Эмэгтэйчүүдийг өдөж, хоргоох нь энгийн үзэгдэл гэж андуурахаа болино уу

Энд дурдах жишээ гурван жилийн өмнө болсон явдал юм. Сарнай (Өөрчилсөн нэр) өсвөр насны охин. Гэгээн сайхан бүгдийг өөртөө хамааруулж боддог, цовоо цолгиун 16 настан. Сарнай нэг өдөр л чимээгүй, дотогшоо нэгэн болж хувирчээ. Юунаас ч юм айж бэргэсэн, санаа зовсон, болгоомжилсон, биеэ барьсан байдалтай хэд хоножээ. Аль болох ганцаараа байх, чимээгүй орчныг эрэлхийлж, бусдаас дөлөх болжээ. Үүнийг анзаарсан эгч, ээж нь түүнтэй ярилцахыг оролдсон байна. Ээж нь Сарнайгийн гараас атгаж, “Юу болоод байгааг хэлбэл асуудлаа шийдэхэд нь амар байх болно” гэж хэлэв. Гэтэл охины нүдийг нулимс бүрхэж асгартал уйлсан байна. Охин “Хажуу орцны зүс таних эрэгтэй автобусанд тааралдаад, хөлстэй биеэрээ араас намайг шахсан. Маргааш нь дахиад автобусанд таарсан. Тэр хажуугаар зөрөн түрүүлж автобуснаас буухдаа өгзгийг минь базсан. Үүнээс хойш таарах бүртээ эрээ цээргүй ширтэж, нүүрэндээ хүйтэн инээмсэглэл тодруулдаг болсон” гэж ярьжээ. Сарнай ээж, эгчтэйгээ оройжин ярилцаж, өөрт тохиолдсон явдлаа дахин нуухгүй гэдгээ хэлсэн байна. Улмаар хэн нэгнийг тухгүй байдалд ортол ширтэх, порно зураг, бичлэг үзүүлэх, шүгэлдэх, садар самуун үг хэллэгээр дуудах, биед нь зөвшөөрөлгүй хүрэх, араас нь дагах, гутаан доромжлох зэрэг нь бэлгийн дарамт гэдгийг мэдэж авчээ. Энэ бүхнийг нууж даамжруулбал илүү их хохирч, хүчингийн хэргийн золиос болох эрсдэлтэй гэдгийг ч ойлгожээ. Охины аав, ээж болсон явдлыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ч тодорхой арга хэмжээ аваагүй байна. Тиймээс ар гэрийнхэн нь охиноо сургуульд нь хүргэж өгч, авдаг ажилтай болжээ.

Тухайн үед энэ мэт асуудлыг шийдэх эрх зүйн орчин байсангүй. Өөр нэгэн хохирогч эмэгтэй фэйсбүүк хуудсандаа “Би 20 настай. Саяхан их сургууль төгссөн. Өчигдөр бэлгийн дарамтад өртчихлөө. Надад ямар аймшигтай байсныг та бүхэн гадарлана гэдэгт итгэлтэй байна. Учир нь та бүхэн ч миний адил бэлгийн дарамтад өртсөн байх магадлалтай. Эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүй хүрдэг, гаж хүмүүстээ хариуцлага тооцооч ээ. Тэд бидний ирээдүйд заналхийлж, эхийнхээ өврөөс ч гарч амжаагүй, дэлбээлж гүйцээгүй цэцгийг тасалж байна” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.

2015 оны арванхоёрдугаар сард бэлгийн дарамтыг Эрүүгийн хуульд шинээр тусгаж өгсөн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 12.4-1-т “Хохирогчид ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны, бусад байдлаар хохирол учруулах үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж, бэлгийн харьцаанд орох сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл бэлгийн харьцаанд орохыг шаардсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Тус хуулийн 12.4-2-т “Энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, эсхүл энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан аргаар хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол 1-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь маш том дэвшил болж, гудамж, талбай, нийтийн тээвэр, үзвэрийн газар дахь бэлгийн дарамтыг хязгаарлах эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж үздэг. 

Харамсалтай нь, 2017 оны тавдугаар сарын 11-нд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дээрх заалтыг хассан нь маш том ухралт болсон гэдгийг эрхзүйчид хэлдэг. Тухайлбал, хуульч Ж.Эрхэмбаатар үүнийг эсэргүүцэн фэйсбүүктээ “Ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцдог хуультай байлаа. 2017 онд УИХ хүчингүй болгосон. Өнөөдөр хоёр хохирогч ирж зөвлөгөө авлаа. Нэг нь эрэгтэй хүн байв” хэмээн бичсэн удаатай. Ийм л шалтгааны улмаас гудамж, талбайд хэн нэгний биед хүрэх, хөхнөөс нь барих, өгзөх базах, ширтэх, шүгэлдэх нь энгийн үзэгдэл болж хувирчээ. Тэр ч бүү хэл өгзгөө бариулсан охидын өөрсдийнх нь буруу гэсэн хандлага нийгэмд давамгайлах болов. Бэлгийн дарамтад өртсөн охидыг “Хэн чамайг богино банзал өмс гэсэн юм”, “Яах гэж задгай энгэртэй хувцас өмссөн юм бэ”, “Гэрэлтдэг хувцас өмссөнөөс чинь болсон”, “Намайг өдөөч гэсэн шиг л хувцасласан байна” хэмээн ёжилж, гутаадаг болжээ. Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж, хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдээгүйгээс бэлгийн дарамтад өртөх охидын тоо өсжээ. 

Тухайлбал, “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагынхан таван аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийнхны дунд судалгаа явуулахад гурван охин тутмын хоёр нь дээрхийн адил дарамтад өртдөг байж. Зарим нь хичээлдээ явах замдаа бэлгийн дарамтад байнга өртдөг гэжээ. Гэсэн ч энэ тухайгаа бусдад хэлэхээс ичиж, шоолох вий гэсэндээ тас нууж, хохирсон атлаа чимээгүй өнгөрөхөд хүрдэг аж. Бэлгийн дарамт газар авсан учраас “Хүйсийн тэгш эрхийн төв”, “Хөөрхөн зүрх”, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” зэрэг төрийн бус байгууллагынхан өнгөрсөн жил Сүхбаатарын талбайд жагсаж, “Ажлын байрны бэлгийн дарамт, гудамж, талбай, олон нийтийн газар дахь бэлгийн халдлагыг яаралтай хуульчлах шаардлагатай” хэмээн шаардсан удаатай. Мөн жагсаалд оролцогчид “Охид, бүсгүйчүүд автобус, ажлын байр, гудамж, олон нийтийн газар явахдаа өдөрт багадаа 1-2 удаа бэлгийн дарамтад өртөж байна. Эрэгтэйчүүд санаатай, санамсаргүй байдлаар охидын биед хүрнэ. Араас түлхэнэ, гөлөрч харна, дээрээс доош ширтэнэ, нууцаар зураг авахаас гадна зөрөх үедээ биед нь хамаагүй хүрдэг. Хамгийн аймшигтай нь иргэд ийм үйлдэл гаргадаг этгээдээс илүү хохирогчийг буруутгадаг. Бэлгийн дарамтыг харсан ч тоодоггүй, эсвэл охидыг буруутгасан маягтай хардаг. Тэдэнд үүнийг зогсоох хүнлэг чанар, ёс суртахуун байхгүй” хэмээж байв.

Жагсаал, цуглаан хийж, олон хүн энэ мэтээр шаардсаны хүчинд өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа уг асуудлыг арай гэж хуульчилсан. Тодруулбал, бусдад бэлгийн дарамт учруулсан этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 6.26-1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. Мөн бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулаагүй хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог болсон. Гэхдээ дээр дурдсанчлан нийгэм даяараа гудамж, талбай дахь бэлгийн дарамтыг байдаг л, энгийн үзэгдэл гэж хардаг хэвээр байгаа юм. Өмнө нь хуулийн байгууллага энэ төрлийн гомдлыг хүлээж авдаггүй байснаас хүмүүс үүнийг мэдээлэх нь бага аж. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 10-наас хойш ганцхан эмэгтэй цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргажээ. Тус эмэгтэйг Зайсан дахь “Оргил” худалдааны төвөөс гэр хүртэл нь нэгэн этгээд дагажээ. Улмаар орцонд нь даган орж, өгзгийг нь базаж, үнсэхийг оролдсон байна. Эмэгтэй эсэргүүцэж, тусламж дуудсанаар азаар хүмүүс ирсэн аж. Улмаар хуулийн байгууллагад ханджээ. Хүмүүс ирээгүй бол бүсгүйг хүчиндэж ч мэдэхээр байсан дарамтлагч этгээд Зөрчлийн тухай хуулиар торгуулаад л өнгөрсөн гэдэг.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажлууд хийж буй. Тухайлбал, “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагынхантай хамтран “Хүчирхэг охид-хүчирхэг улс” хөтөлбөрийн хүрээнд гудамж, талбай, нийтийн тээвэр дэх бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, ойлголт, мэдлэг олгох богино хэмжээний кино бүтээж, цахим орчинд байршуулжээ. Мөн хүүхдээ багаас нь зөв төлөвшүүлж, хотын соёлд сургах, бэлгийн дарамтын талаар ойлголттой байж, өөрийгөө хамгаалдаг болоход сургаарай хэмээн олон нийтэд уриалсан юм. Хэрвээ хэн нэгэн нь таны биед дураараа хүрвэл нэн даруй цагдаагийн байгууллагад хандан эрхээ хамгаалуулаарай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)