Эмийн үнийг хазаарлах эхний алхмаа хийж чадах уу

Манай улсын эрүүл мэндийн даатгалын систем саяхныг хүртэл эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, хувийн эмнэлгийнхний халаасыг түнтийлгэхэд л хувь нэмрээ оруулсаар ирсэн гээд хэлчихвэл гүтгэсэн болохгүй байх. Жил бүр эмийн үнийн хөнгөлөлтөд 20, 30 тэрбум төгрөг зарцуулдаг ч үр ашгийг нь даатгуулагчид төдийлөн хүртэж чаддаггүй. Салбарын сайд нь 2017 оны арваннэгдүгээр сард “Хөнгөлөлттэй эмийг сард хоёрхон өдөр олгодгийг таслан зогсоож, байнга худалддаг болгоно” гэж мэдэгдсэн ч өнөө хэр биеллээ олоогүй. Хувийн 100 гаруй эмнэлэг даатгалаар хөнгөлөлттэй тусламж үзүүлдэг гэх боловч санхүүжилт нь дууссан гэсэн шалтгаанаар иргэдэд бараг хямдралтай үйлчилдэггүй. Ахмадуудыг рашаан, сувилалд амраахад ч адилхан, бөөн зардал, чирэгдэл.

Монголын эм хангамжийн салбарт жилд дунджаар 600 гаруй тэрбум төгрөг эргэлддэгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаанд дурджээ. Үүний 400 гаруй тэрбум нь импортын эмийн бөөний үнийн дүн аж. Үүнийг зах зээлд борлуулдаг нэмэгдсэн дүнгээр тооцвол замбараагүй тоо гарахыг мэргэжлийнхэн хэлсэн. Өөрөөр хэлбэл, эмийн үнэд хэн ч хяналт тавьдаггүй болохоор эл салбарын бизнес өдгөө борооны дараах мөөг шиг цэцэглээд буй. Эмийн бизнес эрхлэгчид аманд орсон үнээ хэлж, хөөрөгддөг болсноор тогтоон барьж ч хүчрэхээ больсон. 

...Ханган нийлүүлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг үнэн, зөв мэдээлэх үүргийг салбарын сайдын 407 дугаар тушаалаар хүлээдэг. Хэрвээ ханган нийлүүлэх байгууллагууд эмийн үнийг зах зээлээс доогуур үнэлж, хил нэвтрүүлсэн бол энэ нь Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх хэмжээний зөрчил гэдгийг албаныхан хэлнэ лээ. Тиймээс цаашид ханган нийлүүлэгчдийн хэлсэн үнээр хөнгөлөлт олгохгүй...

Нэг жишээ дурдъя. Саяхан хүүхэд маань ханиад хүрч, эмчийн заавраар тав хоног эм уух боллоо. Энэ сарын 7-ны өглөө 3000 төгрөгөөр зарж байсан “Будесаноб” гээд утлагын бодис орой нь 6000 болсныг дуулаад чихэндээ ч итгэсэнгүй. Эмчийн бичиж өгсөн 4-5 нэр, төрлийн эмийг авахад 67 350 төгрөг төлсөн. Заримыг нь даатгалаас хөнгөлдөг л гэнэ. Харамсалтай нь, өвдөж зовсон хүмүүс хөнгөлөлттэй эм олгох өдөр хүртэл хүлээх боломжгүй.

Эмийн үнэ 2019 он гарсаар 2-3 удаа нэмэгдсэнийг жор баригч нар хэлэв. Мэдээж тэргүүн шалтгаан нь ам.долларын ханш нэмэгдсэн явдал гэнэ. Нэг ам.доллар өдгөө 2700 төгрөгтэй тэнцэж буй нь үнэн ч 0.5 мг-тай утлагын нэг ширхэг бодис 3000 төгрөгөөр нэмэгдэх шалтгаан болохгүй нь ойлгомжтой. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан иргэдийг эл дарамтаас гаргах гэж хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг жил бүр шахам шинэчилж байгаа. Гэсэн ч өнөө жилийн шинэчлэл бүтэлгүйтэв. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоолоор Даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг өнгөрсөн долдугаар сард шинэчилсэн юм билээ. Журмыг нь энэ сарын 1-нээс мөрдөх болсныг тус газрынхан олон нийтэд зарлахад эм ханган нийлүүлэгч байгууллагуудын хатуу эсэргүүцэлтэй тулгарсан. Учир нь тэд энэ удаад даатгалаас 800 гаруй нэр, төрлийн эмд 20-80 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэхдээ 170 гаруйнх нь үнийн дээд хязгаарыг бууруулсан нь ийнхүү маргаан дагуулах болсон юм. Тэд хэсэг маргалдаж, талцсаны эцэст дээрх жагсаалтад дахин өөрчлөлт оруулахаа ч зарлав. ЭМДЕГ-ынхан жагсаалтыг шинэчлэхдээ Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн, АНУ, Европ, Азийн орнуудад үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын олон улсын гэрчилгээтэй эмүүдийг багтаасан гэж байв. Үнийн дээд хязгаарыг тогтоохдоо ч гаалийн бичиг баримтад нь үндэслэсэн гэсэн хэрнээ яагаад эм ханган нийлүүлэгчдэд бууж өгснийг нь тодруулахаар тус газарт очлоо.

ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн П.Оюунбат дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын бичиг баримтад тусгаснаар, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг гурван жил тутамд шинэчилдэг. Үүнийг дагаад даатгалаас хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр, төрлийг шинэчлэх ёстой. Валютын ханшийн зөрүүнээс болж эмийн үнэ жил ирэх тусам хэлбэлзэж байна. Даатгуулагчдын төлсөн мөнгийг үр ашигтай зарцуулахын тулд л эмнэлэг, эмийн сан, рашаан сувиллынхантай бид гэрээ байгуулж, хөнгөлөлт үзүүлдэг. Тухайлбал, хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг дээр дурдсанчлан гурван жил шинэчлэхгүй орхивол эм ханган нийлүүлэх байгууллагууд үнээ нэмж, иргэд худалдаж авч хүчрэхээ больдог. Тиймээс иргэдийн эрх ашгийг хангах үүднээс заавал эл хугацааг хүлээхгүйгээр жагсаалтыг 2016, 2018, 2019 онд шинэчилсэн. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зааснаар зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг үндэслэж, эмийн нэр, төрөл, даатгалаас хөнгөлөх хувь хэмжээг баталдаг. Тодруулбал, тус хуулийн 4.6-д “Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн дээд хязгаарыг Засгийн газар тогтооно” гэж заасан.

Тэгэхээр эмийн үнийн дээд хязгаарыг ЭМЯ батлах ёстой. Салбарын яам эл эрхийнхээ хүрээнд гаалиар оруулж ирсэн импортын эмийн үнийг судлан, тодорхой хувь нэмж, дээд хязгаарыг тогтоох чиглэл бидэнд өгсөн. Үүний дагуу гаалиар нэвтрүүлж буй эмийн үнийг судлаад, заримынх нь үнийн дээд хязгаарыг бууруулах боломж байгааг харсан л даа. Хуулийн дагуу манайхтай гэрээ байгуулсан компаниуд төрөөс тогтоосон үнээр л үйлчлэх үүрэгтэй. Гэтэл бодит байдалд эм хангах нийлүүлэх байгууллагууд бөөний үнээ нуусан, хэдэн хувь нэмж борлуулдгаа ч үнэн зөвөөр мэдүүлээгүйгээс асуудал үүслээ. Эмийн үнийн дээд хязгаарыг бодитой тогтоохын тулд ханган нийлүүлэх байгууллагуудаас нотолгоо шаарддаг ч “бизнесийн нууц” гээд хэлдэггүй. Үнийг тогтооход энэ мэтээр жилийн жилд хүндрэл гарсаар ирсэн. Тиймээс энэ удаад импортын эмийн үнийг гааль дээр хэрхэн мэдүүлж байгаагаас хамаараад дээд хязгаарыг нь тогтоочихсон юм. Тэд эмийн үнийг янз янзаар, зарим нь тээвэр шингэсэн, нөгөө хэсэг нь шингээгүй чигээр нь мөнгөн дүнг дураараа нэмж, хасаж мэдүүлж байгаа нь маргаан дагуулах шалтгаан боллоо” гэсэн юм.

Хувь хүн, аж ахуйн нэгжид эм импортлох лицензийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн олгодог бөгөөд хилээр нэвтрүүлэхдээ эмийн нэр, төрөл, гарал, тун хэмжээ, савлалт зэргийг гаалийн бүрдүүлэлтэд бичдэг ч бөөний үнэ, тээврийн зардал шингэсэн үнийг нарийн мэдүүлэх нэгдсэн шаардлага, шалгуургүй нь ханш хөөрөгдөх нэг шалтгаан болдгийг ЭМДЕГ-ынхан хэлсэн. Өөрөөр хэлбэл, байгууллагууд лиценз авахдаа ийм нэртэй эм, тийм үнэтэй оруулж ирсэн гэдгээ тус төвийн цахим мэдээллийн санд шивж оруулдаг юм байна. Гэтэл зах зээлд өндөр үнээр борлуулдаг эмийг нэг ам.доллар гэж мэдүүлээд оруулаад ирсэн аж ахуйн нэгж ч цөөнгүй байдаг гэх. Эмийн үнийг санамсаргүйгээр бууруулж мэдээлдэг нь байхад зарим нь татвараас зайлсхийхийн тулд албаар худал мэдүүлэх нь ч бий аж.

Ханган нийлүүлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг үнэн, зөв мэдээлэх үүргийг салбарын сайдын 407 дугаар тушаалаар хүлээдэг. Хэрвээ ханган нийлүүлэх байгууллагууд эмийн үнийг зах зээлээс доогуур үнэлж, хил нэвтрүүлсэн бол энэ нь Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх хэмжээний зөрчил гэдгийг албаныхан хэлнэ лээ. Тиймээс цаашид ханган нийлүүлэгчдийн хэлсэн үнээр хөнгөлөлт олгохгүй аж. Энэ удаад иргэдийнхээ эрх ашгийг бодолцон, тэдэнд уян хатан хандаж, зарим эмийн үнийг зах зээлийн ханшаар нь тооцох болсноо дуулгасан. Өөрөөр хэлбэл, эмийн үнийн дээд хязгаарыг бууруулсан явдал нь ханган нийлүүлэх байгууллагуудын өөрсдийнх нь хариуцлагагүй үйлдлээс шалтгаалсныг П.Оюунбат хэлсэн юм. Тиймээс ЭМЯ, ЭМДЕГ, Эм хангамжийн холбоо хамтарсан ажлын хэсэг байгуулж, эхний ээлжид эмийн үнийн дээд хязгаарыг хэрхэн тогтоох зарчмаа тохирох болжээ. Ингэхдээ эм ханган нийлүүлэгчдэд бөөний үнийн мэдээллээ ил тод зарлах шаардлага тавьсан бөгөөд 12 дугаар тогтоолоор баталсан жагсаалтад зөвхөн үнийн өөрчлөлт оруулахаар ажиллаж буй гэнэ. Үнийн дээд хязгаарыг нь хямдруулсан 170 гаруй эмийн хэдийнх нь өртгийг “хөдөлгөх” нь одоогоор тодорхойгүй.

Ямартай ч эм тус бүрт үнийн дээд хязгаар тогтоохгүй нь. Нотолгоонд үндэслэсэн нэгдсэн зарчимтай болбол цаашид хэн дуртай нь эмийн үнийг хөөрөгдөж чадахгүй болох аж. Тавьсан шаардлагад нийцэхгүй, эмийн бөөний үнийг худал мэдүүлж, нуун дарагдуулсан аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах замаар асуудлыг шийдэхээ ч ЭМДЕГ-аас мэдэгдэнэ лээ. Эмийн үнийн дээд хязгаар гэдэг нь гэрээт компаниуд тухайн эмийг төрийн байгууллагаас тогтоосон үнээс өндөр өртгөөр борлуулахгүй байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, дээд үнийнх нь 20-80 хүртэлх хувийг даатгалаас хөнгөлж, иргэд хямдралтай үнээр эм авах боломж бүрддэг тогтолцоо юм. Эмийн үнэд хяналт тавих эрх бүхий байгууллага нь ЭМДЕГ биш ч, ядахдаа зайлшгүй шаардлагатайнх нь үнийг тогтоон барих эхний алхмаа ийнхүү тавьж буйгаа хэлсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)