Эмийн хөнгөлөлтийг зогсооё

ЭМЯ-ны бодлого боловсруулагчид, тухайлан сайд Д.Сарангэрэлээс “Эм импортлогчдын халаасыг хэдий болтол иргэдийнхээ эрүүл мэндээр дүүргэх вэ” гэж асууя. Тэд хөлжиж, бэлжиж болоогүй юу. Шуналд хязгаар үгүй гэдэг үнэн бололтой. Хөнгөлөлттэй эмээр үйлчлэх нэрээр иргэдийг хуурч, чирэгдүүлдэг улиг болсон, үр дүнгүй ажлаа болих цаг ирснийг сануулах юун. Анх удаа хөндөж буй сэдэв биш юм. Одоогоос хоёр жилийн өмнө хэвлэл, мэдээллийн байгууллагууд иргэдийн саналд үндэслэн энэ талаар бичиж, нэвтрүүлэхтэй зэрэг эм импортлогчид дуу нэгтэй босох шахаж, улмаар монопол үйл ажиллагаагаа албажуулж авсан түүх бий.

Тухайн үед л импортлогчид гол төлөв БНХАУ, Энэтхэг, ОХУ-аас хямд эм оруулж ирэн, өөрсдөө толгойлон, бусдын тархийг эргүүлэн зоргоороо үнэ тогтоож, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлуулж аваад, хөнгөлөлттэй эм хэмээх өгөөш дээр иргэдийг “зодолдуулж” байгууллагынхаа санхүүг бэхжүүлж суудаг тухай иргэд шүүмжилж байсан. Тэр байдал одоо ч хэвээр, энэ үйлчилгээ гээч нь хуйвалдаан, луйвар, залилангийн шинжтэй болох нь анзаарагдаад байх шиг. Саяхан шинэ вирусийн тархалттай холбоотойгоор онцгой нөхцөл байдалд ажиллах шаардлага гарсныг далимдуулан өрхийн эмнэлгүүдийн эмч нар урьдынхаас хэд дахин олон жор бичжээ. Өмнө нь улсын хэмжээний нийт жор сард 20 мянга орчим байдаг байсан бол энэ удаа 40 мянга болтлоо өссөн аж. Түүгээр нь эмийн сангууд эм олгож. Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгийг нь төлсөн. Эмч нар регистрийн дугаар л байвал өмнө нь даатгалаар хөнгөлөлттэй эм авч байсан, эсэхийг үл харгалзан жор бичсэн гэх. Бараг өрхийн эмнэлэг бүрт ийм явдал болсон тул нэр дурдах аргагүй. Өрхийн эмч бүр гэр бүл, танил талынхаа олон хүний нэрээр хөнгөлөлттэй эм авсан гэж ойлгогдоод байна. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан “үнэр” авсан бөгөөд хянаж, шалгах талаар төлөвлөгөөндөө тусгасан гэх мэдээлэл бий. Үүний учир олдох байх.

Манай улсад одоогийн байдлаар худалдааны нэршлээр нь 812 эмийг 20-93 хувийн хөнгөлөлттэй үнээр олгодог. Энэ эмүүдийг даатгалын байгууллагатай гэрээ бүхий 1012 эмийн сан борлуулдаг аж. Өндөр настан голдуу худалдан авагчид нэг, хоёр өдөрт багтааж авахгүй бол дуусна хэмээн санаж, эмийн сангийн гадаа дугаарлан зогсдогийг хүн бүр мэднэ. Хөнгөлөлтийн хувийг тогтоохдоо хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгаанд тооцогдох өвчний эмчилгээнд хэрэглэх эмийн суурь хэмжээг 80, удаан хугацаанд хэрэглэх бол 60, зонхилон тохиолдох өвчлөлийн үед уух болон нянгийн эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг 50 хувиас хэтрэхгүй байх зарчим баталдаг аж.

Гол асуудал иргэд эдгээр эмийг уугаад эрүүлждэг эсэх нь эргэлзээтэй. Хүмүүс тухайлбал, хоёр жилийн өмнө өвчний оношийн дагуу сар бүр бичүүлж ууж байсан эмийг бүтэн жил, улмаар дараа жил нь ч хэрэглэж л байдаг. Өвчин эдгэдэггүй. Өрхийн эмч үргэлжлүүлэн жор бичиж, өвчтөн түүнийг нь барьж очин эмийн сангаас урьдын адил аваад л байдаг. Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө олгоод л байдаг. Алтан гурвалжин гэдэг шиг, бие биеэ тэтгэж байдаг эрх дархтай гурамсан холбоо. Дундардаггүй сан.

Эм уугаад байхад өвчин яагаад эдгэдэггүй юм бэ гэж эмч, өвчтөний хэн хэн нь бодож үздэг юм болов уу. Сар бүр эм бичүүлж уух нь өглөө босоод нүүр, гараа угаахтай адил хэвшил, дадал болчихжээ, манайд. Хамгийн сонирхолтой нь хэзээ ч эдгэдэггүй өвчин, өвчтөнд зориулдаг гэх нэрээр, үнэн хэрэгтээ эм импортлогчдыг тэтгэх гэж улсаас хэр их хөрөнгө зарцуулдгийг харъя.

Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээнд 2010 онд давхардсан тоогоор 380 мянган даатгуулагчид хоёр тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2019 онд дээрх үйлчилгээнд мөн давхардсан тоогоор 1.5 сая даатгуулагчид 40.6 тэрбум төгрөг гаргажээ. Эндээс 2010 онтой харьцуулахад хөнгөлөлт эдэлсэн даатгуулагчийн тоо ойролцоогоор долоо дахин, нийт санхүүжилт 20 дахин өссөнийг харж болно. Сүүлчийн хоёр жилийн статистик үзүүлэлтийг авч үзвэл 2017 онд давхардсан тоогоор нэг сая 580.3 мянган даатгуулагчид 38.1 тэрбум төгрөг, харин дараа жил нь нэг сая 435.5 мянган даатгуулагчид 37.8 тэрбум төгрөгийн эмийн хөнгөлөлт үзүүлж. Өвчин огтхон ч эдгээдэггүй олон төрлийн эмд ийм их хөрөнгийг эгээ л салхинд хийсгэхтэй адил олгосоор байдаг, тийм баян төр, засагтай билүү, бид.

Эм импортлогчдын хуудуутай явдлын тухай янз бүрийн яриа бий. Тэд гадаадад, гэхдээ БНХАУ, ОХУ, Энэтхэг зэрэг эмийн үнэ багатай орнуудын бүтээгдэхүүнийг үлэмж хямдаар нийлүүлдэг байгууллагуудтай байнгын харилцаатай, бараг ах дүү шиг болсон байдаг, хэрэгтэй үедээ бараа, бүтээгдэхүүнээ зээлээр аваад, дараа нь төлдөг гэсэн яриа ч байгаа. Тэр бизнесээ алдчихгүй, хамгаалах гэж улайрдаг эм импортлогчдын гар хөл нь ЭМЯ, улмаар Засгийн газар өөрөө юм биш үү гэж хардахаар логик харагдаж байгаа юм. Хэрвээ тийм биш бол төр, засаг, асуудал хариуцсан яам нь ард иргэдээ эрүүл байлгах чиглэлд дорвитой, ирээдүйтэй ажлуудыг бодлогоор төлөвлөн хийгээд, анхны үр дүнгээ үзэх хугацаа хангалттай өнгөрлөө.

Эрүүл аж төрөх дадал хэвшил суулгах, ой тойнд нь ортол ухуулах, эмгүйгээр, өөрөөр хэлбэл, цэвэр агаар, цэнгэг усыг шүтэж, дасгал хөдөлгөөнийг мөрдлөг болгож, сэтгэл тайван амьдралыг сонго гэхийн оронд эмийн үнийг нь хөнгөлж өгсөөр, бүр 20-93 хувиар шүү. Хямдруулсан ч ашиг шингээсэн үнэ шүү дээ. Хүмүүсийг хөгшин, залуугүй сар бүр эмийн сан руу хуйлруулан тууж байх нь өнөөх эм импортлогчдоо л хаацайлж, иргэдийнхээ эрүүл мэндийг золигт гаргасаар байгаатай агаар нэгэн санагдана. Гэтэл дэлхий нийт эм, тэр тусмаа антибиотикоос татгалзаж, эрүүл аж төрөх ёсыг тугаа болгож байна. Тиймээс ч Барууны орнуудад хамгийн ашиггүй бизнесийн нэг нь эмийн сан болсон гэдэг. Гэтэл манайд эсрэгээрээ эмийн сан ажиллуулах шиг ашигтай нь үгүй болжээ. Бараг орон сууц болгоны нэг орцонд эмийн сан байх болсон. Ямартаа л Британид шинэ вирусийн аюул нүүрлэмэгц залуус нь юуны түрүүнд уламжлал ёсоороо дугуйгаа идэвхтэй унаж, олуул холын зайд гүйж байх вэ.

Дээр дурдсан мэдээлэл дээр нэмэхэд хямд эм гэдэг нь найрлага дахь бодисыг дутаадагтай холбоотой гэнэ билээ. Чухам тийм болохоор хэдэн жилээр уугаад байхад өвчин, хууч хэвээрээ байж байдаг биз ээ. Энэ энгийн гаргалгаа ч гэсэн гадаадаас оруулж ирдэг буюу хөнгөлөлттэй олгодог эмүүдийн олонх нь чанаргүй гэдгийг нотлох мэт. Ийм байсан ч гэсэн өвчтөнүүдийн эрэлт дээр тоглож, эл салбарт монополдон дарга, сайд нарынх нь “тархийг атгаж” дураар тонгочдог үгсэн хуйвалдагчдыг цаашид хаацайлан хамгаалсаар байх нь ЭМЯ, Засгийн газрын үүрэг хэвээр байх уу.

Иргэд, олон нийтийг, тодруулбал өвчтэй хүмүүсийг импортын эмээр хангадаг ямар, ямар байгууллага байна вэ гэж уншигчид асуух нь мэдээж. “Азифарма”, “Монос”, ”МЭИК”, “Монфа трейд”, “Дакал”, “Их төгөл”, “Анунгоо фарм”, “Еврофарм”, “Нуган”, “Энто” зэрэг компани болон бусад 30 гаруй аж ахуйн нэгж гадаадын улс, орнуудаас төрөл бүрийн эм оруулж, бөөнөөр худалдаалдаг бөгөөд эмийн сангууд боломжийнхоо хэрээр худалдан авч, борлуулдаг байна. Эдгээр байгууллага хөнгөлөлттэй олгодог 812 эмээс 761 нэрийн буюу 93.8 хувийг гадаад орнуудаас оруулж ирдэг бөгөөд бараагаа хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулах гэж бусадтайгаа “хөөрхөн” дайтдаг аж. Эцсийн дүнд энэ салбарт хэн хэр олон жил ажиллаж, танилын хүрээгээ тэлсэн нь дийлдэг гэнэ лээ. Яг л ширэнгийн хууль үйлчлэх мэт.

Үндэсний үйлдвэрлэгчдээс “Монос фарм”, “Мөнхийн тун”, “Нахиа импэкс”, “Армон”, “Астрафарм”, “Дэгд фарма”, “Тавин ус”, “Түшиглэн” гэх зэрэг байгууллага эм үйлдвэрлэж бөөнөөр нийлүүлэхийн зэрэгцээ өөрийн нэрийн эмийн сангуудаар ширхэглэж худалдаг. Эдгээр байгууллага хэрэглэгчдэд 51 нэрийн эм хүргэдэг бөгөөд энэ үзүүлэлт хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад 6.2 хувийн жин дардаг байна.

Эм хөнгөлөлттэй олгох үйлчилгээг цахим горимд шилжүүлсэн ч иргэдийн олонх нь хуучнаараа эмийн сангуудад дугаарладаг хэвээр. Энэ бага хэрэг. Цаг хугацааны асуудал болов уу.

Харин ужгирч, бугласан эм импортлогчид болон эмийн сангууд, өрхийн эмч нарын амь нэгтэй хэрэгжүүлдэг “хөнгөлөлттэй эм” хэмээх хугацаагүй “төсөл”, мөнгө угаах далд бизнесийг болиулж, иргэдээ шинжлэх ухаанчаар эрүүлжүүлэх цаг болжээ.

Гадаад орнуудад эм хөнгөлөлттэй үнээр олгодог жишиг үндсэндээ алга. Өмнөд хөршид л гэхэд элбэг тохиодог өвчнүүдийг анагаах зориулалттай, зайлшгүй олговол зохих 36 нэрийн эмийг иргэддээ “зүгээр” өгдөг. Үнэгүй авч буй мэт харагдавч даатгалын сан төлж байдаг аж. Гэтэл манайд хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалт харахад нүдэндээ итгэхээргүй. 0-5, 6-14, 15-19, 20-29 гэхчилэн насны ангилал тогтоож байгаад эмийн үнийг нь хөнгөлдөг. Хүүхдүүдийг эхээс төрмөгц нь эмийн зуршилтай болголоо. Үнэн хэрэгтээ маш хямд эм хаанаас ч юм олж ирээд, албан журмаар, улсаас мөнгийг нь гаргуулан иргэдэд шахаж байна. Төрийн сан хөмрөгийг тонож байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)