Эмэгтэй гишүүдэд стилист хэрэгтэй

Манай парламентын түүхэнд хамгийн олон буюу 13 эмэгтэй сонгогдоод буй. Тэдний төлөөлөл болсон хэдэн гишүүн БНСУ-д ажилласан юм байна. Гэвч УИХ-ыг төлөөлөн ажилласан эрхэм түшээдийн өмссөн хувцас олон нийтийн анхаарлыг эрхгүй татав. Албан ёсны арга хэмжээнд бүсгүй хүн даашинз, банзал өмсөх нь илүү зохистой санагддаг юм.

Тэр тусмаа парламентын гишүүний хувиар гадаад оронд айлчилж, ажиллаж буй бол хувцаслалтандаа илүү анхаарах учиртай. Үнэхээр өөгүй сайхан биетэй бол өмдтэй хослол асуудалгүй л дээ. Гэтэл манай бүсгүйчүүд олон янзын, тод өнгөтэй хувцсаар “гангарч”, нийгмийн сүлжээнийхнээс “United colours of Benet­ton” гэдэг хоч авлаа.

Улаан, цэнхэр, ягаан, эрээн гээд олон өнгө алагласан хувцастай байсан учраас тэр. Эрхэм гишүүн Ц.Цогзолмаа уг нь төв, саарал өнгө сонгосон байна. Гэвч өмдтэй хослол нь түүнд багадсан мэт жадайсан, бас үрчгэр. Үнэхээр эвгүй харагдав. М.Билэгт гишүүний сонголт бас л оновчгүй. Торон ханцуйтай, эрээн даашинзан дээр мөн л эрээн алчуур зангидчихсан. Уг нь тэр улстөрч хүн болохоос гудамжинд алхаж яваа жирийн нэг эмэгтэй биш.

Ажил хэрэгч хувцаслах талаар ямар ч ойлголт түүнд алга бололтой. Н.Оюундарь гишүүний өмссөн улаан даашинз биеийнх нь өөг гамгүй илэрхийлжээ. Бас цээж хэсгээрээ даашинз нь бариад байсан уу, жадайгаад тааламжгүй харагдаж байна лээ. Хүн ямар ч бие галбиртай байж болно. Гагцхүү өөгөө далдалж хувцаслах хэрэгтэй. Арай бараан өнгөтэй, сул загвартай даашинз сонгосон бол энэ бүсгүй хүмүүст элдвээр хэлүүлэхгүй өнгөрөх байжээ.

Эрхэм гишүүн М.Оюунчимэг арай дээр харагдаж буй. Гэхдээ тод цэнхэр өнгөөр “жигдэрч”, тунгаа хэтрүүлчихэж. Түүний хослол, туфль, алчуур, бөгж хүртэл цэнхэр. Ядаж туфль нь хар байсан бол ярих юмгүй байлаа. Г.Мөнхцэцэг гишүүн харьцангуй даруу, төв харагдана. Гэхдээ л түүнийг шүүмжлэл тойрсонгүй. Эрхэм гишүүдийн дотроос хамгийн дээр хувцасласан нь Б.Ундармаа болж байна.

Хэдэн өдөр цахим сүлжээгээр зад шүүмжлүүлсэн бүсгүйчүүд дутагдлаа ойлгосон байгаасай. Тэд зөвхөн өөрийгөө, эсвэл хувийн компаниа биш, ард түмнийг, хилийн чанадад бол Монгол Улсыг төлөөлөн ажилладаг болсноо ойлгож, стилисттэй болох болтугай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)