“Эмнэлэгт хүргэгдсэн 75 хүүхэд ахуйн бохирдлоос өвчилсөн байж болзошгүй”

Сургууль, цэцэрлэгийн хүүхэд олноороо хордох тохиолдол Баян-Өлгийд үе үе гарах боллоо. Хамгийн сүүлд гэхэд Улаанхус сумын цэцэрлэгийн 43 хүүхэд хоолноос хордож, эмнэлэгт хүргэгдсэн. 

Энэ сарын 17-ноос хойш Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 75 хүүхдэд халуурах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрч, эмнэлгийн яаралтай тусламж авчээ. “17-нд 48 хүүхэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн бол үүнээс хойш 27 сурагчид дээрх шинж тэмдэг илэрч, одоогоор 65 нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байгаа” гэж Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл мэдээлэв. 

Эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс хөнгөн зовиуртай 28 хүүхдийг дотуур байранд нь тусгаарлан, эмчилж буй гэнэ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийнхантай холбогдож хүүхдүүдийн биеийн байдал, хордлогын шалтгааныг тодруулахад “Шинжилгээний хариу гараагүй. Тодорхой болсон үед нь мэдээлье” гэв. 

Хүүхдүүд хоолноос хордсон гэж эцэг, эхчүүд, дотуур байрны багш нар үзэж байгаа ч эмч нар ахуйн бохирдлоос үүдэлтэй халдвар байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)