“Экспорт Монгол-2019” чуулга уулзалт эхэллээ

“Экспорт Монгол-2019” бизнес чуулга уулзалт эхэллээ. Энэ сарын 28-29-нд хоёр өдрийн турш үргэлжлэх тус чуулганд 10 гаруй орны зочид, төлөөлөгчид, хувийн хэвшлийн 350 гаруй экспортлогч болон экспортод чиглэсэн үйл ажиллагаа эхлүүлж буй ААН, байгууллагын төлөөлөл, нийт 1000 гаруй хүн оролцох юм. Тэд экспортын боломжийг эрхзүйгээс эхлээд үйл ажиллагааны явц, экспортын нөхцөл байдалтай холбон ярилцаж, цаашид экспортод “Нэг бодлого-Нэг гарц-Нэг шийдэл”-д хүрэх талаар хэлэлцэнэ.

Энэ үеэр экспортын чиг баримжаатай ААН-үүдэд зориулсан сургалт семинар болохоос гадна тэдний бараа бүтээгдэхүүний “Монгол Брэнд” үзэсгэлэн-худалдаа хоёр өдрийн турш үргэлжлэх юм. Үзэсгэлэн-худалдаанд хамгийн идэвхтэй оролцож буй ААН-ийг тодруулж, ирэх оны хоёрдугаар сард Япон улсад болох “Монголд үйлдвэрлэв-2020” үйл ажиллагаанд оролцуулна. ХХААХҮЯ, ГХЯ, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк, Үндэсний Брэндийн зөвлөл зэрэг байгууллага тус арга хэмжээг дэмжин оролцох гэж байна. “Экспорт Монгол-2019” бизнес чуулга уулзалтад Турк, Япон улсын ЖДҮ-ийг хариуцсан байгууллагын удирдлага, төлөөлөгчид, мөн Филиппин улсын экспорт, импортын агентлагийнхан ирж оролцох юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)