Эмийн сангууд хөнгөлөлттэй эмийн үнийн дээд хязгаарыг баталсан жагсаалтыг ил тод байршуулах ёстой

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-т хөнгөлөлттэй эм олгохтой холбоотой дараах асуултууд иргэдээс хамгийн түгээмэл ирдэг байна. Тус газрынхан хэрхэн хариулсныг хүргэе.

-Хэчнээн нэр, төрлийн эмийн үнийг хэдэн хувь хөнгөлдөг вэ. Харьяалал харгалзахгүй эм авч болох уу?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг энэ онд шинэчлэн баталсан. Шинэчилсэн жагсаалтаар 173 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн эмд 20-80 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Түүнчлэн хүүхдийн 61 ерөнхий нэршлийн 170 гаруй худалдааны нэрийн эмд 50-80 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Жагсаалтыг ЭМДЕГ-ын албан ёсны www.emd.gov.mn сайтаас харна уу. Хөнгөлөлттэй эм авахад харьяалал харгалзахгүй, гэрээ бүхий эмийн сангуудад хандаарай.

-Гэрээт эмийн сангуудын мэдээллийг хаанаас авч болох вэ?

-Эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээт эмийн сангийн мэдээлэл болон санхүүжилтийг www.emd.gov.mn сайтын “Гэрээт байгууллагууд” гэсэн цэснээс харах боломжтой. Мөн 7010-1128 утсаар лавлаж, мэдээллийн ажилтантай холбогдоно.

-Эмийн үнэ яагаад харилцан адилгүй байдаг юм бол?

-Гэрээт эмийн сангууд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх жагсаалтаар баталсан эмийн үнийн дээд хязгаарыг баримтлах ёстой. Тиймээс гэрээт байгууллагууд уг жагсаалтыг даатгуулагчдад харагдахуйц, ил байршуулна. Хэрэв эмийн үнийг үндэслэлгүй нэмбэл ЭМДЕГ-т хандаарай. Ташрамд дурдахад, тухайн эм нь үйлдвэрлэсэн улс, хаанаас импортолсон зэргээс шалтгаалж, харилцан адилгүй үнэтэй байдаг.