Эмч нар ажил хаяхдаа ээлжээ зохицуулна

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төлөөлөл Олон улсын валютын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын байранд  очиж, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ны албан ёсны шаардлагыг хүлээлгэн өгсөн юм. 

Уг шаардлагад "Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулахыг шаарджээ. Улмаар уг шаардлагын хариуг МЭМАҮЭХ-нд аравдугаар сарын 13-ны дотор ирүүлнэ үү.

Энэхүү шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу салбарын ажилтнууд бид бусад төрийн үйлчилгээний ажилтнуудтай нэгдэн ОУВС-гийн Суурин төлөөлөгчийн байрны гадна талбайд цуглаан зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлэх ба цаашид хугацаагүй ажил хаялтад нэгдэхээ албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний хорооны дарга Х.Ариунаа "Тангараг өргөсөн эмч хүн ажил хаях гэлээ гэж шүүмжлэх хүмүүс олон байна. Тэгвэл бид ээлжийн эмч нартайгаа ээлжлэн ажил хаяхаар төлөвлөж, ар талаа бодолцож үзсэн гэдгийг онцолж хэлэхийг хүсэж байна. Эрүүл мэндийн салбар бол ард иргэдээ тэр чигт нь гаргуунд  хаяхаар хатуу сэтгэлтэн биш гэдгийг зөвөөр ойлгоорой" гэв.  

Энэ оны нэгдүгээр сарын 19-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын гурван талт хэлэлцээрийн 3.2-т “Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж шийдвэрлэнэ” гэж тусгасан ч Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хэлэлцээр эхэлсэн ч ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэнтэй холбоотойгоор цалинг нэмэгдүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа” хэмээн тодотгожээ. 

2017-2018 онуудад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхгүй байхаар тусгасанд эмч, эмнэлгийн ажилтнууд болон иргэд хөдөлмөрчид бухимдалтай байна. Учир нь МЭМАҮЭХ-ноос бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн судалгаагаар хүний нөөцийн хүрэлцээ хангамж стандартаас 10-55 хувиар дутагдалтай, эмч ажилчид ажлын байрны стресс, дарамтанд өртөж, нэг эмч, сувилагчид 2-3 хүний ажлыг хавсран хийж, халдвартай, хортой, хөдөлмөрийн хүнд нөхцөлд цаг наргүй ажилладаг. Мөн сарын дундаж цалин болох 387.000-660.000 төгрөгөөр амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй, өрийн дарамтанд амьдардаг талаараа ярьж байлаа.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)