“Эмэгтэйчүүд хүчирхийллийн дайны хэрэгсэл болж байна”

Дайн, зэвсэгт мөргөлдөөний үеэр бэлгийн хүчирхийллийг зэвсэг болгон ашигладаг явдалтай тэмцэхэд хүчин чармайлт гаргасан эмч Денис Муквеге, хүний эрхийн төлөө тэмцэгч Надя Мурад нарт 2018 оны энх тайвны шагнал олгох болсноо Норвеги дахь Нобелийн шагналын хороо зарласан.

Энэ онд уг шагналд 329 хүн нэр дэвшсэний 112 нь нийгмийн болон олон улсын байгууллага байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, БНСУ-ын Төрийн тэргүүн Мүн Жэ Ин нарын нэр дэвшсэн байв.

УДАМ ДАМЖСАН ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛТАН

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ) нь тэнгэрт тэтгэсэн, бас хараагдсан газар. Нэг талаас өвч ногоон уул толгод, үржил шимтэй хөрс, ашигт малтмал арвин баялагтай. Нөгөө талаас дэлхийн II дайнаас хойших хамгийн цуст гэгдэх, 20 жил үргэлжилж буй дайны хөлд нэрвэгдсэн, дэлхийн хамгийн ядуу хоёр дахь улс. Бельгийн колоничлогчдын хатуу чанга гараар дамжсан золгүй Конго улс түүхийн ч, уран зохиолын ч баримт болдог. Бельгичүүд төр барьсан эхний 30 жилд уугуул хүн амынх нь тоо бараг хоёр дахин цөөрчээ.

Манай гаргийн хамгийн нэр хүндтэй шагналын эзэн болох Денис Муквеге энэ л улсад эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг, олон мянган хүний аврал “Панзи” эмнэлгийг үүсгэн байгуулагч юм. Тэрбээр Киву мужийн Костерманвиль хотод 1955 оны гуравдугаар сарын 1-нд мэндэлжээ. Шашны номлогчийн есөн хүүхдийн гурав дахь нь болох Денис аавынхаа хамт өвчтэй хүмүүсийг эргэж тойрдог байсан учраас эцгийнхээ залбирч мөргөдөг тэр хүмүүсийг эрүүл саруул болоход туслах эмчийн мэргэжил сонгосон байна.

Хөрш Бурунди улсад анагаах ухааны анхан шатны боловсрол эзэмшсэнийхээ дараа Денис шашны эмнэлэгт ажиллаж, хүүхдийн эмчээр эхлээд мэргэшжээ. Гэвч удалгүй төрөхийн хүндрэлийн олон тохиолдолтой тулгарсан учир Францыг зорьж, 1984-1989 онд Анже их сургуульд эмэгтэйчүүд, эх барих чиглэлээр сурав.


ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ЭМЧ

Эх орондоо 1989 онд эргэн ирсний дараа Денис эмч Лемер хот болон Заир (1997 он хүртэл БНАКУ гэдэг байсан) улсад эх, барих, эмэгтэйчүүдийн алба байгуулжээ. Бүлэг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслах ажил 1994 оноос буюу Руандад үй олноор хөнөөсөн хэрэг гарсны дараа хуту омгийнхны зэвсэгт бүлэглэлүүд Заирт халдсанаар эхэлсэн байна. Киву мужид зэвсэгт мөргөлдөөн эхэлсний дараа 1996 онд Конго улсын Ерөнхийлөгч Мобутугийн дарангуйллыг эсэргүүцэн тэмцэгчид Лемер хот дахь эмнэлгийг сүйтгэж, 35 өвчтөнийг нь хороожээ.

Тагнуулын хэрэгт буруутгагдсан учир Денис автомашины тэвшинд нуугдан Букаву боомт руу зугтсан аж. Тэндээ төрөх болон мэс заслын тасагтай шинэ эмнэлгийг майханд байгуулсан гэнэ. Гэвч 1998 онд дахиад л сүйтгүүлжээ. Үүний сацуу дайн эхэлж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр кампанит ажил өрнүүлэв. Энэ нь БНАКУ-д хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдэд байж болох бүх аргаар тухайлбал, тус орон дахь НҮБ-ын энхийг сахиулагчдын оролцоог өргөжүүлэх, ярилцлага өгөх замаар тэмцэхэд чиглэсэн аж.

Мөргөлдөөн болж байсан ч Денис 1998 онд олон улсын тусламжтайгаар Букаву хотод “Панзи” эмнэлгээ байгуулж, ерөнхий менежер бөгөөд мэс засалч нь болсон байна. Зарим мэдээнээс үзвэл, үүнээс хойш 2013 он хүртэл тэрбээр хамт олныхоо оролцоотойгоор 40 мянга гаруй охин болон эмэгтэйд мэс засал хийжээ. “Панзи” 2013 онд Африкийн Евангелийн их сургуулийн судалгааны төв болж, эх барих-эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал, дотор гэсэн дөрвөн салбар, 398 ажилтантай болсон байна. Жилийн 3.2 сая ам.долларын төсөвтэй тус эмнэлэг 450 ортойгоос 250 нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн, төлбөрийн чадваргүй хүмүүст зориулагджээ.

Нэг баримтаас үзвэл, хүчирхийлэлд өртөгсдийн цуваа буурах бус, нэмэгдсээр байв. 2011 онд Конго улсын зүүн нутагт өдөрт 1152, цагт 48 эмэгтэй хүчирхийлэлд өртсөн гэнэ. Үүний улмаас тус орон эмэгтэйчүүдэд хамгийн халгаатай газар гэгдэх болжээ. Жилээс жилд хүчирхийлэл улам харгис хэрцгий болсныг гэмтлийн байдал илтгэж, хохирогсдын нас буурсаар байв. Денис эмчийн хамгийн бага насны үйлчлүүлэгч нь зургаан сартай байжээ. Улмаар дэлхийд тэрбээр охидын гэмтлийн хамгийн шилдэг нь, бүлэглэн хүчирхийлсний улмаас учирсан гэмтлийг сэргээн засдаг алтан гартнуудын нэг болсон аж.

Хэсэг хугацааны дараа түүнд хоёр, гурав дахь удаагийн хохирогчид хандах болов. Хуучин үйлчлүүлэгчийнх нь хүчирхийллийн ул мөр болж мэндэлсэн найман охинд мэс засал хийхдээ тэрбээр зөвхөн эмнэлэг тус болохгүй, хүчирхийллийн эцэс төгсгөлгүй тойрог бий болсныг ойлгожээ. Тиймээс сүрдүүлж байсан хэдий ч Денис Муквеге 2012 оны есдүгээр сарын 25-нд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд үг хэлж, БНАКУ-д гардаг олноороо бүлэглэн хүчирхийлдэг хэргийг нэгэн дуугаар зэмлэн буруушаахыг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалсан байна.

Тэгэхдээ ийм хүнлэг бус үйлдлийг шууд ба шууд бусаар дэмждэг, НҮБ-ын гишүүн орнуудад тодорхой арга хэмжээ авах цаг болсныг хэлжээ. “Цаашид бидэнд нотолгоо хэрэггүй. Хүнлэг ёсны эсрэг ийм гэмт хэрэг үйлддэг хүмүүсийг баривчлах талаар тодорхой алхам, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Тэдэнтэй шударга ёсны талаар ярих хэрэггүй” гэж Денис онцолсон аж. 2012 оны аравдугаар сарын 25-нд Денисийн гэрт халдаж, эзгүйд нь таван гэмт хэрэгтэн хоёр охиныг нь барьцаалжээ. Гэртээ харихад нь гэмт этгээдүүд бие хамгаалагчидтай нь буудалцсан гэнэ.

Азаар Денис зугтаж, бие хамгаалагчдынх нь нэг нь амиа алдсан байна. Зургаа дахь удаагаа амь насанд нь халдахыг ийн завдсан учир тэрбээр эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт хэсэг хугацаанд Европ руу цагаачилжээ. Шведэд, Бельгид очсоныхоо дараа 2013 оны нэгдүгээр сард БНАКУ руугаа буцав. Мөн оны эцсээр тэрбээр дайны хөлд үгүйрч, эзгүйрсэн орнуудад эмэгтэйчүүд гэмт хэргийн золиос болж буйг нотлохын тулд Парист очихдоо цөмийн, химийн биологийн гамшгийн уршиг удаан хугацаагаар үргэлжилдгийг тэмдэглэжээ.

“Хүчингийн хэрэг ч мөн адил! Энэ аймшигт өртсөн хүн амьд үлддэг. Үнэн хэрэгтээ, гэр бүл, тосгон нийгэм бүхэлдээ сүйдэж байна. Үе үеэрээ устаж буйг харж болно” гэж Денис мэдэгдэв. Дашрамд нь, НҮБ-ын 2014 оны эхээр нийтэлсэн илтгэлд дурдсанаар 2010 оны нэгдүгээр сараас 2013 оны арванхоёрдугаар сарын хооронд БНАКУ-д 3600 гаруй эмэгтэй хүчирхийлэлд өртсөн байна. Тэр жил Денисийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ. Дараа оны аравдугаар сарын 21-нд Европын парламентын гишүүд санал нэгтэйгээр Денис Муквегед эмэгтэйчүүдийг хамгаалахын төлөө тэмцсэний учир Андрей Сахаровын нэрэмжит шагнал (хүний эрхийн төлөөлөгч тэмцэгчдэд зориулсан) олгохоор шийдэв.

50 мянган евро бүхий шагналыг дараа сард нь гардуулах ёслол болоход Денис “Эмэгтэйчүүд байлдааны жинхэнэ талбар, хүчирхийллийн дайны хэрэгсэл болж байна. Энэ нь нийгэмд бүхэлд нь сөргөөр нөлөөлдөг. Нийгмийн цөм болсон гэр бүл мөхөж, эд эс нь сүйдэж байна. Хүн ам нь боолчлогдон, эсвэл дүрвэхээс өөр аргагүй болж, эдийн засаг түрэмгийлэлд өртөн сүйрлээ.

Хүчирхийлсэн ганц тохиолдол нь ч ноцтой бөгөөд биднийг арга хэмжээ авахыг шаардаж буй. Миний эх оронд хүчирхийлэлд өртсөн олон зуун мянган эмэгтэй байна. Хүчирхийллийн уршгийг засаж залруулахад хэт урт хугацаа, нөр хүч хөдөлмөр зарцуулж байна. Учрыг нь олох цаг болжээ” гэж хэлсэн.

Үүний дараа шагнал гардуулсан Европын парламентын дарга Мартин Шульц “Зэвсэгт мөргөлдөөний үеэр хүчингийн хэрэг үйлдсэн этгээд шийтгэлгүй үлддэг явдлыг эцэс болгох хэрэгтэй. Тийм хэргийг өөгшүүлдэг хээрийн командлагчид цэргийн гэмт хэрэг үйлдсэнтэй адил учир зохих шийтгэл оноох хэрэгтэй” гэж мэдэгджээ. Шагналынхаа мөнгийг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд сэтгэл зүй, эмнэлгийн тусламж үзүүлэх шинэ төвүүд байгуулах, хэдийн байгуулагдсаных нь нөхцөлийг сайжруулахад зарцуулахаа Денис Муквеге тэмдэглэсэн байна.

“Панзи” сангийн байранд өвчтөнүүд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхийн сацуу бичиг, үсэгт тайлагдан, тоо бодох аргад суралцдаг аж. Мөн оёж хатгах, сагс сүлжих зэрэг энгийн зүйлд сургаж байна. Биеэ хамгаалах аргыг ч заадаг.

Өдөржин ажиллаж ядарсан, эмнэлгийнхээ хашаа доторх гэр рүүгээ алхах эмчийг Калашников буутай, нүүрээ халхалсан малгайтай хүн хамгаалж явна. Дэлхийн хаана ч амжилттай ажиллах чадалтай энэ хүн Букаву удаа өнөөдрийг хүртэл ажилласаар байна. Хүний эрхийн төлөө тэмцэгч, иргэний агаарын тээврийн бизнес ангиллаар үйлчлүүлдэг түүний зүрх сэтгэл дэх харанхуйд гэрэл үзэгдэнэ.

Денис Муквеге гэргий Кабойи Мапендо Маделинийхээ хамт Алэйн, Патрисия, Сильви, Лиза, Дениз гэдэг таван хүүхэд төрүүлж өсгөжээ. Тэрбээр Франц, Швед, Нигери, Нидерланд, АНУ, Бельги, Япон зэрэг улс, НҮБ, Арфикийн нэгдлийн байгууллага, Клинтоны сан, Европын парламент зэрэг олон улсын байгууллагаас хүндэт эмч, хүний эрхийн төлөө тэмцэгч, дэлхийн иргэн, хүмүүнлэгийн элч гэсэн хүндтэй шагнал гарджээ. Удахгүй тэрбээр Нобелийн энх тайвны шагналаа Надя Мурадын хамт гардана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)