“Элгээ хайрлая” аян улс орон даяар өрнөж байна

“Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 22-ноос эхлэн “Элгээ хайрлая” аяныг улс орон даяар зарлалаа.

Монгол Улсын ЭМСЯ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, "Оном" сангаас зохион байгуулж буй аяны зорилго хүүхэд залуучууд, олон нийтэд вируст хепатит өвчний хор уршиг, үр дагаврыг таниулан мэдүүлж, урьдчилан сэргийлж, өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хамт олноо хамгаалахад туслах, мэдлэг олгоход чиглэгдэж байгаа юм.

Аяны хүрээнд зохион бичлэг, гар зургийн уралдаан, зурагт хуудас, постер плакатны загварын уралдаан, нийтлэл, богино өгүүллэгийн уралдаан, богино хэмжээний кино уран сайхны буюу анимейшн төрлөөр уралдаан тус тус зарлаад байна.

Мөн эрдэм шинжилгээний хурлыг тусад нь зарлахаар болжээ. Уг аяны шагналын сан 10 сая төгрөг бөгөөд уралдаанд ирүүлсэн бүх бүтээл нь “Эрүүл элэг” хөтөлбөрийн албан ёсны материал болох юм. Уралдаанд шалгарсан бүтээлүүд Дэлхийн хепатитын өдөр, Дэлхийн элэгний өвчлөлтэй тэмцэх байгууллагуудаар Монгол Улсаа төлөөлөн сурталчилна.

Өнөөдөр Монгол Улсад хепатитын вирусын халдвартай 400 мянган хүн байна. Манай улс 100 мянган хүн тутам дахь элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа төдийгүй энэ үзүүлэл нь дэлхийн дунджаас даруй найм дахин их байгаа юм.

Хамгийн их сэтгэл түгшээж буй нь ДЭМБ болон Монгол Улсын мэргэжлийн байгууллагуудын дүгнэж байгаагаар элэгний хорт хавдар, хатуурлын нас баралт цаашид улам нэмэгдэх, нас баралт залуужих төлөвтэй байна. Иймээс ч “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд элэгний С вирусыг эмчлэх эмчилгээний удирдамжийг боловсруулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)