Эмэгтэй ХҮН бараа бүтээгдэхүүн биш

Objectification гэдэг нь хэн нэгнийг хүн гэхээсээ илүү амьтан аль эсвэл амьгүй бараа бүтээгдэхүүнтэй адилтгахыг хэлдэг ба энэхүү үзлийн “хохирогчид” нь гол төлөв эмэгтэйчүүд байдаг. Sexual objectification нь хүнийг зөвхөн сексэд зориулсан эд зүйлс мэт хүлээж авахыг хэлдэг ойлголт. 2020 онд Монголын топ өдөр тутмын сонинууд өдөр бүр аль нэг нь бараа бүтээгдэхүүн зарж, борлуулах гэж байгаа мэт нүцгэн эмэгтэйчүүдийн зургийг ээлжлэн хэвлэж байгаа нь өнөөгийн Монголын нийгмийн гутамшиг ба гуниг. Хэвлэлийн хуудаснаа инээмсэглэх үзэсгэлэнт бүсгүйн зурагны дэргэд түүний дотоод ертөнц, амьдралыг харах өнцгийг өгүүлэх ярилцлага, нийтлэлийн аль нь ч байхгүй. Нэрийнх нь өмнө байх ёстой овог нь “ялдамхан, халуухан” гэх мэт тодотголоор солигдоно. 

Жин, өндөр, биеийн харьцаа, биеийнх нь аль хэсэг таалагддаг, үсний өнгө, нүдний өнгө зэрэг мэдээллүүд байх ба эцэст нь инстаграм хаяг нь тавигдсан байхын харахад өдөр тутмын сонин гэхээсээ илүүтэй танилцах товчооны хувийн хэрэг харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхуйц санагдана. Зурагаа ингэж нийтлүүлж хувийн мэдээллээ олон нийтэд ил тод хуваалцах нь тухайн моделийн эрх хэдий ч хорин нас шүргэж яваа залуухан охидыг ийн сурталчилснаар тэднийг эрсдэлд оруулж байж магадгүйгээ ухамсарлах хэрэгтэй. Бүрэн төлөвшөөгүй нийгэмд нүцгэн шалдан зурагаа тавьсан бол тухайн эмэгтэй хүнтэй яаж ч харьцсан болно гэдэг ойлголттой эрчүүд өнөө цагт олон. Үүний тод жишээ манай хойд хөршид саяхан гарсан аймшигтай хэрэг. Өөрийн нүцгэн зурагаа байнга нийгмийн сүлжээнд оруулдаг инстаграм од бүсгүйг хэрцгийгээр хөнөөсөн нь урд өмнө нь олон жигшүүрт гэмт хэрэг харж байсан Оросуудыг хүртэл цочроосон. Ийм аймшигт хэргийг энд жишээ татан ёрлохгүй ч эмэгтэй хүнийг зөвхөн гадаад төрхөөр нь үнэлэхээ больсон энэ үед Засгийн Газрын Мэдээ сонины хамт олныг энэ асуудалд хариуцлагатай хандаж, ядаж цаг үетэйгээ хөл нийлүүлэхийг уриалъя


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)