Эмч, мэргэжилтнүүд их сургуулиа анхны тусламж үзүүлэх чадваргүй төгсдөг

Анагаахын чиглэлээр боловсон хүчин бэлддэг сургуулиудын сургалтын хөтөлбөр, чанар өнөөгийн эрүүл мэндийн шинжлэх ухааны ололт, өвчтөнүүдийн хэрэгцээ, шаардлагыг төдийлөн хангадаггүй. Эмч нарын мэдлэг, ур чадвар жил ирэх тусам муудаж, нэр хүнд нь олны дунд унах болсон нэг шалтгаан бол ердөө энэ. Бид “Хүн эмчилдэг мэргэжилтнүүдийн сургалтын хөсөр хаяжээ” нийтлэлийнхээ хүрээнд ямар ямар сургууль боловсон хүчин бэлдэж, эрүүл мэндийн салбарт нийлүүлж байгааг, тэдгээрийн сургалтын орчин, материаллаг бааз хангалттай, эсэх, тусгай зөвшөөрлийн будилаан, мэргэжлийн багш нарын хүрэлцээ, төгсөлтийн дараах сургалт, эмч, сувилагчийн харьцаа, эмнэлгийн инженер, техникчдийн ур чадвар, хүүхдийн эмчийн эрэлт, хэрэгцээ зэргийг тойрон таван цуврал бэлтгэжээ. Энэ удаад эрүүл мэндийн салбарынхны анхны тусламжийн мэдлэг, ур чадвар ямар түвшинд байгааг хөндлөө. Олон улсад эмч, мэргэжилтнүүд гэлтгүй жирийн иргэд ч эл чадварыг заавал эзэмшсэн байхыг хуульчилсан байдаг. Харин манайд хүний алтан амь аврах хугацааг алдалгүй ашиглаж чаддаг болов уу.

Аливаа осол, гэмтэл, биеийн болон сэтгэл зүйн гэнэтийн хямрал, өвчлөлийн үед мэргэжлийн эмч, эсвэл жирийн иргэн гарын доорх материал ашиглан, цаг алдалгүй өөрийн болон бусдын амь, эрүүл мэндийг аврах үйлдлийг анагаах ухаанд анхны тусламж үзүүлэх гэнэ. Тусламжийг зөв цагт, зохих аргаар үзүүлэх нь хүний амь авраад зогсохгүй тухайн гэмтэл, өвчлөлөөс үлдэх урхаг, хүндрэлийг багасгах, түргэн эдгэрэхэд чухал нөлөөтэй тул хүн бүрийг энэ төрлийн мэдлэгтэй байхыг олон улсад зөвлөдөг. Иргэдийг ажилд авахдаа, эмч, мэргэжилтнүүдийг бол хоёр жил тутамд эмчлэх эрхээ сунгуулах бүрт нь сургалтад суухыг шаарддаг юм байна. Харин манайд одоохондоо ийм жишиг нэвтрүүлээгүй. Иргэд битгий хэл эрүүл мэндийн салбарт ажиллагсдадаа ч энэ талын мэдлэг олгохгүй төгсгөдөг гэнэ.

Анхны тусламжийн мэдлэгийг төгсөлтийн өмнөх болон дараах сургалтаар олгодог боловч анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлддэг 13 сургуулийн 12 нь энэ төрлийн сургалтгүйг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор С.Алтансүх хэллээ. Тэрбээр “Эмч, мэргэжилтнүүдийн амь тэнссэн үеийн болон анхны, лавшруулсан тусламж үзүүлэх мэдлэг, чадвар хангалтгүй байна. Амь тэнссэн үе гэдэгт эмнэлэгт дугаар харгалзахгүй үйлчлүүлэх хүмүүс багтана. Амь нас нь хутганы ирэн дээр буюу тархины харвалт, зүрхний шигдээстэй, их хэмжээний цус алдсан, гэмтэж бэртсэн өвчтөн үүнд хамаардаг.

Эл үеийн тусламж үзүүлэх хугацааг “алтан цаг” гэх бөгөөд тухайн үед нь арга хэмжээ авч чадахгүй бол бурхан шиг эмч байлаа ч сэргэхгүй. Хүний амь аврах үеийн алтан агшныг хэрхэн ашиглах талын мэдлэгийг их сургуулиудад олгох ёстой ч цаг нь цөөн. Тиймээс сургалтыг голдуу лекц хэлбэрээр буюу 100 гаруй оюутныг нэг танхимд цуглуулаад, онол бичүүлчихээд л тараах хэмжээнд зааж байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, сайн мэргэжилтэн бэлдэхэд шаардлагатай практик, ур чадвар, ёс зүйг төдийлөн илүүд үзэхгүй байгаа нь манай анагаахын боловсролын тогтолцооны хамгийн том сул тал” гэлээ. Мөн тэрбээр “Эмч, эмнэлгийн ажилтан, энгийн иргэд хүртэл сурах ёстой эрүүл мэндийн анхан шатны мэдлэг бол амилуулах суурь тусламж юм. Бурхан хүнд таван минут л өгдөг. Зүрх нь зогссон хүнд цээж шахах, хиймэл амьсгал хийх чадвартай байхыг орчин үед хүн бүхнээс шаардах болсон. 

Тиймээс манайх ЖАЙКА-тай хамтран Яаралтай тусламжийн эмч бэлдэх сургалтын хөтөлбөрөө шинэчилж, батлуулаад байна. Үүн дотроо амилуулах суурь тусламж үзүүлэгч бэлдэх хөтөлбөртэй, түүгээрээ эмч нарт бүтэн өдрийн сургалт явуулдаг. Нэг удаагийн сургалтад 12 хүн, зургаан багш буюу хоёр суралцагчийн дунд нэг багш байхаар хичээлээ төлөвлөдөг. Таван минутын лекц уншаад, таван минутад бичлэг үзүүлэн шууд нэгэнд нь туршилт хийлгэдэг болохоор үр дүнтэй. Эмчийг ур чадвартай болгохын тулд практик сургалт голлох нь нэн чухал. Анагаахын шинжлэх ухаан улам нарийсаж байна. Гэхдээ насаараа зүү тавьж, шүд өрөмдөх байлаа ч амь тэнссэн үе, амилуулах суурь болон лавшруулсан тусламжийн чиглэлээр заавал мэргэших ёстой. Гэмтэгсдийг аврах тусламж нь лавшруулах үйлчилгээнд хамаарна. Саяхан манайх АНУ-ын Эмнэлэг хүртэлх тусламж үзүүлэх холбоотой хамтран энэ чиглэлийн 24 сургагч багш бэлдсэн. Мөн оны өмнөхөн 800 орчим шүдний эмчийг анхны тусламжийн сургалтад хамрууллаа” гэсэн юм.

Эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг хоёр хэсэгт хуваан үздэг аж. Эмнэлэг хүртэлх яаралтай тусламж гэдэгт эмч нэг бол гэрт нь очих, эсвэл ар гэрийнхэн нь эрүүл мэндийн байгууллагад өвчтөнийг хүргэхийг хэлдэг байна. Энэ хугацаанд гэмтсэн, ухаан алдсан, түлэгдэж, осгосон, цус алдсан хүмүүст үзүүлэх лавшруулсан тусламжийг жирийн иргэдэд олгох 40 цагийн сургалтын хөтөлбөр олон улсад байдаг аж. С.Алтансүх эмч эхний ээлжид эмч нарынхаа анхны болон лавшруулах тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлсний дараа жирийн иргэдэд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах төлөвлөгөөтэйгөө хэлсэн.

Учир нь газар дээр үзүүлж буй тусламж гэхэд тухайлбал, гэмтлийн нас баралтын 50 хувь нь эхний 20 минутад, зөөвөрлөгдөх явцад буюу эмнэлэгт ирэхээсээ өмнө 30 хувь нь энддэг байна. Тэгэхээр гэмтлийн шалтгаанаар нас барагсдын ердөө 20 хувь нь л эмнэлэгт “ирдэг” гэсэн үг. Гэмтлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй бологсдын шалтгаан нь мөн л анхны тусламж буруу үзүүлснээс гар, хөлөө бүрэн тайруулах, нугасны гэмтэлтэй, тэр чигээрээ суунги хоцрох зэрэг нь эмнэлэгт ирэхдээ л “шийдэгдчихсэн” байдаг гэнэ. Тэгэхээр тухайн өвчтөнд эмч, жирийн иргэн ч бай анхны тусламж хэрхэн үзүүлснээс хувь заяа нь ихээхэн шалтгаалдгийг эмч нар хэлсэн. Нөгөөтээгүүр, Монголын эрүүл мэндийн салбар орос загварын схемтэй. Бүх эмнэлгийг төрөлжүүлээд, хуваачихсан. Мэргэжил хоорондын хамтын ажиллагаа, шийдвэр гаргах тогтолцоо алдагдсан гэх.

Гэмтлийн эмнэлэгт зөвхөн гэмтлийн тусламж, үйлчилгээ л үзүүлдэг. Гэтэл ачир дээрээ чихрийн шижин, бөөрний дутагдалтай, зүрхний шигдээстэй хүн очсон ч анхны болон лавшруулах тусламж үзүүлэх хэмжээний чадвар эмч нартаа олгосон байхыг манай нийгэм шаардах болжээ. Тэгэхгүй бол замын түгжрэл, эмнэлгүүдийн хоорондын зай хэт холоос тухайн төрөлжсөн мэргэжлийн төвд нь хүргэх гэсээр өвчтөний бие улам муудаж, хугацаа алдах, цаашлаад аминд нь хүртэл ноцтой аюул тулгардаг байна. Өөрөөр хэлбэл, шүдний, нүдний, дотрын эмнэлгийн алинд нь ч хүн ухаан алдаад унахад наад захын тусламж үзүүлчихдэг чадварыг улсын болон хувийн эмнэлгийн эмч, ажилтнуудад эзэмшүүлэх шаардлагатай аж. Тиймээс олон улсын жишгийг больё оо гэхэд эмч, мэргэжилтнүүдийг ядаж таван жилд нэг удаа анхны болон лавшруулах тусламжийн сургалтад заавал суулгах, үгүй бол лицензийг нь сунгахгүй байх хөшүүрэгтэй болох саналыг албаныхан гаргаж, ЭМЯ-нд хүсэлт хүргүүлсэн юм билээ. Албан ёсны шийдвэр нь гараагүйг С.Алтансүх эмч дуулгасан.

Түүнчлэн нийгэм тэр чигээрээ анхаарах ёстой асуудлуудын нэг нь дээр дурдсанчлан эмнэлэг хүртэлх үзүүлэх тусламжийн систем аж. Түргэний машин цөөнтэй, мэргэжлийн эмчийн хүрэлцээ муу өнөө үед эмнэлэг үүнийг тэр чигээр нь хариуцах боломж хомс. Тиймээс эл үйлчилгээг сайжруулахын тулд эмч нарыг мэргэшүүлэхээс гадна Япон, БНХАУ, БНСУ-ын автобусны буудал бүрт шахам байдаг амилуулах тусламж үзүүлдэг төхөөрөмжийг олны хөлийн томоохон зах, үзвэр, үйлчилгээний газруудад байрлуулах хэрэгтэй гэнэ. Харамсалтай нь, үүдэндээ мөнгөний машин суурилуулсан мөртлөө ийм төхөөрөмжгүй эмнэлэг хүртэл цөөнгүй бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)