“Эмэгтэйчүүдэд эрхийг нь эдлүүлэх, оролцоог нь бүх шатанд хангахад төрийн үйл ажиллагаа чиглэх ёстой”

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216 679 эмэгтэй бүртгэлтэй байна. Алдарт эхийн одонтой ээжүүдийн чуулганыг жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд 12 дахь удаагийнхаар ажил, орлогыг нь нэмэгдүүлэх асуудал хөндлөө. 

“Одонтой ээжүүдийн холбоо” ТББ-ынхан энэхүү чуулганаас өмнө одонтой ээжүүдийн дунд судалгаа хийхэд төрийн болон хувийн хэвшилд ажилладаг хүмүүсийн цалин хүрэлцээгүй, хувиараа бизнес эрхэлж байгаа нь төрийн дэмжлэг бага, тэгш бус, тэтгэвэр, тэтгэмжээр амьдарч буй нь зээлийн хүү өндөр гэжээ. Тиймээс энэ жил төр, засгийн удирдлагыг эмэгтэйчүүдийн ажил, орлогыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулахыг хүсэж, чуулганыг дээрх сэдвийн хүрээнд зохион байгуулсан аж.

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганыг нээж үг хэлэхдээ “Монгол бүсгүйчүүдийн нийгмийн байдал, оролцоо ямар байна, эмэгтэйчүүдийн эрх хэрхэн хэрэгжиж буй зэргийг бид энэ өдөр тодорхойлон ярилцаж, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг нэмэгдүүлэх бодлого, боломж, нөхцөлийг дээшлүүлэх талаар санал, санаачилга гаргаж, шаардах ёстой.

Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг тодорхой задалж харвал, улс төр, шийдвэр гаргах түвшин дэх оролцоо, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хөлсний байдал, гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл, хүний наймаанд өртөж буй, эсэх, боловсрол гэсэн ангилалд хуваагдаж байна. Эдгээрээс боловсролын асуудалд эмэгтэйчүүдийн эрх сайн хангагдсан гэсэн үнэлгээ тавьж болохоор байгаа бөгөөд дээд боловсролтой иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Харин үлдсэн асуудлууд нь дунд болон дундаас доош түвшинд байгаа.

Миний бодлоор, хамгийн тулгамдсан асуудал нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хөлс. Эрэгтэйчүүдийн дунд ажилгүйдлийн түвшин 56, эмэгтэйчүүдийн дунд 44 хувьтай байгаа. 2018 оны үзүүлэлтээр эрэгтэй, эмэгтэй хүний цалин 230 мянган төгрөгийн зөрүүтэй, ялангуяа залуу ажиллах хүчний хувьд эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа их, залуу эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ 1.35 дахин илүү цалин авч байна.

Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлтээрээ эхний 20-д жагссан ажлын байрны ихэнхэд эмэгтэйчүүд ажиллах боломжтой. Гэвч ажил идэвхтэй хайж буй эмэгтэй цөөн байгаа нь гэр бүлдээ цаг зарцуулах, ажил хийх гэсэн хоёр сонголтын өмнө ажлын байр нь давамгай нөлөө үзүүлэх чадваргүйг харуулдаг. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах нь өрхийн орлого, үр хүүхдийн сайн сайханд төдийгүй нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой. Тиймээс төр, засгийн зүгээс үүнд чадах, хүчрэх хэмжээгээрээ оролцох, нөлөөлөх ёстой.

Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох талаар АНУ-тай хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа. Энэ асуудал нааштайгаар шийдэгдвэл монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олон мянгаар нэмэгдэнэ. Эмэгтэйчүүдийн эрх, нийгэмд эзлэх байр суурийг олон улстай харьцуулсан үзүүлэлтийг харвал монгол эмэгтэйчүүд гэр бүл, нийгмийнхээ эдийн засагт оролцох түвшин харьцангуй сайн төдийгүй эхний 20-т багтаж байгаа. Эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг үзүүлэлтээр бид харьцангуй сайнд тооцогддог юм байна.

Гэтэл шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн үзүүлэлтээр Монгол Улс нэлээд доогуур буюу 107-д эрэмбэлэгдсэн байх юм. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, төрийн алба, удирдах түвшинд ажиллах боломж хангалтай биш байгаа нь эндээс харагдана. Тийм учраас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр монгол эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг улс төрд болон төрийн удирдах дээд албанд бий болгох бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг улс төрийн намууд, шийдвэр гаргагчид, парламентын гишүүдэд уриалж байна. 

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олноор оролцсоноор гэр бүл, хүний хөгжил, нийгмийн асуудлуудад нухацтай, шийдэлтэй хандах боломж ихэсдэг нь практикт нотлогдсон ойлголт юм. Гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймааны золиос нь эмэгтэйчүүд болсоор байгаа нь тэдний эрхэд тулгарч буй ноцтой асуудлуудын нэг яах аргагүй мөн. Гэмт хэргийн хохирогчдын 70 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд тэд ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. Гэр бүл салалтын 41.3 хувь нь хүчирхийллээс болж байгаа нь сэтгэл эмзэглүүлэх тоо юм. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хязгаарлах талаар төрийн байгууллагууд нэн даруй тодорхой ажлуудыг эрх зүйн хувьд ч, зохион байгуулалт, гүйцэтгэлийн хувьд ч нэн яаралтай хийх шаардлагатай байна.

Монголын нийгмийн талаас илүү хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдээ эрх тэгш, тэнүүн жаргалтай гэр бүлд, ажилтай, орлоготой сайхан амьдрах нөхцөлийг хангах нь төрийн эрхэм үүрэг юм. Эмэгтэйчүүдэд эдлэх ёстой эрхийг нь эдлүүлэх, оролцоог нь нийгмийн бүх шатанд хангахад Монголын улс төр, төрийн үйл ажиллагаа чиглэх ёстой” гэв.

Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэлсэн. Тэрбээр “Хүчирхийллийг хүчгүйдүүлэхийн төлөөх эрэлхийлэл, чармайлт зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн бусад оронд ч шийдлээ хүлээсээр байна. Гэмтнийг Эрүүгийн хуулиар шийтгэх эцсийн хувилбараас өөр урьдчилан сэргийлэх оновчтой шийдлийг өнөөг хүртэл олоогүй байна.

Тиймээс бид хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын арга, туршлагуудыг нарийвчлан судлахын зэрэгцээ үүнийг үл тэвчдэг, мэдээлдэг, хамгаалдаг иргэдийг бэлдэх, урьдчилан сэргийлэх хандлагад ард олноо хэвшүүлэх шаардлага байна. Судалгаагаар хүчирхийлэл үйлддэг гэмт хэрэгтнүүдийн дийлэнх нь танил хүн, ойрын хамаатан байгаа нь хохирогчид гэмт хэрэгтнийг нуун дарагдуулах шалтгаан болж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хүндрэл учруулдаг. Иймд албан газрууд, олон нийтийн байгууллагууд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бүхий л талын манлайллыг бий болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгэмд чиглэсэн сурталчилгааг тогтмол, тууштай нийтэлж, нэвтрүүлж байх шаардлагатай” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)