Элэг, бөөр “ийш тийш”

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн сайжруулсан шороон замын зарим хэсэг бороо орсны улмаас эвдэрч багагүй хүндрэл учраад байна. Угаас муу нэртэйн дээр дөрвөн эгнээ болгон шинэчлэх нэрийн доор хөсөр хаягдсан гэлтэй эл замд осол гарах эрсдэл ихэсжээ.

Манай сурвалжлах багийнхан хотоос гарч, 30 орчим км яваад сайжруулсан хар шороон зам руу орлоо. Засмалаар явахад л машин донсолж, бидний элэг, бөөр “ийш тийш” болов. Элэгдэж, мөлчийж, басхүү хонхор, гүдгэр болсон шороон замаар орох төдийд л тоос бужигнаж, цонхоор орж ирэхээс авхуулаад элдэвтэй зүйл олон тохиолдов.

Иргэд ийм л замаар өдөр, шөнөгүй зорчиж, ажил албандаа хүрч, амьжиргаагаа залгуулж явна. Ийм айхтар замд осолдож, амиа алдсан хүн цөөнгүй. Сайжруулсан гэх шороон зам бороонд эвдэрч, хэдхэн хоногт элэгдэж, зорчиход үнэхээр бэрх болсныг жолооч нар хэлсэн. Нөгөөтээгүүр дураараа зам гарган давхиж, зүлэг ногоо талхалж, олон салаа бий болгочихож. Аль нь сайжруулсан шороон зам болох нь мэдэгдэхгүй байв. Бид байн байн зогсож, замд таарсан жолооч нараас Орхон, Дархан-Уул орох зам нь аль болохыг асууж явлаа. 

Замын турш Орхон, Дархан-Уулын зам гээд тэмдэглэсэн самбар, анхааруулах зүйл байгаагүй тул ийм хүндрэл учирсан юм. Сайжруулсан шороон замыг төрийн өмчит, Зам засвар арчлалтын компанийнхан гаргасан гэх. Хатуу хучилттай зам тавихаар тендерт шалгарсан, Хятадын гүйцэтгэгч дөрвөн компани засварыг нь хариуцах ажээ. Энхэл догол ихтэй эл замаар цаг хэртэй давхисны эцэст засмалтай золгов. Гэлээ ч нэг их дээрдсэнгүй явсаар буцаад шороон замтай нийллээ. Бороо их орсны улмаас засмал замыг хэд хэдэн газраар нээсэн байв. Тиймээс иргэд нэг хэсэг шороо, заримдаа засмал замаар явсаар зорьсон газарт хүрч буй. Замын энхэл донхлыг тоолоод баршгүй. Хэчнээн хонхор гүдгэртэй таарч, хэдэн удаа зам тойрсноо бүү мэд. Шороон замаар хэсэг яваад засмал руу шилжлээ. “Урьхан” орохоос наахна намхан гүвээ давтал машин огцом даялж, шарвачихдаг юм байна. Айх, гайхах зэрэгцлээ. Машины дугуй хэгзэрсэн бололтой. Гадаа хэт халуун байсан бол машины дугуй буудаж, хагарах эрсдэлтэй аж. Жолооч самбаачлаагүй бол юу болох байсныг төсөөлөхөд бэрх.

Улаанбаатар-Дархан-Уулын замаар зорчиход иймэрхүү байна. Айдас дагуулсан хэвээр. “Үхлийн” хэмээн цоллуулаад удаж буй эл замыг засаж сайжруулахаар 2018 оны есдүгээр сараас ажил эхлүүлсэн. Улмаар өнгөрсөн зургадугаар сарын 10-наас замыг засаж, арчлан, шинэчлэх ажил нь эхэлсэн. Үүнээс урьтаж Улаанбаатар-Дархан-Уулын замыг хаах тухай ярьж байсан ч хэрэгжүүлээгүй. 6.5 тэрбум төгрөг гарган, 207 км сайжруулсан зам барихаар төлөвлөсөн. Хуучин засмал замын хоёр талын хэсгийг хусаж, сайжруулсан зам гаргаад буй. 

Замын 100 гаруй км-ийг барихдаа хайрга дэвсэж, цементээр хучсан. Үлдсэн 90 км-ийг хайргаар хучаагүй гэх мэдээллийг албаны эх сурвалж өгөв. Эл сайжруулсан замыг тавихад одоогоор 1.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. 207 км замыг нэлэнхүйд нь цементээр хучихад төсөв хүрэхгүй. Тийм учраас төсөвтөө багтааж, шороо их босдог, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй хэсэгт нь хайрга дэвсэн, цементээр хучиж буй аж.

Сайжруулсан зам дагуух жижиг барилга байгууламжийн ихэнхийг буулгаж, зөөвөрлөжээ. Улаанбаатар-Дархан-Уулын чиглэлд 58 барилга байгууламж байсан бөгөөд өдгөө дөрөв тав л үлдсэн гэнэ. Тухайлбал, Баруунхараагийн сангийн аж ахуйгаас холгүй, хүнсний ногоо борлуулдаг нэг мухлаг байна. Эзэн нь өөрөө буулгах хүсэлтээ гаргасны дагуу үлдээсэн гэнэ. Мөн зам дагуу газар доор булсан кабелийг зайлуулж, цахилгаан, дулааны шугам сүлжээний утас зэргийг холдуулсан аж.

Давтан хэлэхэд, Улаанбаатар Дархан-Уулын зам зорчиход үнэхээр бэрх болжээ. Иргэд дор бүрнээ хичээж, аюулгүй байдлаа хангахгүй бол яаж ч мэдэхээр болсон байна. Тус замаар зорчиж явсан иргэн Г.Батбаяр “Дархан-Уулын замд сүүлийн жилүүдэд олон осол гарсан. Төр, засаг осол, гэмтлийг буруулахад анхаарах цаг болоогүй юм уу. Шинэ зам барьж эхэлсэнд талархаж байгаа. Гэвч сонгуулийн өмнөх жил гэсэн шиг замын ажлыг оромдоод өнгөрөх вий гэж айж байна. Сонгууль дуусвал замын чанар хэнд ч хамаагүй. Дөрвөн жилээр үр дүн нь хэмжигдэх ажил битгий байгаасай. Бид элэг бөөрөө гээх нь холгүй явдаг. Хүйтрэхээс өмнө хэлсэндээ хүрээд замаа засаж, шинэчилж дуусгаасай” гэв. Бороонд эвдэрсэн шороон замыг засаж сайжруулах багийнхан ажилдаа гарчээ. Зам засварынхан “Түр зам барих материалыг лабораториор шинжилж, стандарт, хэм хэмжээг ягштал мөрдсөн. Тээврийн цагдаагийн албатай ажлаа уялдуулж байна. Аюулгүй байдал хангах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан. Технологийн дагуу ажлаа хийж байна” гэж онцолсон.

Ц.ЦОГТБААТАР: ТҮР ЗАМ БАРИХАД 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА

Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төслийн зохицуулагч Ц.Цогтбаатар ийн ярилаа.

-Улаанбаатар-Дархан-Уулын замыг хэсэгчлэн засаж байгаа юм уу?

-204 км замыг таван хэсэгт хуваан, засаж буй. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн 84 сая ам.долларын санхүүжилтээр зам барина. Мөн түр зам барихад 6.5 тэрбум төгрөг зарцуулж буй. Тиймээс засмал болон түр зам барихад санхүүгийн ямар нэг бэрхшээл тулгарахгүй. Замын ажил зургадугаар сарын 12-нд эхэлсэн. Гүйцэтгэгчээр Хятадын дөрвөн компани шалгарлаа. Эхний компани Улаанбаатараас баруун аймгууд руу явдаг хэсгээс Баруунтуруун буюу 52-ын даваа хүртэлх замыг засаж байна. 52-ын даваанаас нааш “Урьхан”, “Урьхан”-аас Сүмбэрийн уулзвар хүртэл өөр нэг компани ажиллаж буй. Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэл дөрөв дэх компани үүрэг гүйцэтгэнэ. “Урьхан” хүртэлх замын ажил нэлээд эрчимтэй үргэлжилж байгаа. Хэд хоног бороо орсны улмаас ажил түр саатаж, удааширсан. Түр зам эвдэрсэн нь асуудал болж буй нь үнэн.

-Бороонд эвдэрсэн зам, гүүрийг засаж эхэлсэн гэсэн. Хэр хэмжээний хохирол учирсан бэ?

-Зам дагуу гүүр, ус зайлуулах хоолойг засаж эхэлсэн. Бүгдийг технологийн дагуу барьж дуусах ёстой. Гэтэл зам, гүүр, хоолойн ажил хийхэд цементийн хатах хугацаа, технологийн шаардлага хангасан норм, норматив чухал. Хэдийгээр тийм ч гэсэн түр болон хуучин засмал замыг хэсэгчлэн нээж, иргэдийг аль болох чөлөөтэй явуулж байна. 

Борооны улмаас хөрс эвдэрч хонхойж орсон. Өнөөдрөөс (өчигдөр) түр замыг засаж эхэлсэн. Сул хөрстэй, тоос шороо ихтэй газарт хайрга дэвсээд, цементээр бэхжүүлж, түр зам гаргасан. Хэчнээн төгрөгийн хохирол учирсныг тооцох боломжгүй. Ямартай ч нэмж зардал гаргахаас аргагүй болж байна.

-Үндсэн замыг засаж шинэчлэх ажил хэдэн хувьтай байна вэ?

-Хуучин засмал замын хоёр талыг засаж өргөтгөж, далан, хавтанг нь дахин ашиглаж байгаа. Замын хоёр талыг тус бүр нэг метрээр өргөсгөсөн. Сул шороотой учраас зарим хэсгийнх нь хуучин далан эвдэрсэн. Суурийг нь солихын зэрэгцээ далангаа ч янзална. Хажууд нь 4-10 метр зайд шинэ зам барина. Шинэ зам тавихдаа есөн газрыг онцгой анхаарна. Осол их гардаг даваа, гүвээг намсгаж, огцом эргэлттэй газрыг тэгшилж, сайжруулахаар төлөвлөсөн.

Зам барихдаа байгальд ээлтэй технологи хэрэглэж байгаа. Одоо ашиглаж буй хашлагуудыг дахин боловсруулж, үйрүүлээд замын доор дэвсэж хэрэглэнэ. Тиймээс хаягдал гарахгүй. Гол бэрхшээл бол байгалийн үзэгдэл. Үүнээс болж эвдрэл гарч байна. Тиймээс арваннэгдүгээр сар хүртэл аюулгүй байдлаа хангаарай гэдгийг иргэддээ захья. Бид төлөвлөсөн хугацаанд ашиглалтад хүлээлгэж өгөхөөр 24 цагаар ажиллаж буй. Удахгүй Улаанбаатар-Дархан-Уулын чиглэлийн зам дөрвөн эгнээтэй болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)