Элсэн чихрийг эх орондоо “тарих” боломжтой

Элсэн чихрийг халуун оронд ургадаг нишингэ, сэрүүн бүсэд тариалдаг чихрийн манжингаас голлон гаргаж авдаг. Дэлхийд элсэн чихрийн тариалалтаараа Бразил, Энэтхэг, Хятад, Тайланд, АНУ, Мексик, ОХУ, Пакистан, Австрали тэргүүлдэг бол манайх 100 хувь гадаадаас худалдан авдаг билээ. Манай улс жилд дунджаар 10 гаруй орноос элсэн чихэр импортолдог бөгөөд үүний ихэнхийг Тайландаас оруулж ирдэг гэх судалгаа бий. 2018 онд 61.3 мянган тонн, 28.5 мянган ам.долларын өртөг бүхий элсэн чихэр импортолсон бол өнгөрсөн жил 46.5 тонн, 19.8 мянган “ногоон”-ынхыг оруулж ирсэн байна. Сүүлийн хоёр жил элсэн чихрийн хэрэглээ, импорт буурсан нь сайн хэрэг. Гэвч дотооддоо үйлдвэрлэх боломж байсаар атал гадаадаас ийм хэмжээний өртгөөр оруулж ирнэ гэдэг харамсалтай. Тодруулбал, манай улс 1991 оноос элсэн чихрийн түүхий эд болох чихрийн манжин тариалах судалгааны ажлыг эхлүүлж, 1996 онд хамгийн таатай бүс нутгийг судалж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумыг сонгосон байдаг. Үүнээс хойш эл ургамлыг тариалах хэд хэдэн судалгааны ажил хийж, элсэн чихрийн үйлдвэр барих асуудал яригдаж байсан ч шийдэлд хүрэлгүй өнөө хүрчээ.

1942-1945 онд Оросын эрдэмтэн, академич В.Ф.Шубин Төв аймгийн Баянчандмань сумын Зүүн мухар, Батсүмбэрийн Сөгнөгөр, Баянгол гэх газарт гурван жил чихрийн манжин тарьж, манай оронд эл ургамал ургах боломжтой, сахарын агууламж нь ЗХУ-д тарьж буйтай ижил гэдгийг тогтоосон байдаг. 1996 онд элсэн чихрийн үйлдвэр байгуулахаар болсон ч ашиглалтад оруулаагүй. Үүний дараа 2011 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 90 га талбайд чихрийн манжин тарьж, үйлдвэр барихаар болсон юм. Харамсалтай нь, мөн л ажил бололгүй замхраад өнгөрсөн. Дэлхийн олон орон 1700 оны сүүлчээс чихрийн манжин тарьж, элсэн чихэр үйлдвэрлэж байхад манай улс өнгөрсөн хугацаанд ярьж, судлахаас өөр дорвитой ажил хийсэнгүй.

Монголд чихрийн манжин тариалах, үйлдвэрийн хүчин чадал, тулгарч буй зарим асуудлын талаар Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Хүнсний ногоо судлалын секторын эрхлэгч Ц.Нарандэлгэр, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ж.Төмөрхуяг нартай ярилцлаа.

ҮЙЛДВЭР БАРИХАД 140 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

-Манай улсад чихрийн манжин тариалах төслийн тендерийг 2018 онд зарлаж байсан. Төсөл ямар шатандаа хэрэгжиж байна вэ?

Ж.Төмөрхуяг: -“Монгол Улсад чихрийн манжин тариалах боломжийг судлах, элсэн чихэр боловсруулах үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулах” тендер шалгаруулалтыг хоёр жилийн өмнө зохион байгуулсан. Тооцоо, судалгааг олон хувилбараар хийсэн төслүүд дундаас хоногт 1000, жилд 210 000 тонн чихрийн манжин боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хамгийн боломжтой гэж үзсэн. Эл үйлдвэр жилд дунджаар 31 500 тонн элсэн чихэр үйлдвэрлэж, импортын 61 орчим хувийг хангах боломжтой гэх тооцоо гарсан юм. Элсэн чихрээс гадна малын тэжээл, спирт зэрэг дайвар бүтээгдэхүүн ч үйлдвэрлэнэ. Одоогоор олон улсын байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад шалгарсан төслийг танилцуулж байна.

-Өнөөг хүртэл дотооддоо эл ургамлыг яагаад тариалаагүй юм бол. Ямар нэгэн асуудал тулгарсан уу?

-Чихрийн манжинг дотооддоо тариалахад газар тариалангийн ямар нэгэн асуудал байхгүй. Манайд тарьсан эл ургамлын элсэн чихрийн агууламж нь чихрийн үйлдвэр байгуулах стандартад нийцэж байгааг туршилтаар баталсан. Элсэн чихрийн үйлдвэр байгуулах, усалгаатай талбайд чихрийн манжин тариалахад 125-140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Мөн багадаа 6000 га талбайн усалгааны системийг шийдэж, чихрийн манжин тариалж байж дотоодын хэрэгцээгээ хангах юм. Тарих газар, санхүү нь шийдэгдээгүй учир манай улс элсэн чихэр үйлдвэрлэж чадахгүй байгаа хэрэг. Шалгарсан компанийнхан тариалалтыг хийх, эсэхээс хамаарч хөрөнгө оруулалтын хэмжээ өөр байх болов уу.

-Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх талаар манай яамнаас судалгаа хийж байгаа. Ойрын хугацаанд ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Үүний дараа л чихрийн манжин тариалах, үйлдвэр барих, эсэх нь тодорхой болно.

НЭГ ГА ТАЛБАЙГААС ЕСӨН ТОНН САХАР ХУРААН АВЧ БОЛНО

-Манай улсад чихрийн манжин тариалах судалгааны ажил өдгөө ямар түвшинд байна вэ?

-Ц.Нарандэлгэр: 1990 онд Монгол Улсын Засгийн газраас “Элсэн чихэр” хөтөлбөр хэрэгжүүлэн, манай хүрээлэнтэй хамтран чихрийн манжингийн судалгааны ажил эхлүүлсэн. Үүнээс өмнө агрономич Д.Санжаа Оросын эрдэмтэн В.Ф.Шубинтай хамтран эл ургамлыг судалж байсан юм. 1990-1995 онд А.Жүгдэр, Ц.Нарандэлгэр, Б.Одончимэг зэрэг судлаач хамтран чихрийн манжингийн 40 гаруй сортыг судалж, Өвөр Монголын “N5”, Украины “БУМС-32” сортын чихрийн гарц илүү болохыг тогтоосон байдаг. Нэг га талбайд тарьсан дээрх сортын чихрийн манжингаас 5.5-7.3 тонн сахар авах боломжтой. Мөн техникийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Түмэн Сэлэнгэ аймгийн Зүүнхараад Украины А.И.Коломиец, Н.М.Катеринчук зэрэг судлаачтай хамтран чихрийн манжин тарьж ургуулах, элсэн чихэр, ёотон үйлдвэрлэх үйлдвэрийн техник, технологийг судалсан байдаг. Дараа нь 2018 онд Орос, Герман, Дани зэрэг орны 10 сортыг давтан туршилтад оруулж байв. Энэ мэтчилэн манай орны нөхцөлд чихрийн манжин тариалах боломжтой, эсэхийг олон судалгааны ажлаар баталсан бөгөөд ашигтай сортыг нь ч үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, сортыг оновчтой сонгон тариалбал үйлдвэрлэлийн илүү зардал гаргахгүйгээр ургацыг 25-30 хувиар нэмэгдүүлэх боломжтойг шинжлэх ухааны үүднээс баталсан гэсэн үг. Чихрийн манжинтай холбоотой судалгааны ажил олон бий.

-1996 онд эл ургамлыг тарих хамгийн тохиромжтой бүс нутгаар Сэлэнгэ аймгийг нэрлэж байв. Эрс тэс уур амьсгал, цөлжилтөөс шалтгаалан газар тариалангийн бүс ч багагүй өөрчлөгдсөн. Өдгөө чихрийн манжинг тарихад хамгийн тохиромжтой газрыг нэрлэхгүй юү?

-Чихрийн манжинг манай орны тариалангийн төв болон зүүн бүс нутагт ургуулах боломжтой. Гэхдээ тухайн сортын онцлогийг сайтар мэдэж, тохирсон газарт нь л суулгах шаардлагатай. Чихрийн манжин нь үртэн таримал бөгөөд эхний жилдээ таваарын ургац (элсэн чихрийн үйлдвэрийн үндсэн түүхий эд) өгдөг. Хоёр дахь жилээсээ таваарын ургацаа тарьж үр гарган авдаг юм. Ургуулахдаа таримлын сэлгээг зөв мөрдөх, усалгаатай нөхцөлд тариалан эрхэлж, хөл газрын ургамал, хортон шавжтай тэмцэх арга хэмжээг тогтмол хийх шаардлагатай. Ялангуяа тариалан эрхэлж буй бүс нутагт элсэн чихрийн үйлдвэр барьж байгуулах, тээвэрлэх зам, тээврийн асуудлыг нямбай шийдвэрлэх хэрэгтэй. Нэгэнт ашиглалтад оруулсан элсэн чихрийн үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах шаардлагатай тул тарих газраа зөв сонгож, ургацаа тогтмол хураадаг болох нь чухал.

-Нэг га газраас хэдий хэмжээний сахар хураан авах боломжтой бол?

-Манай оронд чихрийн манжинг ургуулах агротехнологийг зөв мөрдөж, арвин ургац авах боломжтой. Түүгээр ч зогсохгүй манайд тариалсан чихрийн манжингийн үндэс, үрэнд агуулагдах сахарын агууламж зарим орныхоос өндөр үзүүлэлттэй гарсан удаатай. Үүнд хөрс, цаг уурын хүчин зүйл ихээхэн нөлөөлж буйг туршилтаар баталгаажуулсан. Монголд тарьсан чихрийн манжингийн сахарын агууламж 12.5-22.3 хувьд хүрдэг. Сорт, тариалах газраа зөв сонговол нэг га талбайгаас 5.8-9 тонн элсэн чихэр хураах боломжтой гэсэн үг.

-Хэрэв чихрийн манжинг тариалж эхэлбэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой юу?

-Томоохон талбайд таривал бүрэн боломжтой. Чихрийн манжин нь элсэн чихрийн үйлдвэрийн түүхий эд болохоос гадна үлдэгдэл их ялгаруулдаг ургамал. Дайвар бүтээгдэхүүн болох шаар, биомасс зэргийг нь биотүлш болгон ашиглах боломжтой. Тиймээс чихрийн манжинг тариалах аж ахуйн нэгж, тариаланчдыг дэмжих, элсэн чихрийн үйлдвэрийг бодлогоор дэд бүтэцтэй нь хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Засгийн газар болон холбогдох яамд нь дотоодын элсэн чихрийн үйлдвэрлэлд анхаарлаа хандуулах цаг нь болсон