Эмнэлгүүдийн ачаалал

Анхан шатны тусламж, үйлчилгээ чанаргүйгээс том эмнэлгүүд ачаалал үүрч байна

Иргэд нь улсын эмнэлэгтээ итгэл алдарна гэдэг байж боломгүй. Гэвч манай улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо энэ зам руу хүссэн, хүсээгүй хөтөлж байна. Уг нь эмнэлэггүй гэхийн зовлон ард хоцорч, засаг, захиргааны хамгийн бага нэгж болох баг, хороо бүр Эрүүл мэндийн төвтэй болсон. Салбарын нийт төсөв 2007 онд 155 тэрбум байсан бол өнгөрсөн жил 674 тэрбум төгрөг болж, нэмэгдсэн. Үүнийг дагаад эмнэлгүүдийн орчин нөхцөл сайжирч, барилга байшин нэмэгдэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр хангагдаж байна. Гэхдээ зохион байгуулалтын алдаа нь эрүүл мэндийн салбарыг баалж, гоочлох хангалттай шалтгаан болно. Хүн амд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой, хамгийн ойрын хөтөч нь Өрх, багийн Эрүүл мэндийн төв байдаг. Гэтэл энд ажилладаг эмч, сувилагч нар нь боловсрол нимгэн, туршлага багатайгаас онош зөрүүлэх, буруу эм, тан санал болгодгоороо “нэрд гарлаа”. Тиймдээ ч иргэд өрхийн эмчдээ итгэхээ больсон.

II шатлалын эмнэлгүүд мэдрэл, гэмтэл, хүүхэд, эх барих, шүд зэрэг долоон төрлийн мэргэжлээр тусламж үзүүлэх ёстой. Гэвч өнөөдөр дүүргийн эмнэлгүүдийн нэг нь ч үүнийг цогцоор нь үзүүлдэггүй. Өрхийн эмнэлэгтээ “гомдсон” Дулмаа харьяа дүүргийнхээ Нэгдсэн эмнэлэгт хандтал зарим төрлийн үзлэг, оношилгоог нь тэнд хийдэггүй. Аргаа барсан Дулмаа Улсын гуравдугаар төв эмнэлэгт очно. Нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ, мэс засал хийх ёстой төв эмнэлэг хүнд өвчтэй Доржид зарцуулах цагаа Дулмаад үрж, II шатлалын эмнэлгийн амбулаторийн үзлэг хийж байгаа нь харамсалтай. Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар нь үйлчлүүлэгч нартаа “Өрхийн эмнэлэгтээ үзүүлэхэд яадаг юм бэ” гэж орилох. Шатлал алгассан энэ тогтолцоо нь эрүүл мэндийн салбарын төсөв хөрөнгийг үр ашиггүй болгож, II, III шатлалын эмнэлгүүдийн ачааллыг улам нэмэгдүүлсээр.

Хүн ам олшрохын хэрээр агаар, хөрсний бохирдол амьдрахад бэрх болгож, иргэд хотын өвчинд нэрвэгдэж байна. Зөв зохисгүй хооллох, архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэх, хөдөлгөөний хомсдол, таргалалт, нийгмийн бухимдал зэрэг нь халдварт бус өвчнийг “угжиж” буй. Жил ирэх тусам эмнэлгийн хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн байгууллагууд үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан, чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, тэгш үзүүлэх ёстой. Гэвч иргэд улсын эмнэлгээ, эмчээ голж, гадаадад өндөр үнээр оношилгоо, шинжилгээ хийлгэн санхүү болон сэтгэл санааны дарамтад орсоор байна.

Өнөөдөр улсын хэмжээнд эрүүл мэндийн 4005 байгууллага иргэдэд тусламж үзүүлж буйгаас эмчилгээ, үйлчилгээндээ гарсан алдаа, дутагдалд дүн шинжилгээ хийдэг аравхан эмнэлэг байна. Эмч, сувилагч нарын ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг нь давхар хянадаг 16 эмнэлэг л бий. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын баримт бичгийн кодын нэгдсэн систем нэвтрүүлсэн наймхан эмнэлэг байх жишээтэй. Мэс заслын эмч, мэргэжилтний ур чадварыг үнэлж, дүгнэдэг 10, тусламж, үйлчилгээний чанарыг байгууллага, тасаг, хувь хүн тус бүрээр тооцож, гаргадаг эмнэлэг 16 л байна. Олон улсын чанарын удирдлагын ISO стандарт нэвтрүүлсэн нэг ч эмнэлэг алга. Холбогдох албаныхан 2020, 2022, 2030 онд ийм, тийм болгоно гэж нэг их зорилт, стратеги ярьсан улс. Анхан шатны нэгжид оюутны ширээнээс дөнгөж өндийсөн хэдэн хүн ажиллуулж байхын оронд чадвартай, туршлагатай эмч нартаа ахиухан цалин амлаад, өрхийн эмнэлэгтээ ажиллуулбал яасан юм бэ. Тэгвэл иргэд шатлал алгасахгүй, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирох нь ч бага. Үүнийг дагаад эмнэлгүүдийн хүлээгдэл ч буурна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ иргэдэд ойртон, хүртээмж нь сайжирсан ч чанар муу хэвээр байлгахгүйн тулд дорвитойхон алхам хийх хэрэгтэй.

Улсын хэмжээнд өдгөө ханиад, томуу ид дэгдэн, эмнэлгүүд дээр, дооргүй оволзож буй. Улирлын чанартай өвчин дэгдэх үеэр ийм л байдаг. Өдийд “Ачаалал хэрээс хэтэрлээ, аймар байна” гэхээсээ илүүтэй дөрвөн улирлын турш хүнээр хахаж байдаг эмнэлгүүдийг цаашид хэрхэх ёстойг энэ удаагийн “Дугаарын онцлох сэдэв” булангаараа хөндлөө.

Бэлтгэсэн: О.Бат-ундрах

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Төв эмнэлэгт үзүүлэхийн тулд 7-10 хоног хүлээдэг

Улсын эмнэлгээр үйлчлүүлнэ гэдгийг манай улсад “дугаарлана” гээд ойлгочиход болно. Үүрийн таван жингээр л гүйж очин, дугаарлахгүй бол эмчид үзүүлнэ гэдэг давахгүй даваа. Аль ч шатлалын эмнэлэгт ийм ачаалал мөнхийн сэдэв болов. Өвлийн сар дундаа орж, улаанбаатарчуудын хувьд утаа, ханиад, томуутай дайтдаг энэ үед эмнэлгийн ачаалал тартагтаа тулжээ. Нэг ч өдөр хүрэхгүй ханиад нь хатгалгаа болж буй хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд эмнэлэг бараадан, эмч нарын нүдийг хариулан өнжиж буйг дүүргүүдийн эмнэлгийн үүднээс харж болохоор байгаа юм. Төвийн дүүрэгт тооцогддог Чингэлтэйн эмнэлэгт л гэхэд өдөрт 60-70 хүүхэд амбулаториор үзүүлж буйг хүүхдийн тасгийн эмч н.Болоржаргал хэллээ. Эмнэлгийн үүдэнд дугаарлаж буй иргэдийг харахад хүүхдийн эмнэлэг гэж андуурмаар байсан юм. Нүд, дотор, оношилгоо, мэдрэл судлал зэрэг бусад тасгийн гадна бараг хүнгүй байв. 09.00-12.00 цагт нэг эмчийн өрөөний үүдэнд дээд тал нь 3-5 хүн дугаарласан харагдав. Харин хүүхдийн эмчийн өрөөний гадаа ээлжээ хүлээх хүмүүсийн сүүлчийг олоход хэцүү байлаа. Энэ нь цаг авалгүй үзүүлж буйтай ч холбоотой байж мэднэ. Тус дүүргийн эмнэлэгт одоогийн байдлаар 0-5 насны 170 хүүхэд хэвтэн эмчүүлж байгаа гэнэ. Уг нь Хүүхдийн тасаг нь хэвтэн эмчлүүлэх нийт 75 ортой аж. Үүн дээр Эрчимт эмчилгээний тасгийн таван ор нэмэгдэж, энгийн үед Хүүхдийн тасаг 80 ортой үйл ажиллагаагаа явуулдаг. Ханиад, томуу ихэссэн энэ үед тус эмнэлэг мэдрэл, уламжлал, хөнгөвчлөх тасгийнхаа 60 орыг суллаж, хүүхдүүдээ хэвтүүлж байгаа аж. Мөн тоглоомын өрөөндөө дэлгэмэл ор нэмж, нийт 180 ортой үйлчлэх болжээ.

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг

Хүүхдийн тасгийн эмч н.Болоржаргал “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан зөвлөмжийн дагуу өнгөрсөн сарын 28-наас өдөр бүр 08.30-22.00 цагт үзлэг хийж байна. Өдөрт 60-70 хүүхэд ирж буйгаас 10-15 нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ханиад нь хүндэрсэн байдаг. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвөөс хэвтэн эмчлүүлэх бичигтэй ирсэн хүүхдүүд ч бий. Жирийн үед өдөрт 20-30 хүүхэд үзүүлдэг байсан бол одоогоор ачаалал 2-3 дахин өссөн” гэлээ. Хүүхдийн эмчид үзүүлэх гээд хүлээж суусан эцэг, эхээс өрхийн эмнэлэг хэр ачаалалтай байгааг асуухад хоёр, дөрвөн насны хүүхдүүдээ дагуулсан эмэгтэй “Өрхийн эмнэлэг өглөө эрт ачаалалгүй. Бичиг авах гэж л орж байна. Өрхийн эмчийн бичиж өгсөн эмийг уугаад дээрдэггүй учраас байнга дүүргийн эмнэлэгт үзүүлдэг” гэлээ. Харин хажууханд нь сууж байсан эрэгтэй “Өрхийн эмнэлэгт үзүүлж цаг гарздалгүй шууд дүүргийн эмнэлэгт ирэх нь амар” гэсэн юм.

Харин Улсын гуравдугаар төв эмнэлэг бол улирлаас шалтгаалахгүйгээр байнга ачаалалтай байдаг. Тэр дундаа Харвалт, Мэдрэлийн мэс заслын тасаг хамгийн их ачаалал үүрдэг гэнэ. Энэ нь цус харвалт, нуруу, толгойн өвчин ихэссэнтэй холбоотойг тус эмнэлгийн Зөвлөх поликлиникийн эрхлэгч Г.Бадамцэцэг хэлсэн.

Цахим бүртгэлээс цаг авахаас эхлээд эмчид үзүүлэх гэсэн иргэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн амбулаторид дугаарласан нь хэвийн үзэгдэл. Тус эмнэлгээр жилд 160-170 мянган иргэн тогтмол үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ нь ачааллаа бууруулсан тоо. Учир нь тэд II шатлалын эмнэлгээс 13А маягттай ирсэн иргэдийг л үздэг болсноор ийнхүү ачааллаа бууруулж чаджээ. 13А буюу заавал III шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэсэн бичиггүй үйлчилдэг байх үед нэг эмчид үзүүлэх иргэдийн дугаар хэдэн сараар үргэлжилдэг байж. Өөрөөр хэлбэл, нэг иргэн эмчид үзүүлэхийн тулд 1-2 сар хүлээдэг байсан гэнэ.

Маягт шаарддаг болсноор иргэд хамгийн олондоо 7-10 хоног л дугаарладаг болжээ. Хамгийн их ачаалалтай, 10 хүрэхгүй эмч, мэргэжилтэнтэй Мэдрэл судлалын тасагт жилд 19-20 мянган иргэн тогтмол үйлчлүүлдэг гэнэ. Энэ нь өдөрт 50-60 иргэн гэсэн үг. Энэ дундаа ихэвчлэн толгой нурууны өвчлөл зонхилж буйг тус тасгийн эрхлэгч С.Даариймаа хэллээ.

Бэлтгэсэн: Ж.Уранмандал

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Я.АМАРЖАРГАЛ: 2020 оноос иргэд шатлал алгасаж үйлчлүүлэх нь багасна

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Я.Амаржаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улсын эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж ямар түвшинд байна вэ?

-Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг ДЭМБ-ын заасан зөвлөмжид нийцүүлэх гэж хичээж байна. Салбарын тогтолцоо, бүтэц, зохион байгуулалт, хүн амд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чадавх Номхон далайн баруун эргийн бүс нутгууд дундаа дээгүүрт эрэмбэлэгддэг. Манайхаас олон хүн амтай хэрнээ эмнэлгийн тогтолцоо тааруу, хүртээмж багатай улс цөөнгүй. Монгол Улс өргөн уудам нутагтай, иргэд нь тархай бутархай оршин суудаг гэхэд эрүүл мэндийн тогтолцооны хүртээмж маш сайн. Баг бүр эмч, сувилагчтай, сумын эмнэлгүүд амбулатори, хэвтүүлэн эмчлэх тусламж үзүүлж байна. Багийн эмч нар хөдөөгүүр яваад хүмүүсээ үзчихнэ. Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ ч ард иргэдэд тэгш, хүртээмжтэй болсон.

-Нэг үе бодвол эмнэлгүүдийн барилгыг өргөтгөн, тоног төхөөрөмжүүдийг шинэчилж, эмч, сувилагч нарын тоо ч олширсон. Гэтэл иргэд тусламж, үйлчилгээний чанарт сэтгэл хангалуун бус байгааг хэрхэн өөрчлөх вэ?

-Олон улсад анагаах ухаан хурдацтай хөгжихийн зэрэгцээ шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчин нэмэгдэж, хорт хавдар хүн төрөлхтний том аюул боллоо. Энэ нь эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний чанарыг улам сайжруулахыг шаардаж байна. Тиймээс 2017 онд Эрүүл мэндийн сайдын А/514 дүгээр тушаалаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр баталсан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар гэдэг бол маш том ойлголт. Хүний нөөцийн хүртээмж, мэдлэг чадвар, эм, хэрэгслийн чанар, эмнэлгийн орчин, гэрэлтүүлэг, өрөө тасалгааны агааржуулалт, тоног төхөөрөмжийн хангамж, инженер, техникчдийн хүрэлцээ гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Мөн иргэд, эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл ханамж ч хамаатай. Жишээ нь, эмнэлэг эмч, сувилагчийг ажиллуулах бүхий л нөхцөлөөр хангах ёстой. Цалин хангамж, багаж хэрэгсэл нь хүрэлцээтэй, ажиллах нөхцөл сайн бол эмч хувийн эмнэлэг бараадахгүй. Нөгөө талаар иргэд эмнэлэгт ирэхэд орчин нь тохилог, эмч, сувилагч нар шуурхай үйлчилж, шаардлагатай арга хэмжээ авч чаддаг байх ёстой.

Сүүлийн 10 жилд эрүүл мэндийн салбарын төсөв 10 дахин өссөн. Чанартай тусламж үзүүлэхийн тулд чамлалтгүй ажиллаж байгаа. Хүн амын эрүүл мэнд бол нийгмийн толь. Мянганы хөгжлийн зорилтод хүрэх гол шалгуур үзүүлэлт нь эхийн болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин, ХДХВ/ДОХ, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчний тохиолдлыг харгалздаг. Манай улс хэдэн жилийн өмнө эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж, Мянганы хөгжлийн зорилтдоо хүрсэн. Улсын хөгжил буурай, агаарын бохирдол ихтэй, иргэд нь хүнд хүчир ажил эрхэлдэг, ядуу байвал нийгмийн халдварт өвчин дэгдэж, стресс салахгүй. Энэ бүхэн хүн амын эрүүл мэндэд заналхийлдэг.

-Сүүлийн жилүүдэд иргэд өрх, дүүргийн эмнэлэгтээ итгэл алдарч, шатлал алгасаж үйлчлүүлдэг боллоо. Эрүүл мэндийн тухай хуульд “II шатлалын эмнэлгүүд долоогоос доошгүй төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой” гэж заасан байдаг. Үүнийг мөрдөж эхэлбэл төв эмнэлгүүдийн ачаалал буурах уу?

-ЭМЯ-ны мэдэлд 21 аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар харьяалагддаг. Эрүүл мэндийн хуульд заасанчлан Нэгдсэн эмнэлгүүд хүүхэд, эх барих, мэс засал, гэмтэл, дотор гээд долоогоос доошгүй тусламж үзүүлэх ёстой. Нийслэлийн Эрүүл мэндийн газар сүүлийн хоёр жилд дүүргүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэг энэ жилээс мэс засал хийдэг болсон. Баянгол дүүргийн Хүүхдийн болон Өндөр настны эмнэлэг нь тусдаа байна. Эрүүл мэндийн төв нь долоон төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн болсон. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүрэгт олон улсын жишиг эмнэлэг барьж байна. 2019 оны сүүлчээр ашиглалтад оруулна. Баянзүрх дүүрэгт барьж буй АШУҮИС-ийн эмнэлгийн цогцолборын эхний ээлжийг ашиглалтад орууллаа. ЭМЯ-тай хийсэн гэрээний дагуу тус эмнэлгийнхэн дүүргийнхээ оршин суугчдад үндсэн мэргэжлийн тусламж үзүүлэх ёстой. Баянзүрхчүүд энэ онд Хүүхдийн эмнэлэгтэй боллоо. Хан-Уул дүүргийн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ мэтчилэн Нэгдсэн эмнэлгүүд олон төрлийн тусламж үзүүлэхэд ойрхон байна. 2020 оноос иргэд шатлал алгасаж, үйлчлүүлэх нь багасна гэсэн үг. Үүнийг дагаад үйлчилгээний чанар ч сайжрах байх. Манай улсад олон улсын чанарын шаардлага өндөр түвшинд хангаж, магадлан итгэмжлүүлсэн ганцхан эмнэлэг байдаг нь “Интермед”. Төрийн мэдлийн эмнэлгүүдийнхээ чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэхийн тулд бид таван жилийн стратеги боловсруулсан. Нийслэлийн болон найман аймгийн эмнэлгүүдийн чанарын албаны мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа. Энэ удаа мөрдөх баримт бичиг өмнөхүүдээсээ шинэлэг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг ярихаар эмч нар өөрсдөөсөө түлхдэг байсан. Харин одоо бол эмчилгээ, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын тулд эмч, сувилагч нар юу хийх ёстойгоо төлөвлөдөг болно.

-Улсын дунджаар нэг их эмчид 293 хүн ногдож байна. Боловсон хүчин хэр хангагдсан бэ?

-10 мянган хүнд үйлчлэх эмчийн тоогоороо манай улс дэлхийд дээгүүр ордог. Харин эмч, сувилагч нарын харьцаа алдагдчихаад байгаа юм. Нэг их эмчид 3-4 сувилагч ногдож байж тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж дээшлэх учиртай. Гэтэл өдгөө нэг эмчид ганцхан л сувилагч ногдож байна. 2019 онд энэ тоог ядаж хоёр болгоно. Мэргэжлээрээ ажиллахгүй, лицензийн хугацаа нь дууссан сувилагч нарыг сургаж, эрхийг нь олгож буй.

Бэлтгэсэн: О.Ундрах

ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Эмнэлгүүдийн ачаалал хэр их байна вэ?

Ч.ТУЯА (Баянзүрх дүүргийн XX хорооны иргэн):

-Хэд хоногийн өмнө Баянзүрх дүүргийн эмнэлгийн Нярайн эмгэг судлалын тасагт хүүхдээ эмчлүүлсэн. Төрөөд 14 хонож байгаа хүүхэд ганц, хоёрхон ханиалгаад л хатгалгатай болсон. Төрөхөөс өрхийн эмнэлгийн эмчийн хяналтад гаргасан ч дуудлага өгснөөс долоо хоногийн дараа ирсэн. Дүүргийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгаагийн нэг шалтгаан нь өрхийн эмч нар чадваргүйтэй холбоотой. Хүүхэд шарлах, ханиад хүрэх зэргийг зөв оношлоод бага дээр нь эмчилбэл хүн бүр дүүргийн эмнэлэгт очихгүй шүү дээ. Иргэд өрхийн эмч нарт итгэхээ больсон. Тэнд очиж цагаа гарздан, өвчнөө хүндрүүлснээс гэж бодоод хувийн болон дүүргийн эмнэлэгт л хандаж байна.

Б.БАДАМЦЭЦЭГ (Чингэлтэй дүүргийн V хорооны иргэн):

-Манай хүүхэд дөрвөн настай. Өвөл болгон л ханиад хүрдэг. Энэ жил цэцэрлэгт явж эхлээд л ханиаднаас салсангүй. Дүүргийн эмнэлэгт үзүүлэхийн тулд заавал өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн бичигтэй байх ёстой учраас бараг л ёс болгож үзүүлдэг. Өрхийн эмнэлгийнхэн ямар ч мэдлэггүй, эм бичиж өгөхөөс өөр чадваргүй юм шиг санагддаг. Намраас хойш 4-5 удаа ханиад хүрч, өрхийн эмнэлэгтээ хандахад хөлийг нь бүлээн усанд дүрж, массаж хий гэхээс өөр зөвлөгөө өгөөгүй. Харин сувилагч нар нь тэднээс илүү сайн зөвлөдөг. Тиймээс дүүргийн болон хувийн эмнэлэгт л найдаж байна. Уг нь манай хүүхэд бие султай биш шүү дээ.

Б.УДВАЛ (Баянгол дүүргийн XIII хорооны иргэн):

-Би дүүргийн эмнэлгээр жилд нэг л удаа үйлчлүүлдэг. Өнөөдөр (өчигдөр) нүдний эмчид үзүүллээ. Миний өмнө хоёрхон хүн л байсан. Харин дотор, хүүхдийн эмч нар ачаалалтай байдаг бололтой. Өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлье гэж бодсонгүй. Тэдэнд ч мэддэг юм бараг үгүй юм шиг санагддаг.

С.САРУУЛ (Хэнтий аймгийн иргэн):

-Би Хэнтий аймгаас ирсэн. Зээгээ эмнэлэгт үзүүлээд явж байна. Эмнэлгийн ачаалал гэхээс илүү эмч нарын ур чадварын талаар хэдэн зүйл хэлмээр санагдлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард зээгийн минь хоолойных нь булчирхай цочсон юм. Аав, ээж нь Чингэлтэй дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд сүрьеэ гэж оношлоод зургаан сар эм уулгаж, нэг удаа мэс засал хийж, эрүүл байсан булчирхайг нь авсан. Гэтэл дахиад үзүүлэхэд хавдар гэж оношилсон. Өндөр өртөгтэй хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн тул сайн гэсэн эмч нар дээр очиж үзүүллээ. Гэтэл эцэст нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Аянга эмч үзээд сүрьеэ, хавдрын аль нь ч биш болохыг тогтоож, шарлага хийлгэхэд л хангалттай гэсэн. Эмч нар чадваргүйгээс миний хүү олон сар антибиотик ууж, хагалгаанд ч орлоо. Эмнэлгийн тоног төхөөрөмж, сайн, сайхан харилцаа хангалттай байгаа ч мэдлэг чадвар дутуу нь үнэхээр харамсалтай.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Хөгжингүй орнуудын эрүүл мэндийн салбар ч нэмэлт санхүүжилт шаарддаг

Британийн эмнэлгүүд ачаалал ихтэй аж. Биечлэн үзүүлэх төдийгүй утсаар зөвлөгөө авдаг өвчтөний тоо олширсон гэж эмч нар нь ярьж байна. Нэг эмч өдөрт дунджаар 40-50 өвчтөнд үйлчилгээ үзүүлдэг. Тусламж, үйлчилгээ нь үнэ төлбөргүй байдаг тус улсын эмнэлгүүд төсвөөс санхүүждэг учир хүн амаас эрүүл мэндийн даатгалын шимтгэл авдаг байна. Гэхдээ сүүлийн үед эмчид ханддаг хүний тоо олширсонтой холбоотойгоор эрүүл мэндийн системд нь санхүүгийн дарамт мэдрэгдэх болсон гэнэ. Үүнтэй зэрэгцэн тус салбарыг төсвөөс санхүүжүүлдэг хэмжээгээ бууруулжээ. Албан ёсны мэдээнээс үзвэл 2009 онд эрүүл мэндийн системд ДНБ-ий 9.8 хувийг зарцуулдаг байсан нь 2014 онд 9.1 болж буурсан байна. Мөн эмнэлгүүд дэх орны тоо цөөрсөн байхад хэвтэж эмчлүүлэхийг хүсэгчдийн тоо нэмэгджээ. Британийн Хатан хааны нэрэмжит мэс заслын коллежийн дэд ерөнхийлөгчийн хэлснээр тус улсад эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй байна. Ачаалал их байгаагийн улмаас дараалал хүлээхээс өөр аргагүй болсон гэнэ. Мөн төлөвлөгөөний дагуу хийдэг ажиллагаанууд байдаг ч жишээ нь, зүрхний хүнд мэс заслыг нэн даруй хийнэ.

Тэрчлэн тус улсын эрүүл мэндийн системд эмнэлгүүдийн өрийг дарах, төлбөрийн чадавхыг сайжруулахын тулд санхүүжилтийг нэмэх шаардлагатай байна. Тухайлбал, ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын эмнэлгийн системийн санхүүжилтийг 525, яаралтай тусламжийнхыг 125 сая ам.доллароор нэмжээ. Үүнд эмч нар талархаж буй ч энэ хөрөнгө оруулалт хангалтгүй болохыг тэмдэглэсэн байна. Финланд, Швед, Португал, Испани, Герман, Франц улсын эрүүл мэндийн салбар Британийн адил нь төсвөөс санхүүждэг. Эдгээр улсад нэг хүнд ногдох ор болон эмчийн тоо олон. Британид эмнэлгийн үйлчилгээний чанар өндөр ч хуваарилалт нь тэгш бус аж.

Эрүүл мэндийн салбартаа хамгийн өндөр зардал гаргадаг нь АНУ. Тус улс өнгөрсөн онд ДНБ-ийхээ 19.5 хувийг үүнд зарцуулжээ. Гэсэн ч тус улсын иргэдийн дундаж наслалт бага, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж тэгш бус гэнэ. Эрүүл мэндийн салбартаа их хөрөнгө зориулдаг нь үйлчилгээний чанар сайн байхын нотолгоо биш болохыг харуулж буй. АНУ-ын иргэд санхүүгийн боломжоосоо шалтгаалаад эрүүл мэндийн харилцан адилгүй үйлчилгээ авдаг. Өөрөөр хэлбэл, төлбөрийн чадвартай бол чанартай үйлчилгээ авах жишээтэй.

Европын олон оронд эрүүл мэндийн даатгалаа хувиараа төлж болдог. Британийн хүн амын 11, Германы 10 хувь нь ийм даатгалд хамрагддаг байна. Эдгээр улсын иргэд эмнэлгийн чанартай үйлчилгээ авдаг бөгөөд үүнийхээ төлөө нэлээд өндөр татвар төлдөг аж. Гэсэн ч эрүүл мэндийн байгууллагуудад нь шинэчлэл хийх шаардлага тавигдсаар байна.

Бэлтгэсэн: З.Амгалан


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)