“Эмх замбараагүй байдалд гадаадын тусгай албаныхан оролцсон”

Сербийн нийслэлд мягмар гарагт шилжих шөнө эхэлсэн мөргөлдөөнд тус улсын Ерөнхийлөгч Александр Вучич гадаадын тусгай албаныхныг буруутгажээ. Ардчилсан үзэлт, Европын талыг баримтлагч гээд янз бүрийн үзэлтэй хүмүүс эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон байна. “Цуглааныг сайн зохион байгуулсан бөгөөд энэ нь манай аюулаас хамгаалах албаныхны бүтэлгүйтэл юм. Эсэргүүцлийн ажиллагаанд гадаадын тусгай албаныхны нөлөө орсныг тэд хожуу анзаарсан” гэж А.Вучич мэдэгджээ.

Коронавирусийн халдвар авсан хүний тоо нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэл Белградад хөл хорих цаг дахин тогтоохоор төлөвлөж буйгаа А.Вучич мэдэгдсэн нь эсэргүүцлийн цуглаан болох шалтгаан болсон аж. Гэхдээ цуглаанд оролцсон хүмүүс цар тахалтай холбоогүй, улс төрийн уриа хашхирч байв. Тухайлбал, Сербиэс Косово салан тусгаарласан сэдвийг лоозон болгосон байжээ.

Эсэргүүцлийн цуглаан лхагва гарагт эмх замбараагүй байдалд хүрсний улмаас 43 цагдаа, 17 хүн гэмтэж бэртсэн байна. Цуглаанд оролцогчид лонх, галт бамбар шидсэний хариуд цагдаагийнхан нулимс асгаруулах хий хэрэглэсэн аж. Хэдэн цагийн турш үргэлжилсэн эмх замбараагүй байдлыг хяналтдаа авахын тулд цагдаагийнхан тусгай албаныхан болон морьтнуудаа ашиглажээ. Цуглаанд оролцогчид парламентын ордон руу дайран орохыг оролдсон гэнэ. Энэ үеэр танхайрсан 23 этгээдийг баривчилсан тухай цагдаагийнхан мэдээлжээ. Тэд хотын гудамжаар тарж, цонх хангалан, хогийн саванд гал тавьж, цагдаагийн таван машиныг шатаасан аж. Сербийн Ерөнхий сайд Ана Брнабич Белград дахь парламентын ордны дэргэд болсон шөнийн үймээнийг эрс шүүмжлээд, хууль дээдлэх ёсыг төр засаг хамгаална гэдгийг иргэддээ мэдэгдсэн байна.

Европын Холбоо зуучилснаар Косовогийн Ерөнхий сайд Авдулла Хотитой энэ сарын 12-нд хэлэлцээ хийх болсон нь эсэргүүцлийн ажиллагаа, эмх замбараагүй байдал үүсгэлээ гэж Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич үзжээ. Тус улсын сөрөг хүчний төлөөлөгч, үндсэрхэг үзэлтнүүд, тэр дундаа саатуулагдсан, “Косово, Метохийг өгөхгүй” гэдэг байгууллагын гишүүн Дамнян Кнежевич нь А.Вучич, түүний талынхныг Европын Холбоонд хэтдээ нэгдэхийн тулд Косовог албан ёсоор хүлээн зөвшөөрөх гэж байна хэмээн байнга буруушаадаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)