Эмомали Рахмон тав дахь удаагаа Тажикстаны Ерөнхийлөгчөөр улиран сонгогдов


Тажикстаны Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын одоогийн төрийн тэргүүн Эмомали Рахмон ялалт байгуулсан тухай РИА Новости мэдээлэв. Тажикстаны Сонгуулийн төв комиссын мэдэгдсэнээр Рахмоны төлөө нийт сонгогчдын 90.92 хувь саналаа өгсөн байна. Сонгуулийн урьдчилсан дүнгээс үзвэл таван нэр дэвшигчийн дөрөв нь найман хувиас бага санал авчээ. Сонгуулийн төв комиссын даргын мэдээлснээр Рустам Латифзода Хөдөө аж ахуйн намаас 3.03%, Социалист намаас Абдухалим Гаффорзода 1.49%, Эдийн засгийн шинэчлэлийн намаас Рустам Рахматзода 2.19%, Коммунист намаас Мирож Абдуллоев 1.17% тус тус авсан байна. Тажикстаны хуулийн дагуу 50% -иас дээш санал авсан нэр дэвшигч ялагч болдог аж. Эмомали Рахмон сүүлийн 28 жилийн хугацаанд Бүгд Найрамдах Тажикстан улсын төрийн дээд албан тушаалыг хашиж байгаа билээ. 1992-1994 онуудад Дээд Зөвлөлийн дарга байсан бөгөөд 1994 оны 11-р сард анх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялжээ. 2016 онд Тажикстан улс үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулснаар “үндэсний эв нэгдэл, энх тайвныг үндэслэгч, үндэстний удирдагч Рахмон” хязгааргүй олон удаа улиран сонгогдож болох юм байна. Аравдугаар сарын 11-нд Тажикстан улсад Ерөнхийлөгчийн сонгууль болсон бөгөөд эцсийн дүнг 10 хоногийн дотор зарлах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)