Элдэвтэй хөршийн “эрх” зангаас салцгаая

Дуу шуугиан, орчны чимээ хүнд хоёр төрлөөр нөлөөлдөг байна. Навчис сэрчигнэх, шувуудын жиргээ, гол, горхи хоржигнох зэрэг байгалийн чимээ хүнд эергээр нөлөөлөн тайвшруулж, уураг тархиар дамжин эмчилгээ болдог. Харин хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй буюу автомашины дуут дохио, элдэв төрлийн техникийн чимээ нь ядраах, бухимдуулах, даралт ихэсгэх, сонсголын эрхтэнг гэмтээх зэрэг хор уршигтайг эрдэмтэд тогтоосон байдаг.

Ялангуяа иргэд олноор суурьшин амьдрах болсон өнөө цагт амар тайван байх нь бараг л мөрөөдөл болоод буй. Улаанбаатарынхан, тэр дундаа хотын төв орчимд оршин суудаг иргэдэд дуу чимээнээс холдоно гэсэн ойлголт бараг үгүй. Наанадаж замын хөдөлгөөнд оролцож, түгжрээнд бухимдсан олон зуун иргэний автомашины дуут дохионы чимээ хэзээ ч тасрахгүй нь ойлгомжтой. Арай ядан хөл хөдөлгөөн намжиж, түгжрэл буурах үед гоё машин, сэтгэлийн хөөрлөө “гайхуулах” гэсэн залуусын эрэн үе эхлэх нь тэр. Хүчтэй хөдөлгүүр тэй, спорт загварын автомашины орилох чимээ нь ойр орчмын хэн нэгний амгалан тайван байдлыг алдагдуулж байгааг тэд ойлгодоггүй нь харамсалтай. Мөн дулааны улиралд барилгын ажлын бараг бүх л шат дамжлагыг шөнөжин “чагнасаар” үүр цайлгадаг нь хэдийн танил болжээ. Учир нь өдөржин хутгалдсан хотын дуу чимээнээс арай ядан “салсан” иргэд гэртээ ирээд амрах, эсэх нь дахиад л хэн нэгнээс хамаардаг.

Нэгэн танил минь гэр бүлдээ өдөр тутамд тохиолддог ийм нэгэн зовлонгоо хуучиллаа. Залуу гэр бүлүүдийн нэгэн адил орон сууц түрээслэн амьдарч байхдаа ёстой л есөн шид нь бүрдсэн хөрштэй байж гэнэ. Тодруулбал, хөрш айлынх нь гэрийн эзэн байнга согтуу ирдэг бөгөөд тэгэх бүртээ гэрээ андуурч, шөнөжин хаалгыг нь цохино. Заримдаа эхнэр нь согтуу нөхрөө гэртээ оруулахгүй хэмээн гөжүүдэлснээс нэг орцны 5-6 айл хаалга балбах, согтуу хүний орилох чимээнд шөнийг өнгөрөөдөг байжээ. Олон дахин цагдаад мэдэгдэж асуудлыг шийдүүлсэн ч сүүлдээ цагдаа нар ч тоохоо больсон гэнэ. Нялх хүүхэдтэй, залуу гэр бүл хөршөөсөө залхаж, арга тасрах үед арай гэж өөрийн гэсэн орон сууцтай болсноо хамгийн азтайд тооцон, өнөөх “аймшигт” газраасаа нүүжээ. Гэтэл дахиад л нэг ааш нь олдохгүй хөрш угтах нь тэр. Дунд сургуульд сурдаг, 12-13 насны хүүхэд нь орой болмогц хөгжим чангалж, дэвхэцсэнээр мөн л нойроороо торгуулна. Эхлээд “Хүүхдийг аашилж загнаад яах вэ, болих байлгүй” хэмээн тэвчсэн ч нөхцөл байдал дээрдэх шинжгүй тул ээжид нь хэлтэл арай л зодуулчихаагүй гэнэ. Учир нь “Өөрөө хүүхэд байгаагүй юм шиг миний хүүхдийг ад үзлээ. Тийм сүрхий юм бол хаусандаа очиж амьдар” гэжээ. Гэтэл саяхнаас дахиад л нэг “там” нэмэгдэж. Учир нь “ээжийн эрх хүү” нохойтой болжээ. Хүүг хичээлдээ явсан хойгуур ээж нь нохойгоо харж ханддаг бөгөөд орцондоо бие засуулах нь энүүхэнд. Заримдаа өөрсдөө нохойноосоо төвөгшөөж тагт дээрээ хонуулснаар нэг орц бүү хэл нэг байрныхныг сэртэл ульж, хуцсаар үүр цайлгасан байна. Энэ мэт өөрсдөө л болж бүтэж байвал бусдын амар тайван байдалд өчүүхэн ч анхаардаггүй, хүн чанар байдаггүй юм гэхэд хуулийн мэдлэг дутмаг хүн олон.

Өөрөөр хэлбэл, сахилгагүй хүүхэд, агсам аав, гэрээ гоёх дуртай нэгнээс болоод амрах хугацаагаа алдаж, нойрсох эрхээ хасуулж буй иргэд олон. Үүн дээр шашин шүтлэгийн зан үйл ч нэмэгдэж буй. Хаанаас гараад байгаа нь мэдэгдэхгүй түн тан гэх чимээ гэнэт цочоож, барилгын чанарыг шалгах гэсэн шиг хоолой хорсгом арц, гангын үнэр ханхлуулж, хэл ам хийсэн хөршдөө “Танайх ч бас сайн сайхныг нь хүртэж байна” гэх мэтээр хариулдаг нэгэн ч бий. Тэртээ тэргүй дахиж барихаас нааш засрахааргүй баригдсан Улаанбаатарын чанаргүй барилгуудаас болж хөршийнхнийхөө алхах гишгэх бүрийг “тандаад” суудаг тэдэнд хэт чанга хөгжим, хүүхдийн зогсолтгүй пижигнэх чимээ, бөөгийн хэцний дэлдэлт зэрэг нь хэрхэн сонсогдох нь ойлгомжтой биз. Уг нь дээр дурдсан шашин шүтэх, амьтан тэжээх, хөгжим сонсох зэрэг нь хувь хүний эрх боловч нийтээрээ оршин суудаг орон сууцанд бусдыгаа хүндэлж, ядаж амрах үед нь тайван байлгах нь хуулийн дагуу ч, хүн чанарын хувьд ч анхаарах ёстой асуудал.

Энэ бүхэнд бухимдсан болон нийтийн орон сууцанд амьдарч буй иргэдийн амгалан тайван байдлыг алдуулахгүйн тулд Зөрчлийн тухай хуульд тусгайлан зааж, 2017 оны долдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд 22.00-06.00 цагийг хүний амарч, тайван байх хугацаа гэж үзжээ. Энэ хугацаанд нийтийн зориулалттай орон сууцанд оршин суугаа иргэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хувь хүнийг 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгох заалт тусгасан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэд цагдаагийн байгууллагад хандах нь ихэсжээ. Энэ он гарснаас хойш эхний нэг сард гэхэд дээрх зөрчлийн улмаас 260 иргэнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн талаар нийслэлийн Цаг даагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан мэдээлсэн. Нийслэлийн хэмжээнд өдөрт гэмт хэргийн шинжтэй 1200-1500 дуудлага хүлээн авдгаас 8-9 нь дээрх зөрчилд хамаардаг аж. Цагдаагийн алба хаагчид иргэдээс ирсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгахад дээрх зөрчилд холбогдсон иргэд хуулийн мэдлэг дутмаг байдаг нь анзаарагддаг гэлээ. Хуулиа мэддэг нэг нь ийнхүү хариуцсан байгууллагад нь хандаж, амрах эрхээ олж авч буй ч дээрх танил шиг минь яах учраа мэдэхгүй байгаа хэдэн хүн нойроо хулжаан, үүр цайхыг хүлээдгийг таашгүй.

Эл асуудлыг олон улсад аль хэдийн шийдвэрлэж, хэрэгжүүлээд эхэлчихэж. Дэлхийн бараг бүх томоохон хотод шөнийн цагаар автомашины дуут дохио ажиллуулахыг хориглож, зөрчсөн этгээдийг торгодог аж. Мөн шөнийн цагаар төмөр замын станцаар чанга яриулахыг нь хориглож, барилгын ажлыг 22.00-07.00 цагт зогсоодог байна. Зөрчсөн тохиолдолд мөн л хэтэвчтэй нь тооцоо боддог тогтолцоо бий болоод уджээ. АНУ-д гэхэд л ийм төрлийн зөрчил гаргасан иргэнийг 25 000 доллароор торгох буюу нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог аж. Зарим соёлтой улсад хөгжмийн чимээг хөршөд, эсвэл гудамжинд сонсогдохоор чангалсан зэргээс нь шалтгаалан торгуулийн хэмжээг тогтоодог байна. Түүнчлэн дуу шуугианы эрүүл ахуйн норм тогтоох нь богино болон урт хугацааны нөлөөллөөс хүнд үзүүлэх сөрөг өөрчлөлт, өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдах зэргээс сэргийлэх ач холбогдолтойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоожээ. Дуу, чимээний чанга, сулын хэмжээг децибелль (дБ)-ээр хэмждэг. Жишээлбэл, хүний шивнэн ярих чимээний түвшин 20, 1-2 метрийн зайд хоёр хүний хэвийн яриа 60, ачааны машины дуу 90, хийн даралтын алх 100, рок хөгжим 110, B747 онгоц хөөрөхөд 120 дБ байдаг бөгөөд дБ-ийн хэмжээ 130-аас дээшилбэл чих өвдөж, цаашлаад хэнгэрэг хагарах аюултай аж.

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хотын дуу шуугианы стандарт хэмжээ 07-23 цаг буюу 16 цагийн дунджаар 60 дБ, 23-07 цаг буюу найман цагийн дунджаар 45 дБ-ээс хэтрэхгүй байх ёстой гэж заажээ. Тус байгууллагын удирдамж ёсоор хүрээлэн буй орчны дуу чимээ нь унтлагын өрөөнд 30 дБ (А)-ээс бага байхыг нойр хэвийн гүн нойрсох, анги танхимд 35 дБ-ээс бага байхад хичээл заах болон суралцах тохиромжтой нөхцөл гэж үздэг байна. Мөн баримталдаг чиг шугамын дагуу шөнийн дуу чимээ нь жилийн дунджаар 40 дБ -ээс бага байх хэрэгтэй хэмээн үздэг аж.

Манайд дээрх хэт өндөр соёлыг шаардахаа түр азная. Ядаж хөршийнхөө хөгжмийн сонирхлоос болж шөнийн нойроо хугасалдаг байдлыг бүрмөсөн зогсоож дараагийнхаа “тансаглал” руу ойртох боломжтой болох биз.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)