдинсүрэнгийн үйлс, бүтээлийн замналаас ойлгохоор. Соёлын элчийн Оросын ард түмэнд шинэ тутам Монголоо таниулах, сурталчлах нэр хүндтэй ажил үргэлжилсээр.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)