“Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хангаснаар ДНБ-ийг 35 хувиар өсгөнө”

Нийгэм, эдийн засаг, улс төрийн орчин дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллыг нь дэмжих зорилгоор “Форбес Монголиа” сэтгүүлээс “Өсөлтийн менежмент ба эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Манай улс зарим оронтой харьцуулахад охидын боловсролд хөвгүүдийнхээс илүү анхаарч, хөрөнгө зарцуулдаг байна. Гэсэн ч охид шат шатны сургуулиа дүүргэн, хөдөлмөрлөх насанд хүрмэгцээ гэрийн эзэгтэй болж, үр хүүхдээ харахад цагаа зарцуулж, нийгмээс тусгаарлагддаг аж. Ийнхүү эмэгтэйчүүдэд зарцуулсан хөрөнгө үнэгүйдэн, улмаар эдийн засаг, улс төрийн орчны удирдах албан тушаал, шийдвэр гаргах түвшинд эрчүүд давамгай байр суурь эзэлсэн хэвээр буйг дээрх хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Сүүлийн

10 гаруй жил олон улсад эмэгтэйчүүдийн манлайлал нэмэгдсэнээр тухайн өрхийн орлого, хүүхдэд зарцуулах хөрөнгийнх нь хэмжээ өсжээ. Хэлэлцүүлгийн үеэр “Блүүмберг” телевизийн гүйцэтгэх захирал Э.Долгион “Эмэгтэйчүүд нийгмийн амьдралд идэвхтэй, эрчүүдтэй адил түвшинд оролцдог улсын эдийн засгийн бүтээмж өндөр буюу ДНБ-ий 35 хувийг бүсгүйчүүдийн хүч, оролцоотойгоор бүтээдэг. Манай улсын хөдөлмөрийн насны 100 000 орчим эмэгтэй ажил хийдэггүй юм байна. Хэрэв эмэгтэйчүүдийг ажил эрхлэх нөхцөлөөр ханган, тэд ч идэвх, зүтгэл гаргавал жилд гурван тэрбум гаруй төгрөг босгох боломж бий” хэмээв.

Ташрамд дурдахад, “Форбес Монголиа”-гийнхан улирал тутам гарах “Forbes Мongolia women” сэтгүүлийн анхны дугаараа өчигдөр танилцуулж, Монголын хамгийн хүчирхэг 50 эмэгтэй захирлыг тодруулснаа мэдээллээ.

Бэлтгэсэн: С.Цэрэндулам


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)