Эмнэлгээс авдаг халдварын гол бай нь 0-5 насныхан болжээ

-Халдварын улмаас өнгөрсөн онд 12 хүн амиа алдсан байна-

“Мэс заслын эмч гэдэг дээд боловсролтой жорлон цэвэрлэгчид” гэж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч, Гавьяат эмч Л.Амгалан хэлж билээ. “Арай л хатуу хэлж байгаа юм биш үү” гэж намайг лавшруулан асуухад, “Хүний хэвлийг нээхэд чи ямар байдаг гэж бодож байна. Өтгөн, шингэн, үнэр танар” гээд чимээгүй болов. Тариа тариулахаас ч эмээдэг надад энэ тухай төсөөлшгүй санагдана.

Хүний биед мэс хүргэж, эд, эрхтнийг нь задлан шинжилдэг эмч нар эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Ялангуяа мэс засал, шүд болон төрөх тасгийн эмч, сувилагч өдөр бүр өвчтөн болон эмнэлгээс халдвар авах эрсдэл өндөртэй орчинд ажиллаж байна. Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Гавьяат эмч О.Сэргэлэн ч манай сонинд өгсөн ярилцлагадаа эмнэлгийн халдвар, хамгаалал, ариутгалын асуудал нэн чухал болсныг онцолсон.

Тэрбээр “Элэгний В, С вирусийн халдвар манай улсад тахал шиг тархсан. Хөмсөг шивдэг, давхраа оёдог, чих цоолдог, үр хөнддөг хувийн эмнэлгүүдийг цэгцлээгүй, ариутгалд нь анхаарал хандуулаагүй нь халдвар тархах нэг эрсдэл болов. Дурангийн мэс засал хөгжсөн энэ үед нарийн багажуудын ариутгалд анхаарахгүй бол бас л асуудал үүснэ. Тиймээс В, С вирусийн тархалтыг зогсооё гэвэл дамжих замуудыг нь таслах ёстой.

Бусад орон ийм вирусийн халдвартай хүнд мэс засал хийхдээ аюулгүй байдлыг маш сайн сахидаг. Мэс засалч нь давхар бээлий өмсөж, үүдэндээ “В, С вирустэй хүнд мэс засал хийж байна” гэсэн бичиг өлгөх жишээтэй. Гэтэл бид ийм вирустэй хүнд хагалгаа хийхдээ яг л бусад өвчтөний адил халдвар, хамгааллын дэглэм баримталдаг. Багажаа ч мөн ялгаагүй нэг л стандартаар ариутгадаг. Тиймээс В, С вирустэй хүнд мэс засал хийх тусгай, цогц багаж манай улсад хэрэгтэй байна” гэсэн юм. Түүний хэлсэнчлэн өвчтэй хүнээ оношлоод, эмчилж болно, одоо эрүүл хүнээ хамгаалах нь чухал гэдэгтэй санал нийлэх цаг болжээ.

Нялх хүүхэдтэй ээжүүд “Эмнэлэгт олон хоног хэвтэхээр нэмээд өвчин авчих юм, хурдан гарах сан” гэж үглэдэг нь оргүй зүйл биш. Эмнэлэг өөрөө өвчин үйлдвэрлэгч гэхэд хилсдэхгүй. Эмнэлгийн хана, тааз, цонх, шал, ор гээд бүх зүйлээс нянгийн халдвар авах эрсдэлтэй. Хэдийгээр угааж, цэвэрлэж буй ч тухайн эмнэлгээр өдөрт хэчнээн иргэн үйлчлүүлж, ямар халдвартай хүн хэвтэн эмчлүүлснийг бид мэдэхгүй.

Тиймдээ ч дэлхий нийтээр эрүүл мэндийн байгууллагын ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарал хандуулж, боломжтой бол бүх л багаж хэрэгслийг нэг удаагийнх болгоход, робот мэс заслыг хөгжүүлэхэд анхаарч буй. Гэвч манай улс эрхтэн шилжүүлэн суулгахаас эхлээд өртөг өндөр, ховор хийгдэж буй мэс заслын багаж төхөөрөмжийг тэр бүр шинэчлэн, засаж сэлбээд байж хүчирдэггүй. Ихэнхдээ хуучин тоног төхөөрөмж, багаж хэрэгслээрээ аргацааж буй. Ямар сайндаа “Харин ч нэг үеэ бодвол бүх сувилагч бээлий өмсөж тариа тарьдаг болсон шүү” гэж салбарынх нь хүн олзуурхаж суух вэ.

Хамрын ханиаднаас эхлээд хорт хавдрыг хүртэл анагаан эмчилдэг онцгой объект болох эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын асуудал үеийн үед гарсаар ирсэн. Гэвч үүнийг байх ёстой зүйл мэтээр хандаж, төдөн хүн эмнэлгээс авсан халдварын улмаас амиа алдлаа гээд тоолоод суух нь дэндүү харамсмаар. Шүдний эмчийн ажлын орчин агаар дуслын замаар нянгийн халдвар тараадаг болох нь нэгэнт тогтоогдсон билээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас элэгний В, С вирусийн халдварын ихэнх нь шүд, гоо сайхны эмнэлгийн тусламж, үйлчилгээгээр дамжиж буйг шалган тогтоосон байдаг. Шүд өрөмдөх явцад өвч

төний шүлс, цус, өнгөрт агуулагдах нян агаарт цацагддаг аж. Шүдний эмч амны хаалт, нүдний шил, бээлий, хормогч зүүж өөрийгөө хамгаалах шаардлагатай. Тэгвэл үйлчлүүлэгчид тухайн эмнэлэгт нэг удаагийн зүү, тариур, ариутгасан багаж төхөөрөмж хэрэглэж байна уу гэдгийг хянадаг бил үү. Тариур гаргаж ирээд хатгахаас өмнө нүдэн дээр ил задалж буй, эсэхийг адаглаад мэддэг байх нь өөрийгөө хамгаалах наад захын алхам юм.

Ариутгал, халдваргүйжүүлэлт нь анхаарал хандуулах ёстой нэг багаж нь дуран. Энэ багаж нь XXI зуунд анагаах ухааны чухал ололт, амжилтуудын нэгд зүй ёсоор тооцогдож буй ч түүгээр дамжих халдварыг таслан зогсоох нь нэн тэргүүний ажил болоод байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Дуранг гэмтээхгүйн зэрэгцээ маш найдвартай ариутгалын бүтээгдэхүүнээр зөв цэвэрлэх хэрэгтэй байдаг гэсэн.

Антибиотикт дасалтай нян эмнэлэгт хамгийн их бий гэдэг. Эмнэлгийн өрөөний шүүгээ, угаалтуур, орны толгой, хаалганы бариул зэргийн гадаргуунд янз бүрийн нян наалдсан байдгийг судалгаагаар тогтоожээ. АНУ, Саудын Араб, Энэхтэг зэрэг оронд хийсэн судалгаанд гар утас халдвар дамжуулагч гэдгийг онцолж, ялангуяа эмнэлгийн ажилтны гар утас бол бүр илүү бохирдсон байдгийг “илчилжээ”.

Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Журам батлах тухай” 186 дугаар тушаалын дагуу нийслэлийн Эрүүл мэндийн газар эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар илрүүлэх тандалтын мэдээ боловсруулсан байна. Ингэхдээ 21 аймаг, улсын 13, хувийн хэвшлийн 11, Цэргийн төв эмнэлэг, Төмөр замын эмнэлэг, “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газар, дүүргийн эмнэлгүүдээс мэдээлэл авчээ.

Өнгөрсөн онд эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын сэжигтэй 320 тохиолдлыг мэргэжилтнүүд НЭМГ-т мэдээлсэн байна. Үүнээс тархвар судлалын судалгааны дүнг үндэслэн 136-г нь эмнэлгээс шалтгаалсан халдвар болохыг баталжээ. Энэ тоог сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад эмнэлгээс шалтгаалсан халдвар 237 тохиолдлоор буурч, 100 хэвтэн эмчлүүлэгч тутмын 2.7 нь тусламж, үйлчилгээний явцад халдварт өртдөг гэсэн дүн мэдээ гарсан байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын улмаас өнгөрсөн онд 12 хүн амиа алдсан байх юм. Үүнээс зохиомол амьсгалын аппараттай холбоотой уушгины хатгалгаар тав, уушгины хатгалга, уян зүүтэй холбоотой үрэвсэлт халдвар, мэс заслын дараах шархны халдварын улмаас үжлээр хүндэрч нас барсан долоон тохиолдол бүртгэгджээ. Эмнэлгийн тусламжтай холбоотой халдварт өртөгсдийн 61.7 хувийг 0-5 настай хүүхэд эзэлж буй нь харамсалтай. Тэр тусмаа эмнэлгээс шалтгаалсан халдварын цөөнгүй хувийг нярайн халдвар эзэлдэг юм билээ.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд нярайн 20 халдвар бүртгэгджээ. Үүний 10 нь хүйн үрэвсэл аж. Нэг хэсэг манай төрөх эмнэлгүүдэд хүйн халдвар олноор гарч, эрүүл мэндийн салбар төдийгүй эхчүүдийг айлгасан. Одоо ч энэ халдвар мэр сэр гарсаар л байна. Мөн мэс заслын дараах шархны халдварын тохиолдол 33 гарчээ. Түүнчлэн зохиомол амьсгалын аппараттай холбоотой уушгины хатгалганы халдварын 22 тохиолдол илэрсэн гэнэ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сүүлийн гурван жил хэрэгжүүлж буй төслийн хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг идэвхтэй илрүүлсний үр дүнд тандалт, судалгаа сайжирсан болохыг холбогдох мэргэжилтэн нь хэлж байна.

Дээрх халдваруудыг 2016 оны мөн үетэй харьцуулахад гар, хөл, амны өвчин 19, зохиомол амьсгалын аппараттай холбоотой уушгины хатгалга 17, уян зүүтэй холбоотой үрэвсэлт халдвар, шээлгүүртэй холбоотой шээсний замын халдвар, үжил тус бүр гурван тохиолдлоор нэмэгдсэн байна. Мөн тарилгын шингэнтэй холбоотой нүдний халдварын (эндофтальмит) таван тохиолдол шинээр гарчээ.

Тодруулбал, “Сондра”, “Орбита” нүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэн, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн HO155B06 дугаар бүхий “Авастин” нэрийн олон туншил бүхий тарилгын шингэнийг хэрэглэсэн таван хүн нүдний шилэнцрийн үрэвслээр өвдсөн гэх. Тандалт судалгаагаар тарилгын шингэн нянгаар бохирлогдсон байсан нь халдвар гарах шалтгаан болсон гэдгийг тогтоожээ. Энэ мэтчилэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний найдвартай байдалд эргэлзэх явдал бишгүй. Тэр ч бүү хэл, эрүүл мэнд, эрдэнэт амиараа хохирсон тохиолдол цөөнгүй.

“Эмнэлгийн хүний нөөцийн судалгаанаас харахад ХСҮТ-ийн мэс заслын эмч нараас одоогийн байдлаар гавьяаны амралтад гарсан, амарч байгаа хүн байхгүй нь үнэхээр харамсалтай” гэж тус төвийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан ярьсан байдаг. Яагаад мэс заслын эмч нар илүү богино насалж байна вэ. Тэр гээд шалтгааныг нь оновчтой хэлэх боломжгүй ч ажлын хүнд нөхцөл, халдвар хамгааллын дэглэм сул, хангамж муу байсантай холбоотой болов уу.

Эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, өвчтөнүүд аль алинд нь халгаатай эмнэлгээс авдаг халдварыг цэгцэлж, нэг ширхэг тариурын ч чанар, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавихгүй бол цоргыг нь хаагаагүй устай л адил өвчин ундарсаар байх нь. Эмнэлэгт л хэвтэн эмчлүүлбэл эдгэрнэ гэж өвчтөн итгэдэг. Гэтэл эмнэлэг нь эмч нартаа ч аюултай объект болсоор байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)